Иргэдийн саналаар орон нутагт нарны хавтантай гэрэлтүүлэг, ухаалаг худаг барьжээ

Төв аймгийн Баян суманд иргэд Орон нутгийн хөгжлийн сангаас 2022 онд хэрэгжүүлэх ажилд саналаа өгснөөр нарны зайн хураагууртай хавтантай гэрэлтүүлэг, ухаалаг худагтай болжээ.

Иргэд ийнхүү өөрсдийн саналаар, татварт бүрдсэн мөнгөнөөс өөрсдөд оногдох хэсгийг орчныхоо тохижилтод зарцуулж байгаадаа сэтгэл хангалуун байна.

Орон нутгийн хөгжлийн сан нь орчин тойронд нь тулгамддаг асуудлаа иргэд нь өөрсдөө тодорхойлон гаргаж саналаа өгдөг, түүнийх нь дагуу саналыг нь хэрэгжүүлдэг төсөв юм.

Бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах, иргэдийн тогтвор суурьшилтай амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн уг систем нүдээ олж байгаа талаар үр шимийг нь хүртсэн иргэд ярив.

Төв аймгийн Баян сумын Цавчир 3-р багийн засаг дарга Ү.Бат-Эрдэнэ “Иргэдийн идэвх жил ирэх тусам сайжирч байна. Өнгөрсөн жил иргэдээс цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн тоглоомын талбай барих, дулааны шугам өргөтгөх, дотуур байрны засвар зэрэг саналууд ирсэн.

Ү.Бат-ЭрдэнэҮ.Бат-Эрдэнэ

Эдгээрээс нэн тэргүүнд ухаалаг худагтай болох санал дэмжигдсэн бол гэрэлтүүлгийн санал хоёрт эрэмбэлэгдсэн. Улмаар батлагдсан саналуудыг ОНХС-ийн төсвөөр хэрэгжүүлсэн. Өмнө харанхуй байсан газарт гэрэлтүүлэг тавьсан нь орой үдэш алхахад аюулгүй, таатай болсон” гэв.

Баг, сумын төвийн иргэд ихэвчлэн орчны тохижилтын санал гаргаж байгаа бол малчид, тариаланчид бэлчээр, талбай хаших, худаг гаргах зэрэг аж ахуйн саналууд дэвшүүлдэг аж.

ОНХС-ийн төсвөөр байгуулсан гэрэлтүүлэгОНХС-ийн төсвөөр байгуулсан гэрэлтүүлэг

Энэ талаар Төв аймгийн Баян сумын засаг дарга М.Мөнх-Эрдэнэ “Сумын төвд байгаа иргэд гудмын тохижилт, камержуулалт, гэрэлтүүлэг зэрэгт ихэвчлэн санал өгдөг бол хөдөө аж ахуй талдаа худаг гаргах, бэлчээр хаших, мал угаалгын сан барих зэрэг саналуудыг өгдөг. Гэрэлтүүлэг, камержуулалт зэрэг нийтийг хамарсан ажлууд нь иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлдэг.

М.Мөнх-ЭрдэнэМ.Мөнх-Эрдэнэ

2016-2018 оны үед Баян сумын иргэдийн санал өгөх идэвх бага байсан. Иймд иргэдийн идэвхийг нэмэгдүүлэх, мэдээллийг ил тод байлгах тал дээр ажилласан.

Үр дүнд нь 2016 онд Орон нутгийн хөгжлийн сангийн Жилийн гүйцэтгэлийн үнэлгээгээр Төв аймагтаа 26, улсад 315-д байсан Баян сум 2019 онд аймагтаа 1-рт, улсад 30-р байрт орсон бахдам амжилтыг үзүүлсэн. Энэ бол иргэд саналаа идэвхтэй өгч зөв ажлуудаа хэрэгжүүлсний ач юм” хэмээв.

Цаасаар болон бүлгийн ярилцлага хэлбэрээр саналаа өгдөг байсан иргэд энэ жилээс орон даяар цахимаар, гар утасны аппликейшнээр санал саналаа өгөх боломжтой болсон. Энэ нь цаг хугацаа, зардал хэмнээд зогсохгүй санал өгөх иргэдийн тоо, идэвхийг нэмэгдүүлж байгаа юм.

Төв аймгийн Баян сумын Цавчир 3-р багийн иргэн Г.Батсайхан “Энэ жил санал асуулга цахимд шилжиж байгаа нь илүү нээлттэй болж байгаагийн илрэл. Ямар төсөл хэдэн хүний санал авч, ямар саналууд нь дэмжигдсэн зэргийг цахимаар харах боломжтой болсон давуу талтай. Бид өөрсдөө саналаа өгөөд, санал өгсөн ажил нь шийдэгдээд яваад байхаар сэтгэл ханамжтай байдаг” гэв.

ОНХС-ийн төсвөөр байгуулсан цэцэрлэгт хүрээлэнОНХС-ийн төсвөөр байгуулсан цэцэрлэгт хүрээлэн

Www.onhs.mof.gov.mn цахим хуудас, “Орон нутгийн хөгжлийн сан” аппликейшнийг ашиглан иргэн саналаа өгөхөөс гадна аймаг, нийслэл, сум, дүүрэгтээ хуваарилагдсан ОНХС-ийн төсөв, иргэдийн гаргасан санал, ИНХ болон ИТХ-ын тогтоолуудаар баталсан жагсаалт, тендер шалгаруулалт, ажлын явц, санхүүжилтийн хуваарь зэрэг олон төрлийн мэдээллүүдийг харах боломжтой.

АППЛИКЕЙШН АШИГЛАХ ЗААВАР

Нүүр хэсэг

Аппликейшний “Нүүр” хэсэгт 2022 онд ОНХС-д батлагдсан нийт төсвийг зарцуулалтын салбараар нь ангилж харуулдаг. Мөн та төсвийн жил буюу оноо сольсноор өмнөх жилүүдийн мэдээллийг үзэх юм.

Төлөвлөлт

Төлөвлөлт хэсгээс иргэдийн анх өгсөн саналууд, түүнийг ИНХ-аар хэрхэн баталсан, цаашлаад “ОНХС-ийн ажлын хэсэг”-ээр хэрхэн эрэмбэлсэн, хамгийн сүүлд ИТХ-аар хэрхэн баталсан зэрэг төлөвлөлтийн үе шатуудыг өөрийн сум, дүүрэг, баг, хороогоор сонгон харах боломжтой.

Хэрэгжилт

Хэрэгжилт хэсгээс энэ ажилд хэдэн иргэн саналаа өгсөн, ямар хугацаанд хэрэгжих, гэрээний дүн, тендер шалгаруулсан журам, шалгарсан гүйцэтгэгч компани, тухайн ажлын явц хэдэн хувьтай, ямар шатандаа хэрэгжиж байгаа зэргийг гэрэл зургийн хамт харж чадна.

ОНХС-ийн хөрөнгийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх ажилд иргэдээс хэрхэн санал авах вэ?

Иргэдийн санал авах хэсгээс дараа онд ОНХС-ийн төсвөөр ямар ажил хэрэгжүүлэх талаар иргэний саналыг авдаг. Та гурван төрлийн санал өгөх боломжтой.

  • Үүнд, танай сум, дүүргийн ЗДТГ-аас дараа онд хэрэгжүүлэхээр санал болгож буй ажлыг дэмжиж буй эсэх,
  • Хоёрдугаарт, танд өөрт дараа оны ОНХС-аар хэрэгжүүлэхэд санал болгох ажил байгаа эсэх,
  • Гуравдугаарт, “Малын тоо толгойн албан татвар”-ын эх үүсвэрийг зарцуулахад өгөх санал буюу ОНХС-д цугласан “Малын тоо толгойн албан татвар”-ын эх үүсвэрийг мал аж ахуй, бэлчээрийн менежменттэй холбоотой ажлуудад зарцуулахад иргэдээс санал авдаг.

Иргэн аппликэйшнээр гаргаж буй саналуудаа нэг л удаа илгээх боломжтойг тул саналуудаа дахин хянаж үзээд анхааралтай илгээнэ үү.

Туслах цэс

Туслах цэсээс ОНХС-тай холбоотой мэдээ мэдээлэл үзэх, хууль эрх зүйн ойлголт авах, мөн баг, хороондоо хандсан өргөдөл, гомдол илгээж, ОНХС-ийн талаар гарын авлагыг ашиглаж болно.

Саналаа хэрхэн өгөх вэ?

  1. Play Store болон App Store-оос “Орон нутгийн хөгжлийн сан” гэж хайх, эсвэл QR код уншуулан аппликейшнээ татаж авах.
  2. Аппликейшн рүү нэвтрэхэд “ОНХС-ийн мэдээлэл”, “Санал өгөх” гэсэн хэсгүүд гарч ирэх бөгөөд “Санал өгөх” хэсэг рүү дарж нэвтэрнэ.
  3. Санал өгөх хэсэгт дарахад E-Mongolia ДАН системээр бүртгэлээ баталгаажуулан нэвтэрнэ.
  4. Нэвтэрсний дараа ОНХС аппликейшнээс таны иргэний үнэмлэх, хаягийн мэдээлэлд хандах  хүсэлт гарч ирэх ба “зөвшөөрөх” товчийг дарснаар санал өгөх боломжтой болно. Энэ нь та зөвхөн орон нутгийнхаа харьяаллаар давхардалгүй саналаа өгөх боломжийг бий болгож байгаа болно.
  5. Аппликейшний санал өгөх хэсгийн “санал асуулга” талбарт гурван сонголт байрлана. Сонголт бүр дээр саналаа өгнө.
  6. Санал нэмж дууссаны дараа илгээх товчийг дарснаар таны саналыг ОНХС-ийн удирдлагын мэдээллийн системд бүртгэнэ. Цахим саналуудаа нэг иргэн нэг л удаа илгээх боломжтойг анхаарна уу

Leave a Reply

%d bloggers like this: