Ч.Уранхолбоо: 6 дахь ХҮҮХДЭЭ ТЭЭЖ БУЙ ЖАРГАЛТАЙ ЭЭЖ

“Тод гэрэлтэх бүсгүй” номын зохиолч, URANKHOLBOO үсний мистээ зах зээлд нэвтрүүлэн урлагийн салбараас бизнесийн ертөнцөд өрсөлдөж яваа Ч.Уранхолбоогийн ертөнцийг бид тольдов. Ч.Уранхолбоо 5 сайхан гүнжээ дахин дүүтэй болгохоор 6 дахь хүүхдээ тээж яваа аж.

Хүний харц туулсан амьдрал, замналыг үгүйлэх толь юм. Хөл хүнд болсон ч Ч.Уранхолбоо дайчин төрх, тод өнгийн хувцаслалтаас татгалзахгүй, стильдээ үнэнч эмэгтэй гэдгийг олж харсан юм.

Ярилцлага авахаар болзсон газраа очтол хөл хүнд биетэй Ч.Уранхолбоо нөхрийн хамт сууж байв. Түүний нөхөр эелдгээр мэндлээд бидний ярилцахыг хэсэг ажиглан суулаа. Үнэхээр л Busy Mom влог дээр гардаг шиг үг дуу цөөтэй залуу байв.

Богино хугацаанд их амжилтын эзэд болсон ГАЛА хамтлаг

Одоогоос 18 жилийн өмнө бүүдгэр нийгмийг тод өнгийн хувцаслалтаар чимж, ГАЛА хамтлаг байгуулагдаж байлаа. Гала хамтлаг байгуулагдах үеэс л өсвөр насны охид тэднийг дуурайж хувцасласан, өнгө өнгийн шулуун хээтэй гидр өмсөж, үсээ тод өнгөөр будуулах мода дэлгэрч билээ.

Гала хамтлаг байгуулагдаад 3 сарын дараа анхны цомгоо гаргаж, 8 сарын дараа бие даасан тоглолтоо хийж байв. Богино хугацааны асар их амжилт бол чадварлаг уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, уйгагүй хөдөлмөрлөсний үр дүн юм.

Хэрвээ өнгөрсөн үе рүүгээ буцах боломж гарвал ямар алдааг хамгийн түрүүнд засах байсан бэ гэх миний асуултад “Тухайн үед Галагийн менежерээс болж бидний дунд үл ойлголцол үүсэж, хамтлаг тарсан юм. Би тэр үед найзаасаа яасан ч холдох ёсгүй байсан. Хүний бардам зан хөдлөхөөрөө юуг ч үгүйсгээд өөрийн бодолдоо бат итгэчихдэг шүү дээ!” хэмээсэн юм.

Гэхдээ тэрхүү үл ойлголцол түр зуурын л асуудал байсан. Ану, Болороо хоёр одоог хүртэл үүрдийн найзууд бас завгүй ээжүүд болсон. Амьдрал яг л харвасан сум шиг…

Фентэйгээ гэрлэсэн Ч.Уранхолбоо

Ч.Уранхолбоо үерхэл, хайр дурлал, эр нөхрийнхөө тухай ярихдаа хажууд нь хэтэрхий их магтаад байна уу даа гэсэн харцаар үе үехэн нөхөр лүүгээ харна. Нөхөр нь ч түүний харцыг ойлгосон бололтой бид хоёрыг үлдээв. Анх соло уран бүтээлээ хийхдээ клипээ ихэвчлэн WANTED студиэр хийлгэдэг байв. Wanted студийн продюсер нөхрийнх нь эгч, ирээдүйн хадам эгч нь болно гэдгийг хэн төсөөлөхөв.. Харин түүний нөхөр Гала хамтлагийн Ану байх үеэс шохоорхон харж, “би энэ бүсгүйтэй л сууна” гэж өөртөө нүүр бардам хэлдэг байж… Зарим эрчүүдийн хувьд өндөр босго, халдашгүй хэрмийг түүний нөхөр нурааж чадсан.

Шалгуур давсан насан туршийн хань

Ч.Уранхолбоо аавдаа өгсөн амлалтаар амьдарч, хөнгөн хийсвэр, ганц удаагийн явдал бус насан туршийн хань болох хүнд л сэтгэлээ нээхийг боддог байв. Харахад энхрий ялдам мэт боловч Ч.Уранхолбоог найзууд нь муухан эр хүнээс дээр шударга бүсгүй гэж дүгнэдэг. Нөхөртэйгээ анх танилцаад л Ч.Уранхолбоо “Цаг зуур өнгөрөөсөн харилцаа надад хэрэггүй. Миний тавьж буй шаардлагууд нийцэхгүй байвал хоёулаа эртхэн больсон нь дээр гэж хэлсэн. Тухайн үед нөхөртөө шулуухан л хэлчихдэг байсан” гэж хэлээд инээв. Нөхөртэйгээ дотно харилцаанд ортлоо бүтэн нэг жилийн турш тухайн хүнийг таних үүднээс найзын хүрээнд харилцаж байснаа нуусангүй. “Нэг өдөр би санаандгүй эгчтэйгээ харилцан мессенжер чаатыг нь уншчихсан юм. Тэгсэн чинь “Надтай их хашир хандах юм. Би түүнийг түр зуурын зугаа цэнгэл мэтээр ерөөсөө хардаггүй. Яагаад ч юм тэр мессэжнээс чин сэтгэлээсээ хандаж байгаа нь мэдрэгдсэн.” Тухайн үед Ч.Уранхолбоо эго өндөртэй бүсгүй байсан учраас болзоонд цаг гаргах гэж яарахгүй, гаргасан ч олны дунд байхдаа ямар зан авир гаргаж байгааг, эмэгтэй хүнтэй хэрхэн харьцаж байгааг ажиглах түвшинд харилцдаг байжээ. Тэр бүхэнд нөхөр нь нэг л зангаараа, худал дүр эсгэдэггүй байсан нь түүнд таалагджээ.

Гэрлэлтийн гэрээ хийх нь буруу зүйл биш

Олон мянган хосууд үл ойлголцлоос болж салж, хоёр тийш болдог. Шүүхийн тавцан дээр зөвхөн эд хөрөнгийн маргааны асуудлыг шийддэг болохоос биш хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндийг чухалчилж үздэггүй. Тиймдээ ч эмэгтэй хүний үнэ цэн, гоо сайхан, цаг хугацаа, хүүхдүүдийнхээ эрх ашгийн төлөө нөхөртэйгөө гэрлэлтийн гэрээ хийхэд буруудах зүйлгүй. Би анх нөхөртэйгөө гэрлэлтийн гэрээ хийнэ гэхэд маш их гайхаж “Чи надад үнэхээр итгэдэггүй юм уу?” 3 хоног бодох хугацаа өгөхийг хүссэн. Мэдээж бидний хайр итгэлцэл, хүндлэл дундаас бий болсон.

Бурхнаас ирсэн бэлгийг буцаах эрх бидэнд байхгүй

“Өөрөө би амьдардаг болохоор
Өнгөт цэнхэр дэлхий минь хөөрхөн”
Энэ бол түүний ХӨӨРХӨН ДЭЛХИЙ дууны бадаг… Энэ дууны клипнээс түүнийг хүүхдэд хязгааргүй хайртай байсныг харж болно. Хөөрхөн Дэлхий ТББ, Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран 20 мянган өнчин болон траншейны хүүхдүүдэд туслах төслийг Ч.Уранхолбоо зохион байгуулж байв.
Аяны хүрээнд бяцхан зүрхэндээ хайрыг хэзээ ч мэдэрч байгаагүй, эдгэшгүй сорвитой, том хүнээс илүү хэрсүү зан, шийдэмгий харцтай хүүхдүүдтэй өөрийн биеэр нүүр тулан харьцаж байв.
Ч.Уранхолбоогийн сэтгэлд элэг бүтэн, хайраар дүүрэн гэр бүлийг бүтээх хүсэл тэр үеэс л бүрэлджээ.
Олон хүн түүнийг 5 хүүхдийн ээж, бусдад үлгэрлэгч, Инстаграм дахь дагагчдын тоогоороо Монголдоо толгой цохих оддын нэг болно гэж төсөөлөөгүй байх… Өөрөө ч олон хүүхдийн ээж болно гэдгээр төсөөлж байгаагүй гэдгээ хэлсэн юм.

Хүүхдүүдээ нэг ч асрагчийн гар харуулалгүй өсгөсөн

Намайг хүүхдийнхээ тоогоор асрагчтай гэх яриа гарсан байсан. Хүмүүс сошиалаар намайг өнгөцхөн дүгнэж, өөртөө л анхаарал хандуулдаг гэж боддог. Харин ч эсрэгээрээ би амьдралд өөрийгөө харамгүй зориулж яваа ээж хүн. Хүүхдээ төрүүлчихээд л хүнд даатгаад өгчихөж болохгүй шүү дээ. Эхний хоёр хүүхдээ бид өөрсдийн гараар өсгөсөн. Харин гурав дахь хүүхдээс эхлээд ээж нартаа хандах болсон. Охин хүүхдийн дотуур хувцсыг солих, биеийг нь тослох, усанд оруулах гэх мэт нарийн арчилгааг би өөрөө л хийдэг.

Үүнээс хүүхдийг онцгойлон хайрлаж, зөв хүмүүжлээр өсгөх нь чухал болох нь харагдаж байлаа. Үнэндээ ихэнх эцэг эхчүүд хүүхдээ төрүүлчихээд л зөнгөөрөө өсчихнө гэж боддог. Хүүхдийн сэтгэл хэмээх нандин зүйлийг сонсохгүйгээр, ярилцахгүйгээр, халуун тэврэлтийг мэдрүүлээгүйгээс болж өнөөх л хүнийг хайрлах чадваргүй хүмүүс нийгэмд хөл тавьдаг. Тэрээр хэлэхдээ “Хүүхдийн хайрын хэрэгцээг хангаж, дотоод ертөнц бүрт нь тааруулан харьцах маш чухал. Учир нь хүүхэд бүр өөр өөр хайрын хэлтэй. Хүүхдээ зөв хүмүүжүүлж чадвал эх орондоо барих хамгийн том бэлэг гэж боддог. Би охидоо бусдыг чин сэтгэлээсээ хайрлаж, бие биедээ түшиг тулгуур болох бие хүн болгон хүмүүжүүлэхийг зорьдог.”

5 хайрын хэлтэй 5 гүнж

Таван гүнж хамтдаа нэг өрөөнд амьдарч, бие биеэ хайрлах ухаанд суралцаж байна. Олон хүүхэд нэг дор байхад маргалдах, тоглоомоо булаацалдахаас эхлээд маргаан үүсдэг болов уу гэсэн хариултад “Энэ асуултыг хүмүүс биднээс их асуудаг. Манай охид харин ч бие биетэйгээ эвтэй тоглодог. Тоглож байгааг нь харахаар “Хайраа чи ингэчих үү, Миний охин тоглоомоо хураачих уу” гэж эелдгээр хэлж байгаа нь ажиглагддаг. Энэ бүхэн нөхөр бид хоёрын харилцаа, гэр бүлийн уур амьсгалтай маш их холбоотой гэж боддог. Учир нь хүүхэд бол эцэг эхийн тусгал нь шүү дээ.” гэсэн юм.

Том охин “ярилцах” хайрын хэлтэй.
Хоёр дахь охин “тэврэлт” хайрын хэлтэй.
Гурав дахь охин “хамт тоглох” хайрын хэлтэй.
Хоёр ихэр “Урмын үг” хайрын хэлтэй.

Харин 6 дахь нь гүнж үү, ханхүү юу?

Ч.Уранхолбоогийн толигор арьсны нууц

• Гэрийнхээ агаарыг маш сайн цэвэршүүлж, үргэлж чийглэг байлгахыг хүсдэг.
• Агаарын бохирдол арьсанд маш хортой учраас цонхны тавцан, хөшгийг үргэлж цэвэрхэн байлгадаг.
• Дэрнийхээ уутыг өдөр болгон угаана. Учир нь шөнөжингөө дэр дэрлээд унтахад бидний арьснаас хайрс унадаг. Тэрхүү хайрс нь нүдэнд үл үзэгдэх хачиг болдог учраас арьсаа толигор, сайхан хэвээр байлгахыг хүсдэг дэрнийхээ уутыг цэвэр байлгаарай!
• Хэрвээ та 30 гарсан бол арьсны унжилтаас сэргийлж, торгомсог материалтай дэр дэрлэж заншаарай!
• Миний нүүрээр батга гарчихвал будааны шүүсээр угааж, арьсаа арчилдаг. Энэ бол хамгийн хямд төсөр арга.

Бизнест баримтлах зарчим

• Зарим хүмүүс бүх зүйлийг мөнгөтэй холбон ярьдаг. Зөвхөн мөнгө бодож бизнес хийвэл амжилтад хүрэхгүй. Үүнийг ёс зүй буюу бизнесийн зарчим гэдэг.
• Таны бизнесийн санаа хамгийн гол нь хүнд биед хэрэгтэй, хэрэглэгчийн төлөө байх ёстой.
• Хүн чанар, Хүний төлөө, Сайн сайхан зүйлийг цогцлоохын тулд бизнес хийвэл амжилт олно.
• Би өөрийн брэндээ үүсгэхдээ ямар нэгэн зээл эсвэл жижиг дунд үйлдвэрлэл гэж хөөцөлдсөнгүй. Өөрийн хөдөлмөрийн үр шимээр TARA VISION агентлаг, инфлюэнсерийн ажил, Тод гэрэлтэх бүсгүй номоос олсон ашгаараа брэндээ нээсэн. Өөрөөр хэлбэр 4 жилийн хугацаанд бий болгосон хөдөлмөрийн үр шимээр URANKHOLBOO үсний мистийг худалдаанд гаргалаа.

 

Ярилцаж, бэлтгэсэн: www.stylee.mn

Leave a Reply

%d bloggers like this: