Краны үйл ажиллагааг зогсоожээ
Өнөөдөр /2022.05.31/ Баригдаж буй барилгын ажил гүйцэтгэж байсан кран унах эрсдэлтэй, ямар ч хамгаалалт хийгээгүй, аюулгүй байдал хангаагүй зургийг иргэд олон нийтийн цахим хуудсанд тавьж, сэрэмжлүүлсэн.
Үүнд холбогдох байгууллагынхан арга хэмжээ авч эхэлсэн талаар Хотын даргын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ. Тус краны үйл ажиллагаа явуулж байгаа хэсэгт хамгаалалтын хашаа бариагүй байсан бөгөөд явган зорчигчийн дээрээс унах эрсдэлтэй байсан тул холбогдох байгууллагынхан арга хэмжээ авч эхэлсэн байна. Тодруулбал, Кран ажиллаж буй 19 давхар барилгын ажлын зөвшөөрөл, краны бичиг баримт барилгын талбай дээр байхгүй байжээ.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас бичиг баримтыг нь шалгуулж, зөрчил арилгах хүртэл краны үйл ажиллагааг зогсоосон байна.
16 давхраас дээш барилгад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар бус Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хяналт тавьдаг байна. Олон нийтийн сүлжээнд тавигдсан мэдээллийн дагуу МХЕГ-ын улсын байцаагч нар газар дээр нь очиж ажиллаж, ийнхүү үйл ажиллагааг нь зогсоожээ.
Урин дулаан болж, барилгын ажил эхэлж буй энэ үед иргэд сонор сэрэмжтэй байж аж ахуйн нэгжүүд ч аюулгүй байдлаа хангах хэрэгтэй. Өмнө нь аюулгүй байдал хангаагүйгээс кран унаж, өсвөр насны хүүхэд болон хоёр хүн, автомашинтай зорчиж явсан иргэд амь насаараа хохирсон жишээ бий.