Брэд Питт Анжелина Жолиг шүүхэд өгчээ
Холливуудын алдарт жүжигчин Брэд Питт салсан эхнэр Анжелина Жолиг “Chateau Miraval” дарсны брэндэд эзэмшдэг хувьцаагаа зарснаар компанийг зориудаар хохирол учруулсан гэж шүүхэд өгчээ.
Брэд Питт, Анжелина Жоли хоёр 12 жил хамт амьдарч, зургаан хүүхдийн аав ээж болсон билээ. Тэд 2016 онд гэрлэлтээ цуцлуулсан. Тэгвэл тэд гэрлэсэн байх хугацаандаа тус дарсны брэндийг худалдаж авсан аж.
Тодруулбал, Брэд Питт экс эхнэр Анжелина Жолитой хамтран эзэмшиж байсан “Miraval” дарсны компанийн хувийг зарсан гэх шалтгаанаар шүүхэд хандсан аж. Брэд Питт шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Анжелина Жоли бид хоёр нэгнийхээ зөвшөөрөлгүйгээр компанид эзэмшиж буй хувиа зарахгүй гэж тохиролцсон. Гэтэл тэр өөрийн хувиа зарсан байна. Үнэндээ Жоли энэ бизнесийг босгоход юу ч хийгээгүй. Зүгээр л ашиг хүртээд байж байсан. Жоли намайг хорлох зорилгоор ийм үйлдэл гаргалаа” гэсэн байна.
Брэд Питт, Жоли хоёр дарсны үйлдвэрийг 2008 онд 28.4 сая ам.доллараар худалдаж авсан. Харин 11.36 сая буюу ойролцоогоор 40 хувийг нь Анжелина Жоли гаргасан байна. Түүнчлэн “Дарсны үйлдвэрийг ашигтай ажиллуулахын тулд маш их мөнгө зарцуулсан. Энэ бизнест хамгийн их цаг зав, хөлс, мөнгөө урсгасан хүний эрхийг зөрчиж байна” гэж Брэд Питт заргалджээ.
Одоогийн байдлаар хэр их хэмжээний мөнгө нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байгаа юм.