Шүүгдэгч Н.Түвшинбаяр: Боломж олдвол найзынхаа гэр бүлд насан туршдаа тус дэм болохын төлөө зүтгэх болно
Олимп, дэлхийн аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр гэрч, хохирогчийн талаас нараас мэдүүлэг авч дууссан бол өнөөдөр өмгөөлөгч нар яллах дүгнэлттэй холбогдуулан санал хүсэлтээ илэрхийлж, хамгийн сүүлд шүүгдэгчид үг хэлэх боломж олгосон юм.
Тэрээр: “Миний бие гэм буруугаа туйлын ихээр хүлээн зөвшөөрч маш ихээр харамсаж гэмшиж байгаа. Хийж болохгүй үйлдлийг хийсэн. Талийгаач найзынхаа ар гэр, хань ижил үр хүүхэд бүхнээс чин сэтгэлээсээ уучлалт хүсье. мөн аав ээж ах дүү төрөл төрөгсөд бүгдээс чин сэтгэлээсээ уучлалт хүсэж байна.
Миний найз бол хамгийн сайн найз байсан. Хүүхэд ахуй наснаасаа л хамтдаа хүсэл мөрөөдлөө ярьж өнөөдрийн миний амжилт бүхэнд миний найз бол салшгүй холбоотой явсан. Найзынхаа амь насанд хүрчихье гэж, ийм нөхцөл байдалд хүрчихнэ гэж огт бодоогүй явсан. Энэ бүхнээс танхимд сууж байгаа бүх хүнээс уучлалт хүсэж байна. Монголын ард түмэн, миний найзыг дэмждэг байсан маш олон хүмүүс бий. Энэ бүхнээс бүгдээс нь уучлалт хүсэж байна” гээд хэсэг уйлав.
Мөн тэрбээр үргэлжлүүлэн “Уучлаарай.
Би маш ихээр харамсаж, гэмшиж байгаа. Би буруугаа ойлгож байгаа. Би өөрийгөө хийж болохгүй үйлдэл хийсэн гэж үзэж байгаа. Миний хүүхэд ахуй наснаасаа хамтдаа хүсэл мөрөөдлөө ярьж өссөн маш сайн найз байсан. Өнөөдрийн миний гаргасан амжилт бүхэнтэй найз минь салшгүй холбоотой. Би найзынхаа амь насанд хүрэх нөхцөлд хүрчихнэ гэж огт бодоогүй явсан. Монголын ард түмэн, найзыг маань дэмждэг байсан бүгдээс уучлалт хүсэж байна.
Насан туршдаа найз, түүний эхнэр хүүхдийн төлөө тус дэм болохоор зүтгэх болно гэдгээ хэлье. Мөн аав ээж, гурван хүүхэд, хамаатан саднаас нь чин сэтгэлээсээ уучлалт хүсэж байна. Уучлаарай эрхэм шүүгч ээ. Хэрэгт холбогдож орж ирсэн гэрч болон энд суугаа хүмүүсээс уучлалт хүсэж байна. Энэ бүгдэд зөвхөн би буруутай. Хуулийн өмнө хариуцлага хүлээхээ ухамсарлаж байгаа. Эрхэм шүүгчдэд хандан хэлэхэд, өмгөөлөгчийн маань хэлснийг хуулийн дагуу шийдэж өгөөч гэж хүсэж байна. Би буруугаа сайн ойлгож байна.
Үүний дараа шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж, эцсийн шийдвэрээ гаргахаар түр завсарлалаа.
Н.ТҮВШИНБАЯР ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛД 2.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ТӨЛЖЭЭ
Прокурорын байгууллагаас олимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шалгаж дуусаад, энэ оны гуравдугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
Шүүх хурал өчигдөр өглөө 09.00 цагаас эхэлсэн шүүх хуралдаан оройн 20.15 цаг хүртэл үргэлжилсэн. Хуралдаанаар шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Данзанноров “хохирогчийн талд өмнө нь нөхөн төлсөн төлбөр дээр нэмж 363 сая төгрөг олгосон. Мөн Н.Түвшинбаярын гэр бүлийн шууд захиран зарцуулах эрхтэй хоёр үл хөдлөх хөрөнгийг хохирогчийн талд дахин нөхөн төлбөр болгон шилжүүлэн өгөхөө шүүхийн өмнө илэрхийлж байна” гэв.
Өчигдөр оройны байдлаар нийт 8 гэрчээс тайлбар авч дууссан ба нотлох баримт шинжлэн, судлах шатанд завсарлага авсан юм.
Хурлыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж байна.
Мөн шүүхийн явцад Н.Түвшинбаяр хохирогчийн эмчилгээний зардалд 2.7 тэрбум төгрөг төлсөн гэдгийг түүний өмгөөлөгч хэлжээ. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Энхбат агсны гэргий Б.Нандинцэцэг хуралдааны явцад гурван хүүхдийнхээ сургалтыг төлбөрийг насанд хүрэх хүртэл нь төлүүлэх саналтай байгаагаа илэрхийлжээ.