Жимс, ногоо боловсруулах салбарынхан эргэлтийн хөрөнгө, зээлийн дэмжлэг хүслээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гурав дахь өдрөө үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнсний манлай үйлдвэр “Өгөөж-Чихэр боов” ХХК-д ажиллалаа.

Компанийн ерөнхий захирал С.Түмэнгэрэл “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн цаг үеэ олсон. Иргэд нь эрүүл, ажилтай, орлоготой, үндэсний үйлдвэрлэл хөгжих боломж” хэмээн дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Хамгийн гол нь төр, засгийн бодлого, шийдвэр тодорхой, тогтвортой байх, төрийн бүх шатны байгууллага, хувийн хэвшил, иргэд хамтрах, төрийн байгууллагууд хоорондын уялдаа холбоо чухал гэдгийг хэлэв.

86 жилийн түүхтэй тус компани 165 төрлийн нэрийн бүтээгдэхүүнтэй, өдөрт 40 гаруй тн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд Улаанбаатар хотын нарийн боовны зах зээлийн 70 хувийг хангадаг.

Гэвч түүхий эд, материалын үнэ, валютын ханш, дотоод, гадаад тээврийн зардал өсөж байгаа нь хүндрэл учруулж байна. Үндсэн болон туслах түүхий эд, материал, сав баглаа боодлын 90 гаруй хувийг гадаадаас валютаар худалдан авдаг нь бүтээгдэхүүний өртөгт нөлөөлөх болжээ.

НӨАТ-ыг таван хувь болгох, хүнсний үйлдвэр барих бол урт хугацаатай, бага хүүтэй зээлээр дэмжих, хавтгайрсан халамжийн бодлогыг эргэж харах, Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг хэсгээ түлхүү дэмжих, ажлын байр бий болгосон тохиолдолд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх нь зүйтэй гэж үздэгээ ерөнхий захирал С.Түмэнгэрэл хэллээ.

“Өгөөж-Чихэр боов” компани 500 гаруй ажиллагсадтай бөгөөд 60 гаруй хувь нь эмэгтэйчүүд юм.

Бүх бүтээгдэхүүнээ шат дамжлага бүрт нь технологийн болон лабораторийн иж бүрэн хяналтад хамруулдаг. Мөн улирал тутам хөндлөнгийн хяналтын лабораторид шинжлүүлж, чанарын баталгаажуулалт хийлгэдэг юм байна.

Жил бүр улсын төсөвт тав орчим тэрбум төгрөгийн татвар, шимтгэл төвлөрүүлдэг юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр “Өгөөж-Чихэр боов” ХХК-д ажилласны дараа “ГБТ-Трейдинг” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, энэ салбарынхан болон ногоочдын төлөөлөлтэй уулзлаа.

Жимс, ногоо боловсруулах салбарт 60 орчим үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг. Ижил төстэй импортын бүтээгдэхүүний гаалийн татвар таван хувь учир дотоодын зах зээлийн 70 гаруй хувийг импортын бүтээгдэхүүн эзэлж байна.

2021 оны байдлаар дотоодын үйлдвэрүүд зах зээл дэх өргөст хэмхний 18, салатны 60, компотны 11, нухашны 21, чанамалын 35 хувийг хангасан статистик үзүүлэлт гарчээ.

Энэ салбарынханд эргэлтийн хөрөнгө муу, урт хугацаатай, хүү багатай зээл олддоггүй, хүнсний ногоогоо хадгалах зоорь, мэргэжилтэй боловсон хүчин дутмаг зэрэг нийтлэг хүндрэл, бэрхшээл тулгараад байна.

“ГБТ-Трейдинг” ХХК-ийн дэд захирал Ц.Төгсөө “Эргэлтийн хөрөнгө, зээл, татварын бодлогоор дэмжвэл үндэсний аж ахуйн нэгжүүд тогтвортой ажиллах, ажлын байраа хадгалах, үйл ажиллагаагаа өргөжүүлэх зэрэг давуу талтай. Энэ нь Ерөнхийлөгчийн санаачилсан ирэх таван жилд хүнсний гол нэрийн 19 төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангах зорилтыг биелүүлэхэд дорвитой хувь нэмэр болно” гэж үздэгээ илэрхийлэв.

Тус компани энэ онд 2,200 тн өргөст хэмх худалдан авч, гурван сая шил бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөсөн. Үүнд долоон тэрбум төгрөг шаардлагатай. Гэвч эргэлтийн хөрөнгө тааруу учир үйлдвэр нь бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүйд хүрчээ.

Ургац хураах үед 150 хүртэл хүнийг улирлын чанартайгаар нэмж авдаг ч заримдаа ажиллах хүн ховор учир өргөст хэмх, зарим ногоог хаяхаас өөр аргагүй тохиолдол нэг бус удаа гардаг байна.

Дотооддоо үйлдвэрлэдэггүй шил, таглаа зэрэг сав баглаа боодолд гаалийн татварын хөнгөлөлт үзүүлж, энэ чиглэлийн үйлдвэрийг хөгжүүлэх шаардлагатайг дэд захирал Ц.Төгсөө хэлэв.

Мөн ногоочдыг усалгааны систем, хүлэмж, техник хэрэгслээр хангах, аграномич, технологич, бусад мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудыг сургуулиа төгсөхөд нь тодорхой хугацаанд мэргэжлээрээ ажиллах нөхцөлтэйгээр сургалтын төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх зэргээр дэмжихийг хүслээ.

“ГБТ-Трейдинг“ ХХК 60 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн “Газар шим” барааны тэмдэгтэйгээр худалдан борлуулдаг.
Үйлдвэр нь нэг цагт бүтээгдэхүүний нэр төрлөөс хамаарч 3,000-6,000 шил бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна.

Тус компани 2021 онд 9 сая шил бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 29 тэрбум төгрөгийн борлуулалт хийн, 2.1 тэрбум төгрөгийн татвар төлжээ.

Leave a Reply

%d bloggers like this: