Халх голын дайнд 274, ‘дайнгүй’ Дарханы замд 82 иргэн амиа алдав
Юмны анхдагч бас тэргүүлэгч байна гэдэг юутай сайхан. Энэтхэг улс 75 км замыг таван өдрийн дотор барьж геннисийн амжилтыг шинэчлэн тогтоожээ. Харин монголчууд бид Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.6 км замаа барих гэж зургаан жилийн нүүр үзэж, тэдний эсрэг генниссийн амжилтыг жил ирэх тусам шинэчлэн яваа үнэмлэхүй аваргууд. Тэргүүнд л бол тэргүүнд. Юугаар гэдэг нь хамаагүй биз.
Дарханы замыг социализмын үе буюу техник технологи сул байсан 1970 оноос хойш арван жилийн хугацаанд барьж, 1980 онд ашиглалтад оруулсан байдаг. Гэвч техник технологиор хөгжиж дэвшсэн гэх Монгол Улсын зам тээврийн салбар аль хагас зууны өмнөхтэй адилаар 10 жил нэг замыг барих хэрэг үү. Аль 2017 оны зургадугаар сард УИХ-ын гишүүд, салбарын төлөөлөл нэг жилийн хугацаанд дөрвөн эгнээ I зэрэглэлийн, цемент бетон хучилтаар олон улсын стандартад нийцсэн чанар бүхий дэвхийсэн замыг 2018 онд хүлээлгэн өгнө гэх ам өчгийг өгсөн. Харин тэд ам өчгийг л өгсөн болохоос хийнэ гэж дурдаагүй нь өнөөгийн Дарханы замын дүр төрх.
Гэтэл Улаанбаатар-Дархан чиглэлийн замтай зэрэгцэх бус хожимдож эхэлсэн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн дарханы замаас хоёр дахин урт 416.1 км төмөр замыг хоёр жилийн дотор ашиглалтад оруулж туршилтаар тээвэрлэлтийг эхлүүлээд байна. Хэрэв төмөр зам, автозамыг харьцуулахад зохимжгүй харьцуулалт гэж үзвэл 2013-2015 онд гуравхан жилд 2245 км замыг барьж байгуулсан түүх ч бий.
Харин удсаар, удааширсаар тус замд иргэдийн амсах хохирол эд хөрөнгө, эрүүл мэндээс гадна эрдэнэт хүний амиар хэмжигдэж буй. Тухайлбал, Дарханы замын ажил эхэлсэн 2017 оноос хойш 2021 он хүртэлх хугацаанд 923 зам тээврийн осол гарч 82 хүн амь насаараа хохирчээ. Бүхэл бүтэн 80 гаруй хүний амь нас хохирчихоод байхад Дарханы зам өдийг хүртэл урагшилсангүй. Хэдхэн сарын өмнө иргэдийн барааг ачиж явсан чингэлэг шатахад иргэд, төр хоёул тухайн жолоочоос нөхөн төлбөр нэхэж байсан удаатай. Угаас хохирол учруулсан бол хохиролгүй болгох нь ардчилсан нийгмийн суурь. Тэгвэл Улаанбаатар-Дархан чиглэлийн замд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэл санаа, цаг хугацаагаар хохирсон иргэдэд хэн нөхөн төлбөр олгох нь тодорхойгүй. Төр, төрийн урагшгүй сонголт “Чайна Стэйт Шинжиан Констракшн Инженеринг”, “Гуйжоу Хайвэй”, “Чайна Жое-Инженеринг Корпораци” гэх БНХАУ-ын гүйцэтгэх компаниудын аль нь 82 хүний өмнө хариуцлага хүлээх вэ. Хэдэн мянган цэрэг гал нээж, тулалдахад монголчууд 274 иргэнээ Халх голын дайнд алдаж байсан бол энхийн цагт 82 иргэнээ зөвхөн Дарханы зам дээр алдсан байна.
Уг тоог хэд хүргэж өөрсдийн рекордыг шинэчлэх гэж байгаа нь хариуцсан дарга нарын дур. УБ-Дарханы замын ажил эхэлснээс хойш Дарханы зам буухианд дамжуулдаг мод шиг л тэдний гараар дамжиж буй. Сүүлдээ “хар толгойгоороо” хариуцаж, замын ажил дуусах хүртэл тэндээ суурьших хүртэл үүрэг авах болсон. Мөн “Дарханы замыг хурдлуулах” ажлын хэсэг байгуулагдсан ч хурдалсангүй. Хурдалдаггүй, урагшилдаггүй зам энэ оны аравдугаар сард ашиглалтад орох ёстой. Харин тэдний ажлын дүнд хэдэн оноо өгөхийг иргэд дүгнэнэ. Хэрэвтогтсон хугацаанд нээлт болохгүй сунавал эв эетэй энэтхэгчүүдийг 15 хоног түрээслэе. Тэд чинь 75 км замыг тав хоног барьдаг шүү дээ. Үгүй бол Дарханы зам түрүүлж дуусах уу, төсвийн мөнгө түрүүлж дуусах уу гэж үзэлцээд олон жилийг үдлээ. Дэлхийд байхгүй чанартай зам барих гэж их л чармайж байна даа дарга нар минь…
Нийтлэлийг бэлтгэсэн: Itoim.mn сайтын Сэтгүүлч Л.Гантөгс