Д.Сумъяабазар: Дугуй цагааны нөхөн олговрын асуудал үүснэ гэдгийг би мэдэж байсан
Дугуй цагаан орчмыг тохижуулах компанийн төлөөлөл, холбогдох албаныхан мэдээлэл өгч байна.
Нийслэлийн Засаг даргын А/740 тоот захирамж гарч, Дархан цаазат Богдхан уулын амд байрлах Дугуй цагаан орчмын зөвшөөрөлгүй, эвдэрч гэмтсэн байгууламжуудыг буулгасан. Газрын тухай хуулийн дагуу тусгай хамгаалалттай газар нутагт зөвхөн аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрдөг. Гэвч газар эзэмшигч “Энигма” ХХК нь зориулалтын бусаар үйл ажиллагаа явуулж, газрын төлбөрөө төлөөгүй тул зөвшөөрлийг цуцалж, олон жилийн өмнө барьсан 49 шавар гэрийг буулгасан. Чөлөөлсөн талбайд иргэдийн ая тухтай амарч зугаалах, ногоон байгууламж бүхий орчинг бүрдүүлж, тохижуулахаар төлөвлөсөн билээ.
Тэгвэл өнөөдөр тус газарт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон холбогдох албаныхан, бүтээн байгуулалт хийх “Creative 100” хотыг бүтээлчээр сайжруулах залуучуудын хөдөлгөөний гишүүд ажиллан, хэрхэн тохижуулах талаар мэдээлэл өглөө. Тохижилтын ажлыг энэ ондоо багтаан 8-р сард багтаан дуусгахаар төлөвлөжээ.
Д.СУМЪЯАБАЗАР: ТОХИЖИЛТЫГ БАЙГАЛЬТАЙ УЯЛДУУЛЖ ХИЙХ ХЭРЭГТЭЙ
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар: Иргэд ая тухтай орчин хүсэж, маш их хүсэлт ирүүлсээр байна. Эндээс Богд уулын хоёр ам руу иргэд алхаж хүрдэг. “Энигма” компанитай үл ойлголцол үүссэн. Ковидын улмаас энэ амыг тохижуулах ажил хойшилсон юм. Бид хуулийн дагуу ажилласан. Хувийн хэвшил гомдолтой байгааг би ойлгож байна. Хувийн хэвшлээ дээрэмдлээ, тонолоо гэж шүүмжлэх хэсэг байна. Би өнгөрсөн хугацаанд бизнес эрхлэгчидтэй байнга уулзан, дэмжиж ажилласаар ирсэн.
Нөхөн олговрын асуудал үүснэ гэдгийг би мэдэж байсан. Олон нийтийн хүсэлтийг л биелүүлж байна. Би хотын даргын хувьд иргэдийн талд байна. Шүүхийн шийдвэрээр нөхөн олговрыг олгоно. Энэ амыг тохижуулах зураг төсөл нь жилийн өмнө гарсан. Энэ бол улсын тусгай хэрэгцээнд авсан газар. Горхи-Тэрэлжид мөн байдал хүнд байна. 2000 оны эхнээс газар олголтыг буруу олгосноос хот хувийн хэвшилтэй зөрчилдсөөр ирлээ. Үүнийг хуулиар л шийднэ. Энд амины орон сууц бариулах боломжгүй.
Богд уулын энэ аманд дахин амины орон сууц бариулахгүй. Би эндээс сөөм газар ч аваагүй, авахгүй. “Энигма” компанийн захирал н.Мөнхбат энд ирсэн байна. Бид өчигдөр миний өрөөнд уулзсан. Бид ойлголцож чадна гэж бодож байна гэв. Сэтгүүлчид түүнээс энэ аман дарь хоёр давхар, амины орон сууцнуудыг аль компани барьсан талаар асуухад мэдэхгүй гэж хариуллаа. Мөн Туул голын дагуух, Шадар сайдын хамаарал бүхий компанийн барьсан барилгуудыг хэрхэх талаар асуухад “Улстөрөө больё” гэв.
“Энигма” компани, МҮИС-ийн ТУЗ-ийн дарга Л.Мөнхбат: “Богд хаан” жуулчны бааз өмч хөрөнгөө эвдүүлсэндээ харамсаж байна. Бидний зогсож буй энэ ам Даяанчийн ам гэдэг нэртэй, эртнээс авшигтай газар. Оюун санаагаа төвлөрүүлэх гэж энд ирдэг байжээ.
Бид энэхүү газар эрдэм шинжилгээ, судалгааны аялал жуулчлал хөгжүүлэхээр ажилласан ч зөвшөөрөл өгдөггүй. Бид энэ газрыг 2017 онд авсан.
Манай компанийн ард ямар ч улс төрч байхгүй. Бидний хийж бүтээж буй бүхэн Монголын өмч болно, би үхлээ гэхэд өөр хүнд үлдэнэ. Энд 20-иод хүн ажиллаж байсан. Хот бидний алдагдлыг шийдэж өгнө гэж бодож байна.
Манай сургуульд 200 орчим гадаад оюутан бий. Бид эдийн засаг, эрдэм шинжилгээний салбарт хувь нэмрээ оруулан ажилладаг, бид хос диплом олгодог. Манай сургууль 9000 мкв бүхий хамтын оффисыг гарааны бизнесээ эхлүүлж буй залууст зориулан нээсэн. Харвард, Стэнфордын сургалтын агуулгаар хичээлээ заадаг ганц л сургууль. Ер нь их сургууль бол оюунлаг хүмүүсийн цугладаг газар.
Хотын дарга “Ногоон байгууламж бүхий тохижилтыг байгальтай уялдуулж хийх хэрэгтэй. Та бүхнийг сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний агро парк, аялал жуулчлал хөгжүүлэх төв байгуулна гэж ойлгосон. Экологийн тэнцвэрт байдлыг хангасан байдлаар тохижилтоо хийгээрэй. Эдгээр тохижилттой уялдаж ажиллахад хот болон хувийн хэвшлийн хооронд ямар нэгэн үл ойлголцол, зөрчил гарахгүй. Эцсийн бүлэгт хот, аж ахуйн нэгжүүд иргэдийн ая тухтай байх эрхийг хангахад сэтгэл гаргаж ажиллавал хэрэгтэй.
Эдийн засаг, Монгол улс хөгжих ёстой. Бид хүнд байдалд ороход УИХ-ын гишүүн Н.Энхболд, Б.Пүрэвдорж, Шадар сайд С.Амарсайхан, Бат-Эрдэнэ, С.Одонтуяа нар санал бодлоо илэрхийлсэн. Өнөөдөр хотын дарга дуудсанд баярлаж байна. Бид шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Шүүхийн шийдвэр гараагүй тул энэ талаар хамаагүй ярьж болохгүй байна. Хохирлын хэмжээг хөндлөнгийн аудит тогтооно. Манай таван ажилтны амьдарч байсан байрыг нураасан. Тэд хувцсаа ч авч чадаагүй тул бид хохирлыг барагдуулна. Зун энд 70-80 хүн ажилладаг байсан гэв.
Богд уулын Даяанчийн амыг тохижуулах ажил удахгүй эхэлнэ. Энд тоглоомын болон чийрэгжүүлэлтийн талбайнууд, хоёр гүүр, хоолны цэгүүд, нийтийн бие засах газар (үүдний хэсэгт байрлана), алхалтын жим, задгай театр, таван амрах өртөө байгуулах юм байна. Ингэхдээ байгалийн тогтцыг алдагдуулахгүй, дандаа модон материал ашиглана гэж “Креатив 100” ТББ-ын архитектор н.Очироо танилцууллаа.
Энэ ам тусгай хамгаалалттай газар тул уул руу өгсөх хэсэгт ямар ч тохижилт хийхгүй, 1.9 тэрбум төгрөгөөр засах юм байна.
Тендер зарлан, ажил гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулжээ. “Креатив 100” ТББ энэ ажлыг гүйцэтгэнэ. Тус ТББ 2019 онд байгуулагджээ. Ковидын хоёр жилд завсарлаад, 2022 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Тэд иргэдээс санал авч, загвараа боловсруулжээ.
Дархан цаазат газарт барилга барьж болохгүй тул үүдний хэсэгт хоолны газрууд, бие засах газар, хогийн цэг байрлах аж. Бетонон барилга байгуулахгүй юм байна.