Хууль: Зөгийний аж ахуйг хөгжүүлж, хүнс, ХАА-н чиглэлээр сурвал төлбөр хөнгөлнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өргөн барьсан Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолыг эцэслэн баталлаа.

Уг тогтоолыг баталснаар Монгол Улс хүнсээ дотоодоосоо хангах боломжтой болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, 2026 он гэхэд Монгол Улс гол нэрийн 19 бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангах эхлэл тавигдаж байгаа юм. Монгол Улсын хувьд хэрэглээний бүтээгдэхүүнийхээ 80 хувийг гаднаас авдаг. Мах, гурил, төмснөөс бусдыг нь авдаг. Гэтэл ковидын улмаас Эрээний хил хаагдаж, нээгдэхгүй удсанаар хүнсний ногооны үнэ өсч, нарийн ногоо ховордсон.  Хүнсний салбарынхны зүгээс хоёр асуудлыг хөнддөг. Хилээр орж ирж байгаа хүнс, ногооны үнэ бага учраас үндэсний үйлдвэрлэгчид импортын бараатай өрсөлдөх боломжгүй болдог. Тиймээс энэ талын дэмжлэг туслалцаа төрөөс шаардлагатай байгааг тэд хэлдэг юм.

Тус тогтоолд хүнсний аюулгүй байдлыг хангаж, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд 1.7 их наяд төгрөг шаардлагатай гэж үзжээ. Үүнээс энэ онд 500 тэрбум төгрөг нэн шаардлагатай гэж үзсэн юм.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Я.СОДБААТАР: УИХ-ын өнөөдрийн чуулганаар үндэсний аюулгүй байдлын томоохон асуудал болох хүнсний аюулгүй байдал, хангамжтай холбоотой түүхэн шийдвэр гаргаж байна. Ирэх таван жилийн хугацаанд Монгол Улс гол нэрийн 19 бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангах хүрээнд тодорхой шийдвэрүүдийг гаргалаа.  Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тавдугаар сарын 22-нд чуулганд үг хэлж, хүнсний аюулгүй байдлын талаарх тогтоолын төслийг танилцуулсан. Нийт 60 гаруй зүйлтэй тогтоолын төсөл ийнхүү батлагдлаа.

Нийт таван жилийн хугацаанд хэрэгжих ажлуудыг төлөвлөгөө батлагдаж байна. Ингэснээр монголчууд хүнсний аюулгүй байдал, хангамжийн асуудлыг дотооддоо бүрэн шийдвэрлэх боломжтой боллоо.

Тогтоолын төслөөс онцлох заалтуудыг хүргэж байна.

-Хүнсний аюулгүй байдлын статистик үзүүлэлтийг тооцох аргачлалыг шинэчлэн боловсруулж батлуулах;

-Хүнсний аюулгүй байдлын статистик үзүүлэлтийг тооцох аргачлалыг шинэчлэн боловсруулж батлуулах;

-Мал, амьтны гаралтай болон ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүн хүртэл ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийн журмыг  боловсруулан батлуулах, цахим бүртгэлийн нэгдсэн системд шилжүүлэх;

-Хүнсний аюулгүйн үзүүлэлтийг тодорхойлох, пестицид, малын эм, хоруу чанар өндөртэй нян, хүнд металлын үлдэгдлийг хянах, хяналтын төлөвлөгөө батлах.

-Улс орон даяар “Эх орны эрүүл хүнс” уриан дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг “Атрын  IV аян” хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлэх;

-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр суралцагчид сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэх

-Мал аж ахуй, газар тариалангийн салбарт аж ахуй эрхлэхээр нийслэлээс орон нутагт шилжин суурьшсан иргэн, аж ахуйн нэгжид татварын болон бусад дэмжлэг үзүүлэх;

-Тариалангийн зориулалттай газар ашиглалтыг сайжруулах, талбайн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор шинээр 200.0 мянган га хүртэл атар газар олгох, эргэлтийн талбайг 1.1 сая га-д хүргэх

-Дулааны хангамж, дэд бүтэцтэй бүс нутгуудад 50.0 га өвлийн хүлэмжийн цогцолбор аж ахуй байгуулах;

-Үйлдвэр, фермер, нөхөрлөл, хоршоо, аж ахуйн үйл ажиллагааг дэмжсэн кластерийг бий болгоход чиглэгдсэн хөдөө аж ахуйн агро парк байгуулах;

-Хот суурин газрын ойролцоо, газар тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, махны чиглэлийн үүлдрийн 50.0 мянган толгой, сүүний чиглэлийн үүлдрийн 50.0 мянган толгой үхрийн аж ахуй, махны болон нарийн ноост хонины үржлийн цөм сүргийн аж ахуйг тус тус бий болгох,

-Зөгийн аж ахуйг хоршоолсон хэлбэрээр хөгжүүлэх, түүний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, экспортод гарах боломжийг бүрдүүлэх;

Тогтоол батлагдсанаар хууль эрх зүйн орчныг сайжруулах, урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, мал, амьтны халдварт болон гоц халдварт өвчингүй эрүүл бүс болох, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, улмаар бүс нутагт хүнс экспортлогч орон болох зорилтыг хэрэгжүүлэх боломж бүрдэж байна.

Тогтоолын дагуу:

ХҮНСНИЙ ХАНГАМЖ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР:
  • Хүнсний хангамжийг нэмэгдүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг үе шаттай шийдвэрлэх;
  • Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн бий болгох;
ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЧИГЛЭЛЭЭР:
  • Тариалангийн зориулалттай газар ашиглалтыг сайжруулах, талбайн хэмжээг нэмэгдүүлэх;
  • Ургамлын генетик нөөцийн ашиглалт хамгаалалт, нутагшсан сортын үрийн нөөц бүрдүүлэх;
  • Үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ болон ашигт таримлын үр үйлдвэрлэлийн үндэсний тогтолцоо бүрдүүлэх;
МАЛ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЧИГЛЭЛЭЭР:
  • Нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, бэлчээрийн даацыг тооцон малын тоо толгойг зохих түвшинд барих;
  • Мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх цогц арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх;
ХҮНСНИЙ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЧИГЛЭЛЭЭР:
  • Мал аж ахуй, газар тариалангаас нийлүүлсэн хүнсний түүхий эдийг дотооддоо боловсруулах, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх;
  • Хүнсний сүлжээний бүх шатанд хяналт, баталгаажуулалтыг тодорхой болгож итгэмжлэгдсэн лабораторын хүчин чадлыг нэмэгдүүлэх;
  • Дотоодын зах зээлд борлуулсан чанар, эрүүл ахуй, аюулгүйн үзүүлэлтийн шаардлага хангасан бүтээгдэхүүнд олгож буй урамшууллын тогтолцоог боловсронгүй болгох зэргийг Монгол Улсын Засгийн газарт даалгалаа.

 

 

 

 

Leave a Reply

%d bloggers like this: