​МИАТ-т татаас өгч, агаарын тээврийн компаниудад хөнгөлөлттэй зээл олгоно

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцууллаа.

  • УИХ-ын 92 дугаар тогтоол дагуу Засгийн газар “Оюу толгой” ордын хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийсэн. Тэгвэл УИХ-ын 103 дугаар тогтоол буюу буюу “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх тухай” хэлэлцээг бодит ажил хэрэг болгох ажлын хэсгийг байгууллаа.

Ажлын хэсэгт Сангийн сайд Б.Жавхлан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Солонгоо, Эрдэнэс Оюутолгой компанийн захирал Н.Цэрэнбат, Хууль зүй, дотоод хэргийн төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг нар багтжээ.

  • Ганцмод-Гашуунсухайт боомтод автомат тээврийн туршилтыг эхлүүлэхээр боллоо. Ингэснээр нүүрсний экспорт 10 сая тонноор нэмэгдэх боломжтой аж. Ерөнхий сайд тус тээврийн туршилтыг долдугаар сарын 5-ны дотор эхлүүлэхийг үүрэгдлээ. Цаашид энэхүү тээврийг Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал боомтод нэвтрүүлнэ. Үүнийг жолоочгүй тээвэр гэж нэрлэж байгаа юм.

 

  • Чөлөөт бүсийн ажлыг эрчимжүүлэх албан даалгаврыг Ерөнхий сайд холбогдох албаныханд өглөө.

 

  • Аялал жуулчлалын салбарыг дэмжих хүрээнд МИАТ ТӨХК-д татаас өгнө. Европоос ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэхийн тулд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн нислэгийн тоог 17 болгох аж. Шаардагдах санхүүжилт болох 4.7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана.

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Хоёр бүрдэл хэсэгтэй агаарын тээврийн салбарт хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоол батлагдлаа.

Нэгдүгээрт, МИАТ компанид 4.7 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргах юм. Аялал жуулчлалын улирал эхэлж байгаа учраас долоо хоногт тав хүртэлх давтамжтайгаар нислэг үйлдэхэд шаардагдах санхүүжилтийг гаргаж байна.

Хоёрдугаарт, МИАТ ТӨХК болон дотоодын агаарын тээвэрлэгч компаниудад шаардлагатай 145 орчим тэрбум төгрөгийн зээлийг 10 их наядын төлөвлөгөөний хүрээнд олгох нэг их наяд төгрөгийн зээлийн олголттой дүйцүүлж уялдуулан шийдвэрлэхээр тусгалаа. Өөрөөр хэлбэл, дотоодын компаниуд 10 их наядын хөтөлбөр, банкны шаардлагыг хангасан тохиолдолд уг зээлд хамрагдана.

Хөвсгөлийн Мөрөн, Даланзадгадын онгоцны буудлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, Ховд, Чойбалсан, Улаангом гэсэн онгоцны буудал барих ажлыг концессоор хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Уг асуудлыг Засгийн газарт өнөөдөр танилцуулна. Дэмжигдвэл тогтоол гарч, концессын жагсаалтад орно.

Улаанбаатар хот руу орж байгаа бүх төлбөр хураах цэгүүд дээр орон нутгийн бүртгэлтэй машин Улаанбаатар хотод зам ашигласны төлбөр төлдөг. Дарханы зам руу гарч байгаа иргэдээс төлбөр авахгүй байгаа” гэв.

Leave a Reply

%d bloggers like this: