Иргэдийн өмчилсөн газрыг чөлөөлөхдөө газар чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлээд байна
Засгийн газар бүтээн байгуулалт хийх зорилгоор иргэдийн өмчилсөн газрыг чөлөөлөхдөө нөхөн олговорын хэмжээг тухайн иргэнтэй гэрээгээр тохиролцдог. Харин тохиролцоонд хүрээгүй бол хэрхэн шийдвэрлэх тухай эрх зүйн зохицуулалт байдаггүй.
Тиймээс энэ асуудлыг хуулиар зохицуулж, төрийн болон оролцогч талуудын эрх үүргийг тодорхой болгох, газар чөлөөлөх үйл ажиллагааг журамлах зорилгоор Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлээд байна.
Одоо газар чөлөөлөх харилцааг Засгийн газрын 2017 оны 287 дугаар тогтоолоор баталсан “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ, заагийг тогтоох, ашиглах журам”-аар зохицуулж байна.
Уг журмаар газар өмчлөгч, эзэмшигчтэй урьдчилан тохиролцож, гэрээний үндсэн дээр газрыг солих буюу эргүүлэн авахтай холбогдсон харилцааг зохицуулж байгаа боловч, тохиролцоонд хүрээгүй, гэрээ байгуулагдаагүй тохиолдолд хэрхэн чөлөөлөх зохицуулалт нь тодорхойгүй явсаар өнөөдрийг хүрчээ.
Үүнтэй холбоотойгоор нийтийн эрх ашигт нийцсэн төсөл, хөтөлбөр, бүтээн байгуулалтын ажил хийгдэх боломжгүй болох эсвэл хугацаа алдах, өртөг зардал нэмэгдэх тохиолдол түгээмэл гарах болжээ. Хуулийн нарийн зохицуулалт байхгүй учраас бүтээн байгуулалтын ажлаа хийхийн тулд газар эзэмшигчийн хүссэн дүнгээр нөхөн олговор олгохоос өөр аргагүйд хүрдэг байна.
Тухайлбал, иргэд өөр хоорондоо 20-30 сая төгрөгөөр худалдаж, худалдан авсан хашаа, байшингийн газарт нь төрөөс зам барихаар болсон тохиолдолд 200-300 сая төгрөгийн нөхөн олговор шаарддаг байна. Мөн зарим тохиолдолд хуулийн нарийн зохицуулалт байхгүйгээс иргэд хохирох, буруутан болох тохиолдол гардаг ажээ. Тиймээс газар чөлөөлөх үндэслэлийг тодорхой зааж, гагцхүү хуульд заасан үндэслэлээр иргэд, тэдгээрийн газар, өмчийн эрхийг хязгаарлах, иргэдэд зохих хэмжээний шударга ёсны нөхөн төлбөрийг олгох, төрийн байгууллага болон иргэдийн эрх, үүргийг тодорхой болгох зэрэг гол тулгамдсан асуудлыг хуулийн төсөлд тусгажээ.
Засгийн газраас боловсруулан өргөн барьсан Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ ирэх намрын чуулганаараа хэлэлцэх бололтой. Хуулийн төсөл батлагдсанаар газар чөлөөлөх үндэслэл, шаардлага тодорхой болж аливаа бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөр, үйл ажиллагаа саадгүй хэрэгжих эрх зүйн орчин бүрдэнэ гэж тооцжээ.