Кран өргөх байгууламжийг хариуцдаг байцаагчийн тоог нэмэгдүүлэх гэхээсээ илүү аж ахуйн нэгжүүд өөрсдөө маш их хариуцлагатай ажиллах шаардлагатай

МХЕГ-аас “Хөдөлмөрийн болон өргөх байгууламжийн байцаагч нар өчигдрийн гарсан осол дээр ажиллаж байгаа. Хүний амь нас эрсэдсэн осол учраас Цагдаагийн Ерөнхий Газарт эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байна. Улсын хэмжээнд нийт 17 мянган өргөх байгууламж байдаг. Гэхдээ энэ нь зөвхөн кран биш. Үүнд барилгын гаднах дүүжин өргүүр, лифт, урсдаг шат гээд ачаа болон хүнийг дээшээ, доошоо чиглэлд зөөх бүх байгууламж багтдаг.

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газарт хоёр, нийслэлд нэг байцаагч эдгээр өргөх байгууламжийг хариуцан ажиллаж байна. Аймгуудад тус чиглэлийн орон тоо давхардсан байдлаар бий. Тухайлбал барилгын техникийг хариуцдаг хүн давхар өргөх байгууламж хариуцдаг.

Өргөх байгууламжийг хариуцдаг байцаагчийн орон тоог нэмэгдүүлэх гэхээсээ илүү аж ахуйн нэгжүүд өөрсдөө маш их хариуцлагатай ажиллах хэрэгтэй болж байна.

Цамхагт кранд жил болгон магадлал хийдэг. Уг ажлыг мэргэжлийн хяналтын байгууллага хариуцаж ажилладаггүй бөгөөд тусгай мэргэжлийн магадлал хийдэг компаниуд байдаг.

Бидний зүгээс аж ахуйн нэгжүүдэд өргөх байгууламжийн аюулгүй ажиллагааны чиглэлээр тогтмол албан бичиг сэрэмжлүүлэг хүргүүлж ажиллаж байна. Тус байгууламжийн аюулгүй ажиллагаа нь зөвхөн мэргэжлийн хяналтын байгууллагын хариуцах асуудал биш. Учир нь өргөх байгууламж ажиллуулж буй албан байгууллага бүр өөрсдийн гэсэн үүрэгтэй. Энэ үүргээ сайн биелүүлэх шаардлагатай.

Өргөх байгууламжийн зөрчил гарсан тохиолдолд албан шаардлага хүргүүлдэг

Өргөх байгууламжийн зөрчил гарсан тохиолдолд албан шаардлага хүргүүлдэг. Улмаар зөрчлөө арилгахгүй бол торгох, цаашлаад үйл ажиллагааг нь прокурорын зөвшөөрлөөр түр зогсооно. Түүнчлэн үйлчилгээ эрхэлж байгаа зөвшөөрлийг нь цуцлах саналыг өгсөн газарт нь хүргүүлэх арга хэмжээг манай байгууллага хэрэгжүүлдэг” гэдгийг хэллээ.

Мэргэжлийн хяналтын байгууллагад нийт 20 гаруй салбарыг хариуцсан 1,000 гаруй байцаагч ажиллаж байна. Үүнээс хүнсний салбарт хамгийн олон буюу 100 гаруй байцаагч ажилладаг аж.

Цамхагт кран угсарч байгаа тохиолдолд дараах зүйлсийг анхаарах шаардлагатай.

  • Суурийн бүтэц, хийц шаардлага хангаж байгаа эсэх
  • Бэхэлгээ, гагнуур салж буй эсэхийг нягталж шалгах
  • Тухайн краны металл хийц олон жил удсан, зэврэлт үүссэн бол заавал металл хийцийн шинжилгээ хийлгэх
  • Талбайн зохион байгуулалтын зургаар тухайн краныг яаж байрлуулж, хэрхэн угсрах зэргээр аюулын бүсийг тодорхойлох ёстой.

Leave a Reply

%d bloggers like this: