Хөгжлийн банканд 271 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгджээ
Хөгжлийн Банкны зээлийн эргэн төлөлт, авч буй хариу арга хэмжээ, банкны өнөөгийн байдлын талаар тус банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуул мэдээлэл өгсөн юм.
Энэ оны 2022.01.20-ны өдрөөс 6-р сарын 20-ны өдрийн хооронд Хөгжлийн банканд нийт 271 тэрбум 035,718,649 төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдээд байна.
Хөгжлийн Банк нийт 3.1 их наяд төгрөгийн зээл гаргасан, үүний 1.6 их наяд нь хувийн хэвшлийн, 983.2 тэрбум нь төрийн өмчит компаниудынх. Мөн Хөтөл, Кью Эс Си компанитай холбоотой 521 тэрбум төгрөгийн зээл байна.
“Самурай” бондын эргэн төлөлтийн 248.9 орчим сая ам.доллар нь шийдвэрлэх боломжтой тоо.
Хөгжлийн Банкны зээлийн өр барагдуулалт 2022 оны 6-р сарын 15-ны байдлаар 248 тэрбум төгрөгийг эргэн төлүүлээд байна. Харин 6-р сарын 16-нд нэг зээлдэгч нэмж 20 тэрбум төгрөгийг эргэн төлсөн. Ингэснээр нийт эргэн төлөлт энэ сарын 16-ны өдрийн байдлаар 270 орчим тэрбум төгрөг болж, эрчимжиж байгаа” гэв.
Зээлийн эргэн төлөлтийн мөнгийг Төрийн сангийн Монголбанк дахь тусгай дансанд төвлөрүүлж буй. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд зээлээ хамгийн идэвхтэй төлж эхэлсэн. Харин төрийн өмчит компаниудад хамаарах өрийг барагдуулах Засгийн газрын тогтоол гарсан бөгөөд үүнийг хэрэгжүүлэх үйл явц үргэлжилж байгаа юм байна.
Зээлийн ангиллаар авч үзвэл хэвийн зээлдэгчийн ангилал дахь зээлийн эргэн төлөлт 76 309 823 488 төгрөг, анхаарал хандуулах ангиллын зээлийн эргэн төлөлт 115 811 023 073 төгрөг, чанаргүй зээлийн ангиллын зээлийн эргэн төлөлтийн хүрээнд 78 914 872 087 төгрөг тус тус төлөгдөөд байна.