Б.Бат-Эрдэнэ: Монгол Улсад өдөрт 1500 жуулчин ирж байна
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцууллаа.
-Нийт 25 байгууллагын төрийн мэдлийн хувьцааг олон нийтэд нээлттэй худалдах жагсаалтыг баталлаа. Тухайлбал, Монголын хөрөнгийн бирж, Монголын цахилгаан холбоо компани зэрэг 25 компанийн 34 хүртэлх хувийг худалдана.
-Ойн талбайн норматив байршил батлах тухай Засгийн газрын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулав.
-Засгийн газрын нөөц сангаас хоёр тэрбум төгрөг гаргаж, ойн хөнөөлт шавж устгана.
Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ “Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд байрлах ойн дундын ангийг хоёр хуваалаа. Мөн ойн хөнөөлт шавжны асуудал бий. Нийт 737 мянган га газарт ойн хөнөөлт шавж тархжээ. Хамгийн их тархац нь Хөвсгөл аймагт байгаа. Нийт 327 мянга гаруй га газарт ойн хөнөөлт шавжны голомт үүссэн. Тиймээс Засгийн газрын хуралдаанаар Засгийн газрын нөөц сангаас хоёр тэрбум төгрөгийг ойн хөнөөлт шавжтай тэмцэхэд ашиглахаар батлууллаа” гэв.
Үүний дараа сэтгүүлчид БНСУ-ын Жэжү арал руу аялсан 23 иргэдэд тохиолдсон асуудлын талаар тодруулав.
Тэрээр “Хууль ёсны хугацаагаар 30 хоног бий. Ямар нэг гэмт хэрэгт холбогдоогүй, осолд өртөөгүй тохиолдолд долдугаар сарын 21 хүртэл тэднийг хайхгүй. Солонгосын шар сайтад гарсан мэдээллийг ингэж сэвж байгаад харамсалтай байна. Монгол хүн монгол хүндээ хайртай байгаасай гэдгийг хэлмээр байна. 30 хоногийн хугацаанд Монголд орж ирж буй солонгос жуулчин эхний тав хоногт аяллын маршрутаар аялаад, өөрөө хүсвэл цааш аялах боломжтой. Үүнтэй адилхан л явж байгаа байх гэж бодож байна. Гэмт хэрэгт холбогдоогүй, эрэн сурвалжлах нөхцөл байдал үүсээгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье. Долдугаар сарын 21 хүртэл хууль бусаар оршин суухаар оргон зайлсан гэж байгаа нь хариуцлагагүй үйлдэл юм” гэж хариуллаа.
Монгол Улсад өдөрт 1500 жуулчин ирж байгаа бөгөөд ОХУ-аас иргэ автомашинтай нэвтэрч аялж байгаа гэдэг мэдээллийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ өгсөн юм.