Малчид, тариаланчид урамшууллаасаа НДШ, ЭМД төлдөг болох хуулийн төсөл өргөн барилаа
Малчид мах, сүүнээс авдаг урамшуулал, тариаланчид улаанбуудайн урамшууллаасаа НДШ, ЭМД-аа төлдөг болох хуулийн төслийг УИХ-ыг гишүүн Ц.Туваан, Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Х.Баделхан, Н.Ганибал, Д.Батлут нарын гишүүд өргөн барилаа.
УИХ-ын гишүүн Ц.Туваан: Малчид ноосны урамшуулал гэж нэг кг тутамд 1000 төгрөг, арьс ширний урамшуулал, фермерүүд сүүний урамшуулал, тариаланчид улаан буудайн урамшуулал тонн тутамд 80000 төгрөг авдаг. Энэ жилээс эхлээд ногоочид тушаасан хүнсний ногооноос тонн тутамд 100000 төгрөг авдаг. Ийм таван төрлийн урамшуулал авч байна.
Хөдөө аж ахуйн салбарт ажиллагсад буюу малчид, тариаланчид, ногоочид эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэл төлөх нь бага. Сүүлийн үед эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэх, хэрэгжүүлж буй арга хэмжээнд хамрагдахын тулд ЭМД-аа заавал төлсөн байх гэдэг шаардлагыг тавьж байгаа. Тиймээс бидний санаачилж буй хууль ХАА-н салбарт ажиллагсдад их дөхөмтэй хууль болох болно. Хуулийг дагаж, төсвөөс ямар ч мөнгө гарахгүй. Харин ХАА-н салбарт ажиллагсад урамшууллаараа ЭМД, НДШ-ээ төлөх зөвшөөрлөө өгсөн тохиолдолд автоматаар бичилт, хийгдээд төлөгдөнө. Үүнийг дагаад цаг хэмнэж, явдал чирэгдэл багасна.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Энэ хууль батлагдвал ХАА-н салбарт ажиллагсдын НДШ, ЭМД-аа төлөх хувь нэмэгдэнэ. Мөн дотоодын үйлдвэрлэлээ бодлогоор дэмжиж буй нэг хэлбэр юм.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Монгол Улсын эдийн засгийн гол гурван салбарын нэг нь ХАА-н салбар. Энэ салбарт нийт 300-400 мянган хүн ажилладаг. Тиймээс энэ хүмүүсийн нийтлэг эрх ашгийг хамгаалах, төрөөс явуулж буй хөтөлбөрт хамрагдах, тэтгэвэртээ гарах эрх нь нээлттэй байх боломжийг олгож байна. Энэ салбарынхны орлого тогтмол бус, улирлын чанартай. Тиймээс урамшууллаас нь НДШ, ЭМД-аа урьдчилан төлөх боломжтой болно.