Ажлын гүйцэтгэл хангалтгүй БНХАУ-ын компаниудыг дахин асуудал үүсгэвэл ГЭРЭЭГ ЦУЦЛАХЫГ САНУУЛЛАА

Ажлын гүйцэтгэл хангалтгүй байгаа БНХАУ-ын компаниудыг дахин асуудал үүсгэвэл гэрээг цуцлахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хатуу сануулав. Мөн Дарханы замын бүтээн байгуулалтын тендерийг анх шалгаруулахад оролцсон бүх төрийн албан хаагчдыг хууль хяналтын байгууллагаар шалгуулахаа хэллээ.

Ингэхдээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “БНХАУ-ын “Чайна-Жео Инженеринг” кмопани 14.8 сая ам.долларын хөрөнгө оруулалт аваад, цар тахалтай холбоотой амаргүй нөхцөл байдал гэж тайлбарласан ба  гүйцэтгэл хийгдээгүй байгаа юм. Дөрөв дэх багц, хоёр болон гуравдугаар багцын гүйцэтгэл тааруу байна. Сонгон шалгаруулалт дээр Засгийн газар алдаа хийсэн гэсэн үг. Үүний цаана авлигын асуудал байгааг үгүйсгэхгүй. Холбогдох байгууллагуудад энэ талаарх мэдээллийг өгсөн” гэсэн юм.

Мөн Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажлыг сар бүр шалгана. Энэ ганц Зам тээвэр, хөгжлийн яамны асуудал биш. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын стратегийн 47 төсөлтэй адилтган Засгийн газар бүх төвшинд анхаарч ажиллана гэв.

Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар санхүүжилт саатсан шалтгааныг гүйцэтгэгч компаниуд тайлангаа цаг тухай бүрд нь хүргүүлэхгүй асуудал үүсгэж байсан гээд Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банкны удирдлагуудтай санхүүжилтийг тасалдуулахгүй байхаар тохиролцсоныг Ерөнхий сайдад энэ үеэр танилцуулж байлаа. Ажлыг хурдасгахын тулд гүйцэтгэл хангалтгүй байгаа багцууд дээр Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу ЗХЖШ-ын барилга инженерийн цэргийн анги бүрэлдэхүүн хүч нэмэгдүүдэн ажиллаж байна.

Ирэх аравдугаар сарын 30 гэхэд хатуу хучилттай авто замаар тээврийн хэрэгслийг зорчуулахын тулд дөрөвдүгээр багцын ажилд Зэвсэгт хүчнээс дахин хүч нэмэгдүүлэхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярт үүрэг болголоо.

Мөн Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатарт замын бүтээн байгуулалтад шаардагдах цементийг тасалдуулахгүй, дараалал харгалзахгүй хангахыг даалгав.

Улаанбаатар- Дархан-Уул чиглэлийн 204.11 км авто замыг 2023 оны аравдугаар сарын 30 гэхэд бүрэн дуусгаж ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

 

 

 

 

 

Leave a Reply

%d bloggers like this: