Олон жил дуншсан чанаргүй болсон том зээл болох “Кью-Эс-Си” компани Хөгжлийн банканд 191 тэрбумыг, Засгийн газар Монгол зэс-д 160 тэрбумыг төллөө

Сангийн сайд Б.Жавхлан Кью-Эс-Си компанийн өр төлбөр болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч “Кью Эс Си” компани 191.1 тэрбум төгрөгийг төлжээ. Тус компани цэвэр мөнгөн дүнгээр зээлээ төлсөн аж. Ингэснээр Хөгжлийн банкинд 485 тэрбум төгрөгийн чанаргүй зээл төлөгдсөн байна.

Сангийн сайд Б.Жавхлан: Эхний хагас жилийн байдлаар Хөгжлийн банкны чанаргүй зүйл нилээдгүй төлөгдлөө. Нийт 485 тэрбум төгрөгийн чанаргүй зээл бэлэн мөнгөөр төлөгдлөө. Ийм өндөр дүн гарахад сүүлийн долоо хоногийн хугацаанд Засгийн газар, Сангийн яам томоохон зээлүүдэд төвлөрч ажиллалаа. Тодруулбал Хөгжлийн банкны хамгийн том зээлдэгч нарын нэг Кью-Эс-Си компани 191.1 тэрбум төгрөгийн зээлээ бүрэн барагдуулж дууслаа.

Энэ зээл төлөгдсөнөөр Хөгжлийн банкны зээлжих зэрэглэл Засгийн газрынхтай адилхан тогтвортой хэвээр үлдлээ. Энэ нь эдийн засгийн хүнд нөхцөл байдлын үед Засгийн газрын өрийн менежмент үр дүнтэй байна гэдгийг гадаад зах зээл үнэллээ. 2023 оны есдүгээр сард төлөгдөх ёстой Евро бондын 500 сая ам.доллар, мөн 2023 оны арванхоёрдугаар сарын 25-нд төлөгдөх Самурай бондын эрсдэлээс тодорхой хэмжээнд гарч байна. Зээлжих зэрэглэл буурахгүй байснаар арванхоёрдугаар сарын 30-аас балансаа дахин сайжруулах, бүтцийн өөрчлөлт хийх боломж бүрдэнэ.

Самурай бондод 720-оод тэрбум төлөх учиртай. Засгийн газрын баталгаатай гаргасан учраас аль болох Хөгжлийн банкны зээлийг эргэн төлүүлж, Хөгжлийн банк бондын өөрөө эргэн төлөх зорилготой ажиллаж байна. Хөрөнгө оруулагч нарт бид хугацаандаа эргэн төлнө гэдгээ мэдэгдсэн. Манай өрийн бичигт гадаад хөрөнгө оруулагч нар бүрэн итгэлтэй байгаа гэдэг хариуг өгсөн.

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн дагуу “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой төлбөр тооцоог дүйцүүлэх хэлцэл хийж, харилцан суутгах үүрэг өгсөн. ОХУ-аас Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авсан “Монголын зэс корпораци” таван зүйлийг харилцан суутгая гэдэг хүсэлт ирүүлсэн. Үүнийг Засгийн газар авч хэлэлцээд харилцан суутгах замаар төлбөр барагдуулахаар шийдсэн.

Монголбанкнаас өмнө нь гарч явсан байсан 160 тэрбум төгрөгийг Засгийн газар буцааж харилцан суутгал хийснээр 1.1 их наяд төгрөгөөс 160 тэрбумыг төлж барагдууллаа гэсэн үг. Энэ нь хувьцаа төрийн мэдэлд ирсний баталгаа юм. Цаашдаа мөн харилцан суутгах хэлцэл үргэлжилнэ” гэлээ.

Хамгийн сайн мэдээ нь Хөгжлийн банканд зээлжих зэрэглэлийн үнэлгээ хийдэг олон улсын агентлаг тус банкны зээлжих зэрэглэлийг Засгийн газрынхтай адилхан буюу хэвээр үлдээсэн. Энэ нь тогтвортой буюу ВВ гэсэн үнэлгээ.

 

Leave a Reply

%d bloggers like this: