Жүжигчид Ц.Ганбаяр агсны хандивын мөнгөөр ХСҮТ-д 269 сая төгрөгийн хавдрын эрт илрүүлгийн аппарат хандивлалаа

Хошин урлагийн жүжигчид хамтран “Big show” шоуг зохион байгуулсны эцсийн зорилго нь МУСТА Ц.Ганбаяр агсны төлөө байв. Уг шоунаас олсон бүх орлогыг Ц.Ганбаярын эмчилгээнд зориулахаар төлөвлөн ажилласан. Харамсалтай нь, өвчин хэт оройтож оношлогдон, эмчилгээ авах хугацаанаас хэдийн хэтэрсэн байсан.

Харин өнөөдөр жүжигчид хамтран ХСҮТ-д хавдрыг эрт илрүүлэгч 260 сая төгрөгийн аппарат хандивлалаа. Найзынхаа гэгээн дурсгалд, хойдын буянд зориулан хийж буй сайн үйлсийн талаар тэд сэтгэгдлээ илэрхийллээ.

Жүжигчдийн төлөөлөл “Big show бол Ганбаагийнхаа эмчилгээний зардалд зориулсан хандивын аяны нэг хэсэг байсан. Бид UB Palace-д дөрөвдүгээр сарын 1-нд тоглолт хийж, түүний дараа Big show-ны зургаан дугаарыг IPTV-д тавьсан. Давтагдсан тоогоор 400 мянга гаруй үзэллтэй байсан. Нийт үзсэн үзэгчиддээ баярлалаа гэж хэлье. Ганбаа маань элэгний хорт хавдраар өвчилж, БНСУ-д эмчлүүлэх шаардлагатай болсон. Эмчилгээний зарлыг босгох гэж энэхүү шоуг хийсэн боловч, харамсалтай нь найзыгаа аварч үлдэж чадсангүй.

Найз маань БНСУ-руу эмчилгээндээ явсан боловч эмч нар хагалгаанд ороход хэтэрхий оройтсон гэсэн хариу өгсөн. Найз маань эрт үед нь мэдсэн бол эмчилгээ авах боломжтой байсан. Шоунаас орж ирсэн тодорхой хувийг найзынхаа ар гэрт нь зориулж, эрт үед нь элэгний хорт хавдрыг оношилж, эмчлэх боломжтой 269 саяын тоног төхөөрөмжийг ХСҮТ-д гардуулан өгч байна” гэлээ.

Leave a Reply

%d bloggers like this: