Л.Наранбаатар: Нэг шуудай цементийг ₮15,000 болгож, огцом буулгалаа

Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-аас үнийн өсөлтийн эсрэг аян зарлаж, нэг шуудай цементийн үнээ 15,000 болгосон талаар мэдээлэл хийлээ. Энэхүү аян он дуустал үргэлжилнэ.

Хөтөлийн цемент, шохойн үйлдвэр ХК-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Наранбаатар: “Цементийн хомсдолоос үүдэлтэй үнийн өсөлт айл өрхүүдэд дарамт болж байна. Ууттай цементийн үнэ 25 мянга, нэг тонн нь 500 мянга хүрсэн. Хөтөлийн цемент шохойн үйлдвэр 39 жилийнхээ түүхэнд анх удаа хоногт 3,695 тонн цемент үйлдвэрлэж рекорд тогтоосон. Үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэж байгаа учраас бид нийлүүлэлтээ ихэсгэж, үнэд интервенц хийх арга хэмжээг авч байна. Манайд гурван тээрэм зэрэг ажиллаж эхэлсэн.  Ингээд өнөөдөр 10:00 цагаас 44 дүгээр барилгын материалын захаас эхлэн үнийн цохилтоо хийж байна. Энэ хүрээнд ууттай цементийн үнийг 15 мянгад тогтоож байна. Үйлдвэр дээр 11925 төгрөгөөр гардаг. Гэрээт борлуулагч нар тээврийн хөлс болон бусад өртгөө нэмээд 15 мянгаар зарна.

Үүнээс илүү үнээр зарвал гэрээт борлуулагчийн гэрээг цуцалж, торгууль тавина. Нөөц хангалттай байгаа, хоногт 16 вагон цементийг Улаанбаатар хот руу нийлүүлнэ. Ялангуяа барилгын 44 зах, Толгойт, Амгалан зах руу нийлүүлэхээр төлөвлөлөө. Захуудад ууттай цементийн үнэ буугаад эхлэхээр бусад компаниудын цементийн үнэ дагаад буух боломжтой.

Яг одоо 6,000 тонн цемент манай агуулахад байгаа. Бид нэг хүнд долоо хоногт таван тонн цементийг шуудайг нь 15,000 төгрөгөөр худалдана гэсэн үг. Ингэж хязгаарлалт тавьж байгаагийн шалтгаан нь ченжүүд их хэмжээгээр нь худалдаж авч дарчхаад эргүүлээд өндөр үнээр хэрэглэгчдэд худалдаалаад, мөлжөөд эхэлбэл бидний үйл ажиллагаа үр дүнгүй болно.

Мөн уг нь нийт 16 вагон цемент захиалсан ч одоогоор найм нь л энд ирчхээд байна. Тиймээс “Улаанбаатар төмөр зам” ХНН бидэнд тээвэр ложистикийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгаа. Үгүй бол бид тэнд цементээ мянга үйлдвэрлэж, савлаад тээвэр ложистик дээр алдаа гарах, тээвэрлэлтийн зохион байгуулалтын алдаанаас бол бүтээгдэхүүн тасраад эхэлбэл бидний зорилт талаар болно.

Энэ зөвхөн Улаанбаатарт бус Дархан-Уул, Эрдэнэт, Сэлэнгийн бүс нутагт явагдана. Дархан-Уул, Сэлэнгэ, Эрдэнэт нь манай үйлдвэрээс харьцангуй ойрхон бүс учраас илүү хямд өртгөөр буюу нэг уут цементийг 14,000 төгрөгөөр борлуулна.

Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн үйлдвэрт нэг уут /50 кг-тай/ цемент 11925 мянган төгрөгөөр зарагдаж байгаа аж. Үйлдвэрээс авсан гэрээт борлуулагч нар иргэдэд борлуулахдаа 15 мянган төгрөгөөр зарахаар болжээ. Гэрээт борлуулагчдаас биш үйлдвэрээс нь очоод хямд авах боломжтой” гэж хэллээ.

 

Leave a Reply

%d bloggers like this: