Д.Тунгалаг: Хүүхдүүд багшийн мэдлэг, хичээлээ заах ур чадварыг голж байна

Нэгдсэн үндэсний байгууллага болон БШУЯ хамтран “Ирээдүйн төлөө хамтдаа” уриатайгаар “Хувьсаж буй боловсрол” үндэсний хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Хэлэлцүүлгийн зорилго нь ирээдүйн боловсролыг дахин төлөвлөх Тогтвортой хөгжлийн зорилт-4-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, сурлагын хоцрогдлыг арилгах бодлого, чиглэл, арга замыг талуудын оролцоотойгоор тодорхойлоход оршино.

Хэлэлцүүлгийн индэрт:

  • “Бүх нийтийн боловсролын төлөө” Үндэсний эвслийн зохицуулагч Д.Тунгалаг
  • КООСЭН коллежийн багш н.Болдбаатар
  • Нийслэлийн хүүхдийн холбооны тэргүүн н.Шинэтунгалаг
  • “Залуус судлаачдыг дэмжих сан”-гийн судлаач н.Долгор
  • “Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг”-ийн Гүйцэтгэх захирал Б. Батжаргал
  • Дэлхийн зөн ОУБ-ын Үндэсний захирал Б.Болорцэцэг

Өмнөх хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн санаачилгуудыг зургаан бүлэгт хуваан Ковид-19-тай холбоотой эхний гурван агуулгыг сонгон зургаан баг ярилцсан ба тэдгээрээс хамгийн их яригдсан сэдэв багш, хүүхдийн суралцах чадвар, сургуулийн орчин, цахим болон дижитал шилжилт, санхүүжилт гэх мэт байлаа.

“УЛСЫН НИЙТ ТӨСВИЙН 20-ИОС ДООШГҮЙ ХУВИЙГ БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ЗАРЦУУЛАХ ХЭРЭГТЭЙ”

“Бүх нийтийн боловсролын төлөө” Үндэсний эвслийн зохицуулагч Д.Тунгалаг: Сургууль бүр өөрийн гэсэн платформтой болох түүнд суралцагч эцэг эх, багш хамтран ажиллаж, сурлагын амжилтын үр дүнг тооцох, олон талын оролцоотойгоор үнэлгээ дүгнэлт өгдөг, сурагч эцэг эхийн санал шүүмжийг хүлээн авдаг платформтой байя гэсэн санал дэвшүүлж байна. Мөн хүүхдүүд сургууль эрүүл аюулгүй, хүчирхийлэлгүй орчинтой болох нь чухал.

Нийтийн хэлэлцүүлэгт яригдсан зүйл бол боловсролын салбарын санхүүжилтийн өмнө нь байсан хуулийн заалтыг буцаах шаардлагатай байна. Улсын нийт төсвийн 20-иос доошгүй хувийг боловсролын салбарт зарцуулах заалт байхгүй бол чанар, хүртээмжид нөлөөлж байна.

Мөн улс даяар цахим, дижитал боловсролын асуудлыг шийдвэрлэхгүй бол дахиад зайнаас суралцахад 170 гаруй мянган хүүхэд үлдэх магадлалтай.

Багшийн стандартыг биш багшийн чадамжийн хүрээг тодорхойлох хэрэгтэй. Хүүхдүүд багшийн мэргэжлийн мэдлэг, хичээлээ заах ур чадварыг голж байна. Эдгээрт анхаарахгүй бол бид чанартай мэдлэг, урч чадвараа авч төгсөж чадахгүй байна гэдгийг хэлж байна. Мөн эцэг эхийн оролцоог шинэ түвшинд гаргахгүй бол тэд идэвхгүй, хариуцлагагүй, оролцоогүй байх юм бол боловсролын шинэ тогтолцоо хувиран өөрчлөгдөж чадахгүй гэсэн дүгнэлтэд хүрлээ.

 

 

 

Leave a Reply

%d bloggers like this: