​Сергей Лавров: Хоёр хөрш төмөр замтэй холбогдох асуудлыг ярилцлаа

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Монгол Улсад ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд ямар асуудлаар хэлэлцээ хийсэн талаар хоёр улсын Гадаад харилцааны сайд нар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

Монгол, Оросын хамтын ажиллагааг иж бүрэн стратегийн түншлэлийн үзэл санааны дагуу хоёр талын хүчин чармайлттай урагшлуулах талаар ОХУ-ын Гадаад харилцааны сайд С.В.Лавровтой өнөөдөр санал солилцлоо.

Монгол, Оросын худалдааны хэмжээ 2021 онд хоёр тэрбум ам.доллар давсан. Энэхүү үзүүлэлтийг улам сайжруулах боломжтой гэж үзлээ.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой цар тахлын жилүүдэд тохиосон. Хоёр улс Улаанбаатар, Москва хотноо харилцан тэмдэглэн өнгөрүүлсэн. Одоо хоёр улс харилцааны шинэ зууныг эхлүүлээд байна. Монгол, Оросын хамтын ажиллагааг иж бүрэн стратегийн түншлэлийн үзэл санааны дагуу хоёр талын хүчин чармайлттайгаар урагшлуулах талаар ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой санал солилцлоо. Бидний харилцаа цар тахлын өмнөх харилцаанд эргэн орж, төмөр зам, агаарын харилцааг сэргээснээр иргэдийн харилцан зорчих урсгал болон худалдааны хэмжээ мэдэгдэхүйц нэмэгдэж байна. Лавров сайдтай хийсэн хэлэлцээний үеэр өнгөрсөн жил хийсэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалаар тохирсон ажлуудын хэрэгжилтийг ярилцаж, харилцааны өнөөгийн байдлыг дүгнэж, цаашдын хамтын ажиллагаа, өндөр дээд түвшний айлчлалууд, мөн томоохон арга хэмжээ, төслүүдийн талаар санал солилцлоо. Түүнчлэн, шийдлээ хүлээж буй олон жил ярьж байгаа зарим асуудлыг ярилцаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвийг тодорхойллоо.

Монгол, Оросын харилцан итгэлцлийн харилцаагаа улам бэхжүүлэх сонирхлоо хоёр тал нотолсон. Энэ хүрээнд худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа идэвхжүүлэх, тэнцвэржүүлэх, хамтарсан төслүүдийг урагшуулах, хоёр талын байгуулсан баримт бичгийн хэрэгжилтэд анхаарах талаар санал нийлж, ярилцлаа. Манай хоёр улсын худалдааны хэмжээ 2021 онд хоёр тэрбум ам.доллар давсан. Энэхүү үзүүлэлтийг улам сайжруулах боломжтой гэж үзлээ.

Сүүлийн үед хоёр улсын бүс нутаг хоорондын харилцаа идэвхжиж, харилцааны өргөн боломжууд нээгдэж, хоёр улсын бизнес эрхлэгчид идэвхтэй хамтран ажиллаж байгааг тэмдэглэхэд таатай байна. Ялангуяа, Алтанбулаг, Цагаан нуур чөлөөт бүсүүдэд Оросын талаас хөрөнгө оруулах, хамтарсан үйлдвэр байгуулах, тээвэр логистикийн төвүүдийг бий болгоход Оросын талтай хамтран ажиллах сонирхол манай талд байгаа. Мөн Монгол, Оросын хилийн боомтуудыг өргөжүүлэх, шинэчлэх, ачаа тээвэрлэлт, иргэдийн урсгалыг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулахаар тохирлоо.

Лавров сайдтай хоёр улсын хэрэгжүүлж байгаа хамтарсан төслүүдийн талаар санал солилцлоо. Монгол, Орос, Хятадын хоорондын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн ажлууд хуваарийн дагуу хэвийн явагдаж байна. Мөн төмөр замаар манай улсын зүүн болон баруун хэсгээр хоёр хөрштэйгээ холбогдох коридоруудын ажлыг хөндөн ярилцлаа.

Мөн төмөр замаар зүүн болон баруун хэсгээр хоёр хөрштэй холбогдох коридоруудын асуудлыг хөндөж ярилцлаа.

УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үйл ажиллагаа идэвхжүүлэх, төмөр замын техникийн шинэчлэлийг хэрэгжүүлэх зорилгоор тус нийгэмлэгийн дүрмийн санг нэмэгдүүлэх ажил ахицтай байгаа. Эрчим хүчний салбарт хэрэгжүүлж байгаа өргөтгөл, шинэчлэлийн хамтарсан төслүүдийг өргөжүүлэхээр ярилцлаа.

Хөдөө аж ахуйн салбарт Монгол Улсын газар тариалангийн хөтөлбөрийн техникийн шинэчлэл болон монгол малыг эрүүлжүүлэх хөтөлбөрийн гуравдугаар үе шатны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж, үр тарианы элеватор барих, мал сүргээ дархлаажуулах чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцлаа.

Хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд Монгол-Оросын ЕБС байгуулах ажлыг эрчимжүүлэх, хөрсний доройдол, цөлжилтийн эсрэг хамтран тэмцэх, тэрбум мод үндэсний хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах, сансар судлалын хүрээнд хамтын ажиллагааг сэргээх талаар тохирлоо.

Өнөөдрийн хэлэлцээний дүнд сэтгэл хангалуун байна, Лавров сайдын манай улсад хийж буй айлчлалын үеэр Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны зарим асуудлыг шийдвэрлэж, бидний анхаарлыг шаардаж байсан асуудлаар үр дүнтэй ярилцаж, зарим оновчтой шийдлийг гаргаж чадсан гэж дүгнэж байна. Манай хоёр улсын хамтын ажиллагаа цаашдаа үр өгөөжтэй үргэлжилнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Баярлалаа.

“ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ ОЛОН АСУУДЛААР БИД САНАЛ СОЛИЛЦСОН”

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.ЛАВРОВ: Өнөөдрийн хэлэлцээ Б.Батцэцэг сайдын хэлснээр маш амжилттай болж өнгөрлөө. Монгол, Орос улсын хооронд сайн хөршийн харилцаа олон чиглэлээр хөгжиж байна. Хоёр талын болон олон улсын харилцааны олон асуудлаар бид санал солилцсон. Мөн 2019 оны есдүгээр сард Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай хэлэлцээрийн дагуу хоёр талын хамтын ажиллагааг улам илүү өргөжүүлэх хүсэлтэй гэдэгт хоёр тал санал нэгдсэн.

Түүнчлэн цар тахлын нөхцөл байдал, хориг арга хэмжээг бүрэн авсны дараа манай хоёр талын хамтын ажиллагаа сэргэж эхэлснийг онцлон тэмдэглэж байна.

Өнгөрсөн онд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн ОХУ-д хийсэн айлчлалын ач холбогдлыг өндрөөр үнэлж, бусад хамтын ажиллагааны үр дүнг өндрөөр үнэлж байна. Цаашид хоёр талын худалдаа эрс өсөн нэмэгдэх төлөвтэй байгаа. Өнгөрсөн онд худалдаа 30 хувиар өссөн бол энэ оны эхний хагас жилд дахин 45 хувиар нэмэгдээд байна. Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн комиссын үйл ажиллагаанд мөн дэмжлэг үзүүлэхээр тохиролцсон. Тус комиссын ээлжит хуралдаан энэ жил Орос улсад болно.

Олон улсын нөхцөл байдалтай холбоотой асуудалд хоёр улсын байр суурь ойролцоо байгаа. Юуны түрүүнд манай хоёр улс НҮБ-ын дүрэмд тусгасан бүх дүрмийг дээдэлж, тэр дундаа тусгаар улсын эрх мэдлийг хүндэтгэж, түүнчлэн хамтын ажиллагааны бүхий л чиглэлээр хөгжүүлнэ гэдгийг мэдэгдэж байна.

291105581_704192430679387_6288365705473067346_n

Үүний хүрээнд дэлхий дахины хурцадмал байдлын шалтгааныг нарийвчлан тайлбарлаж, тэр дундаа АНУ болон холбоотнуудын зүгээс шийдвэрлэх асуудлыг нарийвчлан ярилцлаа. Донбасст болон Украины бусад нутгуудад болж буй цэргийн тусгай ажиллагааны үйл явцын талаарх мэдээллийг өөрийн зүгээс өгсөн. Бидний зүгээс Украинд болж үйл явдлыг хэрхэн өрнөж байгаа талаарх бүх үнэн бодит мэдээллийг дэлгэхийг хүсч байгаа. Харамсалтай нь, Барууны орнуудын зүгээс үнэн бодит, бие даасан хараат бус мэдээллийн эх сурвалжийг хязгаарлаж байна. Бусад олон улсын хамтын ажиллагааны асуудлын хувьд гэвэл НҮБ, Европын Аюулгүй Байдал, Хамтын Ажиллагааны байгууллагын хүрээнд мөн түүнчлэн Ази, Номхон далай дахь олон улсын талбарын хүрээнд харилцан уялдаатай үйл ажиллагаа явуулахаар тохиролцсон.

Монгол Улс ШХАБ, Европын эдийн засгийн холбоо, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагатай холбоо харилцааг улам илүү өргөжүүлэх тал дээр тодорхой саналуудыг хэлсэн.

Монгол Улсын нөөц бололцоог бүрэн ашиглах, хоёр талын хамтын ажиллагааны нөөц бололцоог бүрэн ашиглан олон улсын тавцанд хамтын ажиллагааг улам илүү нягт уялдуулах тал дээр хоёр талаас хүсэл эрмэлзлийг харуулсан өнөөдрийн яриа хэлэлцээний үр дүнд сэтгэл хангалуун байгаа гэдэгт Б.Батцэцэг сайдтай санал нэг байна. Мөн ОХУ-ын төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авч буй та бүхэнд талархлаа илэрхийлье.

291898583_555618316208322_6094270285211160862_n

Leave a Reply

%d bloggers like this: