Наадмаар зарим чиглэлд нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ

Баяр наадмыг зохион байгуулах хорооноос наамдын өдрүүдэд хийх зохицуулалт, анхаааруулга, авч хэрэгжүүлэх арга хэмжээ, хязгаарлалтын талаар мэдээлэл хийлээ. Хоёр жилийн хугацаанд цар тахалтай байсан, хоёр ойг давхардуулан тэмдэглэж байгаа учраас хүн хөдөлгөөн ихтэй, өргөн тэмдэглэхээр байгаа тул өндөр хамгаалалт, зохион байгуулалтыг нягт хийж байгаа аж.

Цагдаагийн хурандаа Т.Лхагвадорж “Баяр наадамтай холбоотой  цагдаагийн байгууллага нь нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг сахиулж, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр бэлтгэл ажил бүрэн хангагдаад байна. Баяр наадмын хамгаалалт нь долдугаар сарын 7-13-ний өдрийг хүртэл үндэсний баяр наадмын хөтөлбөрийн дагуу нийтийг хамарсан соёл урлагийн арга хэмжээ, Хүй долоон худагт болох хурдан морины уралдаан, төв цэнгэлдэх хүрээлэнгийн баяр наадмын хамгаалалтыг зохион байгуулна. Энэ хүрээнд цагдаагийн байгууллага долдугаар сарын 9-14-ний өдрийг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллана. Ингэхдээ баяр наадмын зарим замын хөдөлгөөнтэй холбоотой хязгаарлалтыг хийж танилцуулна.

Мөн энэ жилийн наадам хоёр жил тэмдэглээгүй, олон хоног болж байгаа учраас орон нутаг руу чиглэсэн иргэдийн замын хөдөлгөөний аюулгүй байдал дээр гол төлөвлөлтүүдийг хийж бэлтгэл ажлыг хангаж байна. Баяр наамдын үеэр цагдаагийн байгууллагын нийт 3600 орчим алба хаагч хамгаалалт зохицуулалтад ажиллана. Хэв журам хамгаалалтын чиглэлээр явган болон хөдөлгөөнт, завьт эргүүл, машинт эргүүл, морьт эргүүл зэрэг олон төрлийн эргүүлийн зохион байгуулалтыг хийж байна” гэлээ.

Наадмын үеэр төв цэнгэлдэх орчим амьдардаг иргэд иргэний үнэмлэх, орон сууцны түрээсийн бичиг,гэрчилгээг үзүүлж зорчино

Харин Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн дарга Б.Батболд “Баяр наадмын үйл ажиллагаатай холбоотой төв цэнгэлдэхийн автомашины зогсоолын асуудал хүнд байна. Гурван жилийн өмнө зохион байгуулсан наадмын үед автомашины зогсоол 3500 орчим байсан. Харин өнөөдрийн байдлаар 1300 автомашины зогсоол байна. Энэхүү зогсоолууд дээр олгогдсон зөвшөөрлийн дагуу байршуулах үйл ажиллагаа явж байна. Мөн Гандийн гудамж, Нийслэлийн өргөн чөлөө гэх хоёр уулзварын тодорхой хэсгүүд  хаагдаж явганаар хөдөлгөөнд оролцоно. Энэ жил тэгш ой тохиож байгаа учраас иргэдийн хөдөлгөөн их байхаар байна.

Нэмж хэлэхэд, Г зөвшөөрөл нь Дүнжингарав худалдааны төв дээрх зогсоол. Тэндээс нийтийн тээврээр үнэгүй нийслэлийн өргөн чөлөөнд ирэх боломжтой. Мөн Мишээл экспо төвөөс урд чиглэлд байдаг хүмүүс суух боломжтой. Мөн Мянган машины зогсоол дээр нийтийн тээврийг байршуулж татан авах боломжийг Нийтийн тээврийн газартай тохирсон байгаа. Харин хурдан морины уралдааны газрын хувьд долоон төрлийн зөвшөөрөл олгогдоно.

Мөн төв цэнгэлдэх хүрээлэнтэй ойр 19 орчим хотхон байдаг. Эдгээр хотхоны айлууд сууц өмчлөгчдийн холбооноосоо /СӨХ/ зөвшөөрөл авна. Мөн зөвшөөрөлтэй хамт иргэний үнэмлэх, орон сууц түрээсэлж байгаа байгаа бол түрээсийн бичиг, орон сууцны гэрчилгээ зэргийн аль нэгийг авч явж байж хөдөлгөөнд оролцоно” гэв.

Үүнээс гадна албаныхны хэлж буйгаар нийтийн тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнийг зохицуулж, тодорхой чиглэлүүдэд үнэ төлбөргүй зорчих боломжтой. Мөн 300 орчим такси үйлчилгээний тээврийн хэрэгсэл зөвшөөрөл хамаарахгүйгээр үйлчилгээнд явах болсон байна. Гол шалгуур нь такси үйлчилгээний лого, тэмдэгтэй стандартыг хангасан машинууд хөдөлгөөнд оролцох болсныг дурдлаа.Төв цэнгэлдэхийн атомашины зогсоол 3500-гаас 1300 болж буурсан нь  барилгажилт ихэссэнтэй холбоотой аж. Урд жилүүдэд хувийн хэвшлийн хашааг түрээсэлж, зогсоолоор ашигладаг байжээ.

 

Leave a Reply

%d bloggers like this: