​NHK: Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо таалал төгслөө

Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо нас барсан талаар “NHK” телевиз мэдээллээ.

Японы Либерал Ардчилсан намаас Ерөнхий сайд асан Шинзо Абэг шархаа даалгүй эмнэлэгт таалал төгссөн талаар мэдээллээ. Эмч нар түүний амийг аврахаар зургаан цагийн турш тэмцжээ.

Албаны эх сурвалжууд Абэ Шинзо 67 насандаа зэвсэгт халдлагын улмаас таалал төгссөн болохыг мөн баталж байгаа юм. Тэрээр өнөөдөр орон нутгийн цагаар 10.30 цагийн орчимд Нара хотод иргэдтэй уулзах үеэрээ гэмт этгээдийн халдлагад өртөж, цээж болон хүзүү тус газраа хоёр удаа буудуулан, их хэмжээний цус алдсан байдалтай эмнэлэгт хүргэгдээд байв.

Нара их сургуулийн эмнэлгийн удирдлагуудын мэдээлснээр Абэ Шинзо орон нутгийн цагаар 15.05 цагт таалал төгссөн байна. Тэрээр эмнэлэгт ухаангүй ирсэн бөгөөд огт ухаан ороогүй, гэр бүлтэйгээ уулзаж чадаагүй байна. Урьдчилсан байдлаар хохирогч цус их хэмжээгээр алдсаны улмаас үхэлд хүрсэн гэж дүгнэж байгаа аж. Эмч нар цус алдалтыг хэсэгчлэн зогсоож, цус нөхөх эмчилгээ хийсэн ч Ерөнхий сайд асны амь насыг аварч чадаагүй гэв. Нийт 20 гаруй эмч ажилласан.

Мөн сум түүний зүрхний ховдолд хүрч гэмтээсэн нь их хэмжээний цус алдахад хүргэсэн. Одоогоор цогцосноос сумны хэлтэрхийг олж гаргаж чадаагүй. Мөрний хэсэгт туссан өөр нэг сум хохирогчийн биеийг нэвт гарсан. Халдлага үйлдэгч этгээд Абэ Шинзогийн ар нуруу талаас буудсан. Гэвч хохирогчийн шарх биеийн урд хэсэгт байсан гэж мэдээллээ.

Абэ Шинзо нь дэлхийд гуравт орох том эдийн засагтай Япон улсын түүхэнд Ерөнхий сайдын албан тушаалыг хамгийн удаан хашсан эрхэм юм. Тэрээр Төв банкны мөнгөний бодлогыг зөөлрүүлэх, Засгийн газрын зардлаар дамжуулан төсвийн урамшуулал олгох, эдийн засгийн бүтцийн реформ хийх замаар хүн ам нь хэт хөгширч, 20 гаруй жил зогсонги болоод байсан Японы эдийн засгийг эрчимжүүлж чадсан түүхэн эрхэм билээ.

Шинзогийн эрин үед Японы ДНБ-ий өсөлтийн хурд болон ДНБ-тэй харьцуулсан Засгийн газрын өрийн хэмжээ сүүлийн 20 орчим жилд анх удаа тогтворжиж байв. Түүний эдийн засгийн энэхүү бодлогыг олон улсад “Абэномикс” гэж тодорхойлдог.

Абэ Шинзо гадаад бодлогын хувьд олон жилийн турш БНХАУ болон Хойд Солонгосын асуудлаар хатуу бодлого баримталж, АНУ, Их Британи, Австрали тэргүүтэй барууны болон Энэтхэг, Өмнөд Солонгос, Монгол Улс зэрэг Азийн ардчилсан орнуудтай харилцаагаа бэхжүүлж ирсэн, олон улсын хамгийн нөлөө бүхий удирдагчдын нэг байв.

Японы Ерөнхий сайдаар хамгийн удаан ажилласан ноён Абэ эрүүл мэндийн шалтгаанаар 2020 онд ажлаа хүлээлгэн өгсөн. Хожим нь тэрээр гэдэсний шархлаат өвчнөөр дахин өвдсөн юм. Түүний халааг түүний намын холбоотон Ёшихидэ Суга авсан ч дараа нь Фумио Кишида Ерөнхий сайд болсон.

Дэлхийн улсуудын удирдлагууд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан мэдэгдэл хийсээр байна. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон “Шинзо Абэ руу халдсан жигшүүрт халдлагыг сонсоод үнэхээр их балмагдан, эмгэнэж байна. Түүний гэр бүл, хайртай хүмүүстэй сэтгэл зүрхээрээ хамт байх болно” гэжээ.

Мөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга, Австралийн Ерөнхий сайд болон тус улсын Ерөнхий сайд асан эрхмүүд, Энэтхэгийн Ерөнхий сайд, Их Британийн Ерөнхий сайд, Тайваний Ерөнхийлөгч зэрэг хүмүүс Абэгийн эрүүл мэнд, сайн сайхны төлөө ерөөл илгээн мэдэгдэл хийсээр байна.

Харин Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн Баасан гарагт Японы удирдагч асан Шинзо Абэг буудан хөнөөсөн тухай сонсоод “гүн цочирдсон” гэж мэдэгджээ.

“Тэр бол намайг Ерөнхий сайд болоход уулзсан анхны удирдагчдын нэг байв. Тэр үүрэгтээ үнэнч, бас өгөөмөр, сайхан сэтгэлтэй хүн. Түүний гэргий болон Японы ард түмэнтэй сэтгэл зүрхээрээ хамт байх болно. Энэ мэт үйл явдал биднийг үнэхээр цочирдуулдаг” гэж Ардерн твиттер хуудсандаа бичжээ.

Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен твиттер хуудсандаа “Бидний зүрх сэтгэл, залбирал түүний гэр бүл болон Японы ард түмэнтэй хамт” гэсэн бол Финландын Ерөнхийлөгч Саули Ниинистё мөн халдлагын талаар сонсоод маш их цочирдсон тухайгаа твиттер хуудсандаа бичжээ.

Храин Пакистаны Ерөнхий сайд Шехбаз Шариф гунигт мэдээнд цочирдсон гээд “Түүнийг хурдан эдгэрч тэнхрэн, эрүүл болохыг хүсэн ерөөж, залбирч байна” хэмээн өөрийн твиттерт жиргэжээ.

Мөн Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Чарльз Мишель түүнийг буудсан үйлдлийг “хулчгар халдлага” хэмээгээд “Абэ бол жинхэнэ найз, олон талт дэг журамт нөхөр, ардчиллын үнэт зүйлсийг хатуу хамгаалагч юм” хэмээн магтжээ.

Япон Улсын Ерөнхий сайд Фумио Кишида үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Шинзо Абэгийн биеийн байдлын талаар мэдэгдэл хийлээ. Кишида болон түүний багийнхан хэвлэлийн бага хуралд нисдэг тэргээр иржээ.

Ерөнхий сайд Фумио Кишида хэлэхдээ “Ноён Шинзо Абэгийн биеийн байдал маш хүнд байгаа ба бид энэхүү хүнд нөхцөл байдлыг ойлгохыг хичээж байгаа. Түүний амийг аврахын тулд эмч нар байж болох бүхий л зохих арга хэмжээг авч байна. Энэ бол өршөөж боломгүй үйл явдал” гэж мэдэгдэв. Мөн түүний амийг аврахын тулд эмч нар яаралтай эмчилгээ хийж байгаа аж.

Мөн Шинзо Абэг цээж болон хүзүүнийхээ баруун талд буудуулсан байж болзошгүй гэж NHK телевиз цагдаагийн газраас иш татан мэдээлэв.

 

 

 

 

 

Leave a Reply

%d bloggers like this: