17 жилийн дараа Женнифер Лопез, Бен Аффлек нар албан ёсоор гэрлэлээ

Женнифер Лопез Бен Аффлек нар Лас Вегас хотноо гэрлэлтээ батлуулж албан ёсоор эхнэр, нөхөр болжээ. Тэд дахин сүй тавьснаас хойш гурван сарын дараа хуримаа хийлээ.

Гэрлэсэн өдрийнхөө зургийг өөрсдийн сошиал хуудастаа нийтэлж олон нийт, шүтэн бишрэгчидтэйгээ хуваалцжээ.

Хосууд Невада мужийн Кларк Кантри хотод гэрлэлтийн гэрчилгээгээ авсан бөгөөд хурим өнгөрөгч бямба гарагт буюу долдугаар сарын 16-нд болсон гэж эх сурвалжууд мэдээлж байна.

Дуучин, жүжигчин Женнифер Лопез: “Бид гэрлэчихлээ. Хайр бол үзэсгэлэнтэй. Хайр бол нигүүлсэл. Хайр бол тэвчээр. Энэ бол хорин жилийн тэвчээр байлаа. Хайр жинхэнэ байх үед гэрлэлтийн цорын ганц чухал зүйл бол бие биеэ хайрлана гэх амлалт юм. Хоёр биедээ анхаарал тавьж, ойлгож, тэвчээртэй байж, хайрлаж, сайн нэгэн байх нь чухал. Бид тийм байсан, байгаа, байсаар ч байх болно. Бид амьдралдаа өөр илүүг хүсэх зүйлгүй ийм элбэг дэлбэг, гайхалтай таван хүүхэдтэй, шинэ сайхан гэр бүлтэй болж буйдаа маш их талархаж байна.

“Өнгөрсөн шөнө бид Вегас руу нисэж, дөрвөн хосын хамт гэрлэлтийн гэрчилгээгээ гардлаа. Шөнө дунд гэхэд жижигхэн цагаан хуримын сүмд очсон. Тэд эелдгээр хаалгаа онгойлгож дараа нь бид бяцхан сүмд хуримын тангараг уншиж, насан туршдаа зүүх бөгжөө солилцсон. Энэ бол бидний төсөөлж байсан шиг хамгийн гайхалтай сайхан хурим байлаа.” хэмээн бичсэн байна.

Тэдний хайрын түүх 20 гаруй жилийн турш үргэлжилсэн билээ.  Алдарт хос анх 21 жилийн өмнө “Гигли” романы зураг авалтын талбайд танилцаж, гэмт хэрэгтнүүдийн дүрийг хамт бүтээснээр дотноссон түүхтэй.  Хосууд анх 2000-аад оны эхээр болзож, “Беннифер” хэмээн нэрлүүлэн, 2003 онд сүй тавьсан ч хэдий ч 2004 онд “Хэвлэл мэдээллийн анхааралд хэт их өртсөн” гэх шалтгаанаас болж, хуримаа хойшлуулж, улмаар 2004 оны 1 дүгээр  сард албан ёсоор сүйгээ цуцалсан юм.

Бен Аффлек энэ оны 4 дүгээр  сард Женнифер  Лопезд дахин гэрлэх санал тавьсан гэнэ.

Өдгөө 52 нас гарсан Женнифер Лопезын хувьд 1997-1998 онд Ожани Ноа, 2001-2003 онд Крис Жадд, 2004-2014 онд Марк Энтони нартай гэрлэснээс хойш 4 дэх удаагаа гэрлэж байгаа нь энэ юм.

Лопез болон түүний өмнөх нөхөр Энтони нар 14 настай ихэр Дэвид Муньиз, Эмме Маримизиан аав, ээж болсон.

Харин Аффлекийн хувьд 2005-2018 онд Женнифер Гарнертай гэрлэснээс хойш хоёр дахиа гэрлэлээ. Тэд 16 настай Виолет, 13 настай Серафина, 10 настай Самуэл гэх гурван хүүхэдтэй.

Алдарт дуучин бүсгүй хуримынхаа талаар “Бид ийм элбэг дэлбэг, гайхалтай таван хүүхэдтэй, шинэ гэр бүлийг бий болгож байна. Амьдралд маш их талархаж байна. Бид өнө удаан жил хамт байх болно”  хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

Бен Аффлекийн хувьд бор дарсанд донтсон хорт зуршлынхаа улмаас олон жил ойр дотныхоо хүмүүсийн санааг зовоосоор ирсэн бөгөөд хувийн амьдрал нь бүтэлгүйтэхэд ч нөлөөлсөн гэдэг. Бен 2020 онд архинаас бүрмөсөн гарч, фитнессээр идэвхтэй хичээллэх болсон гэж эх сурвалжууд бичдэг.

 

 

 

Leave a Reply

%d bloggers like this: