Б.Жавхлан: Дизель түлшний үнийг 500-600 төгрөгөөр хямдруулна

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар энэ жилийн намрын ургац хураалт болоод ирэх жилийн өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотой хөдөө аж ахуйн салбарт хэрэглэгддэг 10 мянган тонн хүртэлх дизель түлшний үнэд зохицуулалт хийх асуудлыг хэлэлцсээ байна.
Сангийн сайд Б.Жавхлан хэлэхдээ “Шатахуунаас хамааралтай үнийн өсөлтийг бага байлгахын тулд зохицуулалт хийхээр өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар төлөвлөлөө. Ингэхдээ дизель түлшийг 500-600 төгрөгөөр одоогийн зах зээлээс хямд байхаар шийдвэрлэлээ.
Өөрөөр хэлбэл энэ жилийн намрын ургац хураалт болон дараа жилийн эхний хагас жилд дотоодын ургац хураалтад хэрэглэхээр нөөцөлсөн бүтээгдэхүүнд шатахууны үнийн нөлөөлөл байлгахгүйгээр зохицуулж байна.
Иргэдийн хамгийн өргөн хэрэглэдэг АИ-92 шатахуунд ОХУ-тай хийсэн хэлцлийн үр дүнд амжилттай хэлэлцээрээ сунгасан. Уг хэлэлцээрээр АИ-92 шатахууныг 830 ам.доллароор он дуустал нийлүүлье гэсэн албан ёсны захиаг өчигдөр хүлээж авсан. Мөн дизель түлшийг он дуустал хоёр улсын хоорондох гэрээнд заасан дүнгээс 5 хувь хямдралтай үнээр нийлүүлье гэдэг баталгааны хуудас ирүүлсэн.
Өнөөдрийн байдлаар дизель түлшний гаалийн албан татвар 5 хувьтай байгаа. Үүнийг Засгийн газраас тэглэх арга хэмжээ авна. Ингэснээр бид дотоодын зүгээс буюу Засгийн газраас авч болох бүхий л аргаа авч байна гэсэн үг. Тиймээс намрын ургац хураалтад ихээхэн нэмэр болно гэж харж байгаа” гэсэн юм.
Дээрх мэдээллийг өгсний дараа бензиний үнэтэй холбоотой сэтгүүлчдийн асуусан асуултад дараах байдлаар хариуллаа.
-Дизелийн үнээс үүдэн хүнсний ногооны үнэ ихээр хөөрөгдөж байна. Үүнд ямар арга авч байгаа вэ?
Бидний гол дайсан бол инфляц. Биднээс нэг хувь ч шалтгаалахгүй зүйл бол бензин. Бид дэлхийн зах зээлээс урсгал сөрөх бүрт төсвөөс хөрөнгө гардаг. Бензин дээр дэлхийн зах зээлийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Гэвч иргэдийн цалин, өдөр тутмын орлогод шууд нөлөөлдөг учраас АИ-92 дээр онцгой анхаарч арга хэмжээ авч чадлаа.
Бензиний үнэ бүх зүйлд нөлөөлдөг учраас хүнсний ногоонд ч мөн нөлөө үзүүлнэ. Гэхдээ өнөөдөр шууд нөлөөлөхгүй ч ургац хураах үед мэдрэгддэг юм. Одоо зохицуулалт орсон учраас хүнсний ногооны үнэ нэмэгдэх үндэсгүй болно. Намраас эхлээд ногооны үнэ хямдарна. Бензиний үнээс шалтгаалж инфляц ийн савлаж, иргэдийн амьдралд шууд нөлөө үзүүлдэг учраас нефть боловсруулах үйлдвэрийг 2025-2026 онд ашиглалтад оруулахад нь хамгийн гол анхаарлаа хандуулах асуудал юм.
-Үнэ тогтворжуулах хуулийн хүрээнд бензиний үнийг энэ зэрэгт барьж байна гэж ойлгож болох уу?
-Бид хуулийн хүрээнд арга авсан учраас л АИ-92 бензинийг он дуустал нэг үнээр буюу хямдралтай авах нөхцөл бүрдэж байгаа юм.

Leave a Reply

%d bloggers like this: