Л.Энх-Амгалан: Цэцэрлэгийн хүүхдүүдийг хамран сургах тойргоор бүртгэнэ.

Засгийн газрын ээлжит хуралдаанаас 2022-2023 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх асуудлыг хэлэлцсэн байна. Энэ талаар салбарын сайд мэдээлэл өглөө.

Бүх сургууль, цэцэрлэгийг нэгэн зэрэг есдүгээр сарын 1-нд эхлүүлэхгүй

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан: Нийслэлийн түгжрэлийг бууруулах асуудал дээр анхаарч ажиллана. Өнгөрсөн жил зарим туршилтуудыг хийсэн. Тухайлбал, цэцэрлэг, сургуульд ээлжийн багш ажиллуулсан, ачаалал үүсгэдэг сургуулиудын цаг дээр өөрчлөлт оруулсан сайн туршлагаа үргэлжлүүлнэ. Есдүгээр сарын 1-ий өдөр гэхэд нийслэлийн ачаалал хэд дахин нэмэгддэг учраас бүх сургууль цэцэрлэгийг нэгэн зэрэг эхлүүлэхгүй. Тодорхой үе шаттайгаар сургууль, цэцэрлэг, мэргэжлийн дээд боловсролын сургуулийг эхлүүлэх төлөвлөлтийг хийж байна.

Ахлах курсийн оюутнууд хичээл, практикийг орон нутагт хийхээр төлөвлөж байна

Энэ жил 36 мянган хүүхэд ЭЕШ-д оролцсон. Үүнээс төрийн болон төрийн бус их дээд сургуулиудад 29824 хүүхэд буюу 30 мянган шинэ оюутан нэмэгдэх таамаг байна. Үүнийг дагасан томоохон ачаалал байдаг тул их дээд сургуулийн нэг, хоёр, гурав, дөрөвдүгээр курсийн оюутнуудын хичээлийг нийслэлийн ачаалалтай уялдуулан зохион байгуулна. Ес, аравдугаар сард ахлах курсийн оюутнууд хичээл, практик орон нутагт хийхээр төлөвлөж байна.

Цаашид жил бүр хөдөө орон нутгаас 20 оюутан ирдэг учраас нэг, хоёрдугаар курсийн оюутнуудыг тухайн хөдөө орон нутагт байгаа төрийн өмчийн сургуулиудад суралцуулах төрийн дэмжлэгийг төрийн сангаас үзүүлэх, хамгийн ур чадвартай багш нар хөдөө орон нутаг очиж ажиллах юм бол цалинг нь хоёроос доошгүй хувиар нэмэгдүүлэх, орон сууцны дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байна. Ийнхүү хөдөө орон нутгийн хүүхдүүд тухайн орон нутагт байгаа сургуульд сурах, 2+2 буюу хоёр жил хөдөө орон нутагт сурч, хоёр жил Улаанбаатар хотод сурах, нэг жил хөдөө орон нутагт сурч, гурван жил Улаанбаатарт сурах олон боломжуудыг олгож байна. Мөн Дархан, Эрдэнэт, Өмнөговь аймагт төрийн өмчит их сургуулиудаас нээгдэж ажиллана. Өмнөговь аймагт ШУТИС-ийн Уул уурхайн сургууль Монголд анх удаа давхартсан бус хөтөлбөрөөр анхны элсэлтээ авч 120 орчим оюутнуудыг бэлтгэх болсон.

Жилд 36 мянган оюутан төгссөн ч 6 мянга нь ажлын байртай байна

Өнгөрсөн хугацаанд бий болсон их дээд сургууль, мэргэжлийн боловсролын сургуульд бий болсон алдаа нь хөдөлмөрийн зах зээлтэй уялддаггүй бодлого явуулдаг байсан. Энэ жил 36 мянган оюутан их дээд сургууль төгсөхөд зургаан мянган хүүхэд нь ажлын байртай болж байгаа. Нөгөө талдаа 30 мянган инженер техникийн мэргэжилтэн хэрэгтэй байхад зургаан мянган инженер техникийн мэргэжилтэн бэлтгэдэг мэргэжлийн боловсролын тогтолцоотой болсон байна. Тиймээс энэ жилээс их дээд сургуулийн хөтөлбөрийн давхцал, мэргэжлийн индексийн өөрчилснөөр хөдөлмөрийн зах зээлтэй уялдуулан бэлдэх боломжтой тогтолцоо руу орж байна. Түүнчлэн, ковидын нөхцөл байдал хүндэрвэл авч хэрэгжүүлэх арга хэмжээний хувьд өнгөрсөн намар шинэ хичээлийн жил эхлэхэд бид есдүгээр сарын 1-ний өдөр хичээлийг эхлүүлэх үү, үгүй юү гэх том хуваагдал байсан. Гэхдээ эрсдэлийг зөв тодорхойлж шинээр тав, ес гэх зарчмаар хичээллэж сурсан учраас ямар нэг эрсдэлүүд үүсэхэд тодорхой шийдлүүд бий. Хамгийн гол нь хичээл сургуулийг хаахгүйгээр тасралтгүй үргэлжлүүлэх хэрэгтэй гэлээ.

 

 

Leave a Reply

%d bloggers like this: