С.Даваасүрэн:Налайх дүүргийн айл өрхүүд түүхий нүүрс түлэхгүй байх гэж итгэж байна

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хурал боллоо. Зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудал нь Агаарын чанарыг сайжруулах бүс, тухайн бүсэд мөрдөх журмыг шинэчлэн батлах тухай байв.

2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зорилгоор галлагааны улирал эхлэхээс өмнө 200 мянган тонн сайжруулсан шахмал түлш нөөцлөх үүргийг Засгийн газраас үүрэг болгосны дээр нийслэлийн Налайх дүүргийн найман хорооны 7691 өрх айлыг сайжруулсан түлшээр хангаж, түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон тул дээрх журамд өөрчлөлт оруулах шаардлага тулгарсан байна.

Налайх дүүргийн хэмжээнд галлагааны улиралд нийтдээ 23 мянган тонн шахмал түлш шаардлагатай гэсэн тооцоо гарсан бөгөөд түлш тээвэрлэх, нөөцлөх, түгээх ажлыг зохион байгуулах зардлыг шийдвэрлэж өгөхийг холбогдох албаныхан хүссэн юм.

Нийслэлийн хэмжээнд тулгамдаж буй асуудал нь сайжруулсан шахмал түлшийг хадгалах агуулахын асуудал юм.

Баталж өгсөн төсөв нь Засгийн газраас үүрэг болгосон хэмжээний түлш нөөцлөхөд хүрэлцэхээргүй байгаа аж. Тиймээс нийслэлийн зүгээс хүлээсэн үүргийн дагуу сайжруулсан түлш нөөцлөн хадгалах агуулахын асуудлыг яаравчлан шийдвэрлэх, тээвэрлэгч компаниудын зүгээс тавьж буй шаардлагын талаар хэлэлцэх хэрэгтэйг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө танилцуулав.

Тээвэр эрхэлж буй аж ахуйн нэгж, тээвэрчдийн тухайд одоогийн мөрдөж буй үнэ тариф алдагдалд оруулж буйг удаа дараа хэлж байгаа аж.Налайх дүүрэгт түүхий нүүрс хууль бусаар олборлох тохиолдол гардаг.

Тиймээс дүүргийн хэмжээнд түүхий нүүрс түлэхгүй байхад хэрхэн анхаарч ажиллах талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн хэлэхдээ “Налайх дүүргийн хэмжээнд түүхий нүүрсний олборлолт, түгээх, түлэх асуудал гаргахгүй байх үүргийг дүүргийн Засаг даргын Тамгын газар хүлээж байгаа. Иргэдийн хувьд сайжруулсан шахмал түлшний ач холбогдлыг ойлгосны дээр үнэ ханш нь хямд тусч буй тул түүхий нүүрс түлэхгүй байх гэж итгэж байна.

Харин шахмал түлшийг бусад аймаг хот руу гаргахгүй байхад давхар анхаарал хандуулах нь зүйтэй”-г тодотгож байлаа.

Leave a Reply

%d bloggers like this: