“Танд санхүүгийн тусламж хэрэгтэй юу?” гэх зарууд цахим орчинд түгээмэл үзэгдэх болжээ

“Танд санхүүгийн тусламж хэрэгтэй юу?” гэх зарууд цахим орчинд түгээмэл үзэгдэх болжээ. Зээлийн нөхцөл, шаардлага нь ч хүн үнэмшихийн аргагүй доогуур, хүү, хэмжээ нь итгэхэд ч бэрх. Тийм байвч ийм л луйвар цахим орчинд гаарч, өнөө, маргаашаа аргацааж буй монголчуудыг олзолсоор байна. Иргэддээ анхааруулах үүднээс “Санхүүгийн тусламж танд хэрэгтэй юу? Бид танд зээл санал болгож байна” гэх фэйсбүүк хэрэглэгчтэй холбогдов.

Энэ төрлийн залилагчид ихэвчлэн монгол хүний фэйсбүүкээр эсвэл өөрсдийгөө өв залгамжлагч, цэргийн хурандаа, насаараа банканд ажилласан хүн зэргээр танилцуулж, итгүүлэх гэж оролддог. Бидний харьцсан залилагчийн хувьд монгол хүний фэйсбүүк ашиглаж байсан бөгөөд өөрийгөө “1961 оны 7-р сарын 14-нд Альби хотод төрсөн (ЖАН-ЛОРАН БОННАФЕ) хэмээх дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн Францын бизнесмэн, би Францын банкир хүн” гэж танилцуулсан юм.

Эхлээд танаас “Бүтэн нэр, улс, зээлийн хэмжээ, зээлийн хугацаа, зээлийн зорило, утасны дугаар” гэх мэт мэдээллүүдийг тань шаардах болно. Шаардлагатай мэдээллийг өгсний дараа таныг хэзээ, ямар дүнгээр зээлээ эргэн төлөхийг харуулж, нийт хүү нь хэдэн төгрөг болохыг тооцоолж, харуулна.

Хамгийн сонирхолтой нь тэдний явуулсан данс монгол хүнийх байх бөгөөд эндээс иймэрхүү төрлийн луйврыг монголчууд өөрсдөө хийдэг гэх хардлагыг төрүүлж байв. Нөгөө талдаа луйварчдын бичиж буй зурвасын утга, үг сонголт, өгүүлбэрийн бүтэц гэх зүйлсийг нь сайн ажиглавал интернет орчуулагч ашиглаж бичсэн гэмээр харагдана.

Эцэст нь заасан дансанд нь мөнгийг нь хийхгүй бол “Та миний анхны туршлага биш. Монголын хэд хэдэн иргэн, аж ахуйн нэгж миний зээлийн үр шимийг хүртчихсэн.Хэрэв танд үнэхээр зээл хэрэгтэй бол ноёнтоон та зээл авахын тулд миний банкны зааврыг дагаж мөрдөх ёстой. Та зээл авахын тулд одоо төлбөрөө хийх ёстой” гэх утгатай зурвасуудыг илгээдэг аж. Тэгээд л миний өмнө нь харьцаж, зээл олгож байсан үйлчлүүлэгчид гэх тааруухан фотошопын зурагнуудаа явуулж, таныг итгүүлэх гэж янз бүрийн л арга чарга хэрэглэх болно.

Leave a Reply

%d bloggers like this: