БШУЯ-наас цэцэрлэгийн элсэлт, бүртгэл, хүртээмжийн талаар өгсөн ЦОГЦ МЭДЭЭЛЭЛ

Цэцэрлэгийн элсэлт, бүртгэл, цэцэрлэгийн хүртээмжтэй холбоотой асуудлаар БШУЯ-наас мэдээлэл өгч байна.

БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан: Цэцэрлэгийн хүртээмжийн асуудлаар “Засгийн газар хэмнэлтийн хууль баталж 100 орчим тэрбум төгрөгийн хөрөнгийг цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд баталсан. Монгол Улсын хэмжээнд 303 мянган хүүхэд цэцэрлэгийн настай. Үүнээс нийслэлийн хэмжээнд 2-5 насны 141 мянган хүүхэд бий. Цэцэрлэгийн насны 34486 хүүхэд буюу 4 хүүхэд тутмын нэг нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй үлддэг байв. Тэгвэл Монгол Улсын Засгийн газрын “Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын дагуу цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хэсэг байгуулагдав. Хүүхдээ цэцэрлэгт хамруулахын тулд сугалаанд хамрагддаг тогтолцоо байсан. Тэгвэл өнөөдөр бид сугалааны цэцэрлэгийн тогтолцоог халж байна. Энэ оны есдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар 26643 хүүхэд, 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 7755 хүүхэд буюу нийт 34398 хүүхдийг цэцэрлэгт хамруулахаар болоод байна” гэлээ.

Цэцэрлэгийн цахим бүртгэлийг наймдугаар сарын 10-наас есдүгээр сарын 24-ныг хүртэл гурван үе шаттай зохион байгуулна.

Тодруулбал,

Нэгдүгээр үе шат:

  • Наймдугаар сарын 10-24-н хүртэл хүсэлт хүлээн авна
  • Наймдугаар сарын 25-26-н хүртэл цэцэрлэгт хуваарилна
  • Наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 9-н хүртэл бүртгэлийг баталгаажуулна.

Хоёрдугаар үе шат:

  • Есдүгээр сарын 10-25-ныг хүртэл хүсэлт хүлээн авна
  • Есдүгээр сарын 26-27-ны өдрүүдэд цэцэрлэгт хуваарилна
  • Есдүгээр сарын 27-30-ны өдрүүдэд бүртгэлийг баталгаажуулна.

Гуравдугаар үе шат:

  • Аравдугаар сарын 3-24-н хүртэл хүсэлт хүлээн авна
  • Аравдугаар сарын 25-26-ны өдрүүдэд цэцэрлэгт хуваарилна
  • Аравдугаар сарын 26-31-нийг хүртэл бүртгэлийг баталгаажуулах юм.

 

Хамран сургах тойргоороо таны хүүхэд аль цэцэрлэгт хамрагдахыг эргээд мэдэгдэнэ

Сайд үргэлжлүүлэн: “Маргаашаас эхлэн цэцэрлэгт элсэх хүсэлтийг авна. Энэ бол бүртгэл биш бөгөөд хүсэлт юм. Ингэхдээ хамран сургах тойргийг гурван үе шаттай зарлах гэж байгаа. Хамран сургах тойргийг удахгүй зарлах бөгөөд хамран сургах тойргоороо таны хүүхэд аль цэцэрлэгт хамрагдах вэ гэдгийг бид эргэж мэдэгдэнэ. Энэ бол сугалаа биш. Хүүхэд бүр цэцэрлэгт хамрагдах боломжийг олгоно.

Түүнчлэн өмнө нь бид хамран сургах тойргийг зөвхөн төрийн цэцэрлэгийн ачааллаар нь тооцоолж буруу төлөвлөж ирсэн байна. Үүнийг энэ жилээс халж байгаа быөгөөд тухайн хамрах сургах тойргийг шинэчилнэ.

Нийслэлийн удирдлагын шинэчилсэн төлөвлөлтөөр 204 хорооны төрийн болон төрийн бус цэцэрлэгүүдийн багтаамж дээр суурилсан төлөвлөлтийг хийнэ” хэмээн хэллээ.

 

Чингэлтэй, Сүхбаатар, Багануур, Багахангай дүүрэг аравдугаар сарын 15-н гэхэд бүх хүүхдээ цэцэрлэгт хамруулах боломж бүрдлээ

Сүүлийн хоёр сар БШУЯ болон Нийслэлийн ЗДТГ, хороодын дарга нартай ажилласны үр дүн гарч байгааг Та бүхэнд баяртайгаар мэдээлэхэд таатай байна.

Монгол Улсын хэмжээнд өнөөдөр цэцэрлэгийн насны 303,000 хүүхэд байгаагаас нийслэлийн хэмжээнд 2-5 настай 141,000 хүүхэд байгаа юм.

Үүнээс нийслэлийн цэцэрлэгүүд 102,000-г нь хүлээн авах суурин хүчин чадалтай бөгөөд 2022-2023 онд 106,000 хүүхдийг цэцэрлэгт сургах боломжтой байв. Ингэхээр сугалаанд оролцож, цэцэрлэгийн гадна үлддэг 34,000 орчим хүүхэд байсан.

Тэгвэл өнөөдөр хэн азтай, мөнгөтэйгийнх нь хүүхэд цэцэрлэгт ордог байсан тогтолцоог үгүй болгосон. Албан ёсоор Монгол Улсад сугалааны цэцэрлэгийн тогтолцоог халж байгаа эхний алхам болж байна.

Жил бүр цэцэрлэгийн хүртээмж төвийн зургаан дүүрэгт хүндрэлтэй байв. Харин өнөөдөр Сүхбаатар дүүрэг цэцэрлэгийн хүртээмжийг 100 хувь шийдсэн буюу цэцэрлэгийн насны бүх хүүхдээ цэцэрлэгт элсүүлэх боломж бүрдлээ.

Мөн Чингэлтэй, Багахангай, Багануур дүүрэг есдүгээр сарын 1-н болон аравдугаар сарын 15-н гэхэд цэцэрлэгийн насны бүх хүүхдээ хамруулах боломж бүрдсэн” хэмээлээ.

 

Т.Ням-Очир: Эхний ээлжид 3-5 настай хүүхдүүдийг 100 хувь цэцэрлэгт хамруулахаар ажиллана

Энэ үеэр Боловсролын Ерөнхий газрын дарга Т.Ням-Очир “Энэ хичээлийн жилийн цэцэрлэгийн элсэлт, бүртгэлийн хүсэлтийг маргааш албан ёсоор И-Монголиа системээр хүлээж авна.

Бүртгэлийн мэдээлэл ойлгомжтой, хаягжилт тодорхой байх нь нэн тэргүүний ажил учраас системийг цэгцэлсэн.

Эхний ээлжид 3-5 настай хүүхдүүдийг 100 хувь цэцэрлэгт хамруулах бодлогыг есдүгээр сарын 1-нээс өмнө шийдвэрлэхийг хичээнэ. Тодруулбал, насны хязгаарыг 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс 2020 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэлх хүүхдүүдийг бүртгэнэ.

Цэцэрлэгийн бүртгэл хийлгэхдээ иргэд амьдарч байгаа хаягаа баталгаажуулах шаардлагыг тавина. Энд түр оршин суугчийн асуудал ч байгаа. Хэрэгцээ шаардлагынхаа үүднээс харьяаллын бус газарт оршин сууж байгаа тохиолдолд түр оршин суугчийн баталгаажуулалт хийлгэсэн байх хэрэгтэй.

Жишээ нь, тухайн цэцэрлэг 300 хүүхдийн хүчин чадалтай байгаад хамран сургах тойргийн хүүхдийг аваад нэмэлтээр 20 хүүхэд авсан байвал түр оршин суугч мөн эсэх баталгаажуулалтыг хийнэ. Тиймээс ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил гаргахгүй байдлаар систем өөрөө зохицуулалтыг хийх юм.

Нийслэлд байгаа 141,000 хүүхэд өөрийн регистрээр системд орох учраас хий бүртгэл, худал тоо бөглөх тохиолдол гаргахгүй байхаар зохицуулалт хийсэн” хэмээн хэлэв.

 

E-Mongolia-аар хүсэлтээ илгээх боломжгүй бол улсын цэцэрлэгүүд дэх дэмжих багт хандаж болно

Энэ удаагийн цэцэрлэгийн бүртгэлийг цахимаар буюу E-Mongolia систем ашиглан гурван үе шаттай явуулахаар болоод буй.

Цахимаар хэрхэн хүсэлтээ илгээх талаар БШУЯ-ны Боловсролын ерөнхий газрын Цахим шилжилт, нэгдсэн статистикийн газрын дарга Н.Мөнхсанчир танилцууллаа.

Цэцэрлэгийн элсэлттэй холбоотойгоор E-Mongolia системд “Боловсролын үйлчилгээ авах” гэсэн шинэ цэс нэмэгджээ. Уг үйлчилгээг авахын тулд E-Mongolia системд нэвтрэн орсноор уг үйлчилгээг авах боломжтой. Дарааллын хувьд

  • Боловсролын үйлчилгээ авах
  • Сургуулийн өмнөх боловсрол
  • Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах

гэсэн сонголтуудыг хийснээр таны 2-5 насны бүх хүүхдийн мэдээлэл систем дээр харагдах нь.

Хүүхдүүдийнхээ нэр дээр дараад цэцэрлэгт хамрагдахтай холбоотой асуултуудад хариулах юм байна.

Үйлчилгээний талаарх танилцуулга, эрх зүй, түгээмэл асуулт бүгд байгаа тул иргэд уг мэдээллүүдтэй танилцсанаар системд хялбар ажиллах боломжтойг тэрбээр тайлбарлалаа.

Хүсэлтээ баталгаажуулсны дараа 2-5 насны хүүхэд тус бүрд хүсэлт хэрхэн шийдэгдсэн талаарх хариу мэдээлэл ирэх юм байна.

Харин E-Mongolia системийг ашиглан цэцэрлэгт элсэх хүсэлтээ илгээх боломжгүй хүмүүс өөрийн болон хүүхдийнхээ бичиг баримттай тухайн цэцэрлэгт хандах боломжтой аж. Учир нь элсэлттэй холбоотойгоор төрийн өмчийн бүх цэцэрлэгт дэмжих баг ажиллуулахаар болжээ.

 

Алслагдсан гэр хорооллын хүүхдүүдийг аль болох 1 км-ээс холгүй цэцэрлэгт хамруулах зохицуулалт хийж байна

Энэ үеэр алслагдсан хороололд амьдарч байгаа хүүхдүүдийн цэцэрлэгийн хүртээмжийн талаарх сэтгүүлчийн асуултад Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хариулав.

Тэрбээр “Цэцэрлэгийн бүртгэл эхлүүлэхтэй холбоотойгоор хорооны 204 дарга нартай уулзаж, мэдээлэл авахаас гадна газар дээр нь очиж ажилласан. Бид алслагдсан гэр хороололд байгаа хүүхдүүдийг цэцэрлэгт түлхүү хамруулах бодлогыг баримтална.

Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт гол асуудал байна. Эхний ээлжид алслагдсан хорооллуудад гэр цэцэрлэгийн зохицуулалтыг хийхээр ажиллаж байгаа. Түүнчлэн арваннэгдүгээр сараас цомцог гэр буюу шинэ технологид суурилсан, ариун цэврийн байгууламж хангагдсан гэр цэцэрлэгүүдэд хүүхдийг хамруулах судалгааг хийж байна. Хүүхдүүдийг аль болох нэг километрээс хэтрүүлэхгүй байх зохицуулалтуудыг хийж байгаа. 
Энэ жил шинээр ашиглалтад орж байгаа 24 цэцэрлэгт 5,000 орчим хүүхэд элсэнэ. Үүний хувьсах зардал 100 хувь шийдэгдсэн.

Цэцэрлэгийн бүртгэлийг тоон гарын үсгээр хийх нь зөв. Гэхдээ бүртгэлээ бүрэн хийж чадаагүй иргэд тухайн хамран сургах тойрогтоо байгаа цэцэрлэг дээрээ очиж бүртгэл хийлгэх боломжтой” хэмээн хэллээ.

 

Л.Энх-Амгалан: Цаашид ямар нэг шалтгаанаар тойргийн бус хүүхэд элсүүлсэн сургууль, цэцэрлэгийн эрхлэгчдэд хариуцлага тооцно

204 хорооны төрийн болон төрийн бус цэцэрлэгийн багтаамжийг төлөвлөж хамран сургах тойргийг зарлана

Тэрбээр “Өмнө нь бид хамран сургах тойргийг тухайн тойрогч байгаа зөвхөн төрийн цэцэрлэгийн ачааллаар нь тооцоолдог байсан нь буруу байсан. Үүнийг энэ жилээс халж байгаа.

Тодруулбал, нийслэлийн удирдлагын шинэчилсэн төлөвлөлтөөр 204 хороо дээр хамран сургах тойргийг зарлаж, төрийн болон төрийн бус цэцэрлэгүүдийн багтаамж дээр суурилсан төлөвлөлтийг хийж, шинэчилнэ.

Мөн нийслэлийн ачаалалтай сургууль, цэцэрлэгийн сурагчдын 40-50 хувь нь тойргийн бус хүүхэд байсан гэдэг нь өнөөдөр судалгаагаар тогтоогдсон. Иймд энэ жилээс хүүхэд бүр тухайн хамран сургах тойргийнхоо цэцэрлэг, сургуульд бүрэн хамрагдах боломжийг нь тэгш олгоно.

Нийслэлийн өглөө, оройн замын түгжрэлийн 30-40 хувь нь хүүхдүүдээ цэцэрлэг, сургуулиас авдгаас үүдэлтэй байдаг.  Тиймээс бүх хүүхдээ хамран сургах тойргоор нь хамруулж сургасан тохиолдолд нийслэлийн түгжрэл дагаж буурах боломжтой”  хэмээн ярилаа.

“Нэг сая төгрөг авч, орон сууцныхаа ордер дээр хүүхдийг нь бүртгэж, сургуульд элсүүлдэг авлигын сүлжээ байсан”

Үргэлжлүүлэн “Нийслэлийн гол байршилд байдаг төрийн цэцэрлэг, сургуульд хамран сургах тойргийн бус хүүхэд бүртгэдэг тодорхой авлигын сүлжээ байсныг нуухгүй. Тухайлбал, Нэгдүгээр сургуульд элсэн ороход нэг сая төгрөг авч, орон сууцныхаа ордер дээр бичүүлж, түүгээр нь бүртгэл хийдэг сүлжээ байсан.

Иймд бид АТГ-тай хамтран энэ жилийн цэцэрлэг, сургуулийн бүртгэлийн ил тод, нээлттэй, шударга байлгах бололцоог бүрдүүлж ажиллана. Эцэг, эх асран хамгаалагчид болон төрийн бус байгууллага бидэнтэй хамтран ажиллах ёстой.

Цаашид ямар нэг шалтгаанаар тойргийн бус хүүхэд элсүүлсэн сургууль, цэцэрлэгийн эрхлэгчтэй хариуцлага тооцох алхмыг эхлүүлж байна” гэлээ.

БШУЯ ирэх долоо хоногт ЕБС-иудын хичээлийн шинэ жилийн бэлтгэлийн талаарх мэдээллийг өгөх юм байна.

 

 

 

 

Leave a Reply

%d bloggers like this: