С.Амарсайхан: Мэргэжлийн хяналтын байгууллага мэргэжлийн байж, төрийн байгууллагын үлгэр жишээ байх ёстой

Шадар сайд С.Амарсайхан Эмээлт дэх махны үйлдвэрт хийсэн шалгалтын асуудлаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэргэжилтнүүдтэй уулзаж байна.

Тэрбээр “Наадмаар амралтгүй ажилласан гэх нэрээр өнөөдрийг хүртэл тодорхой шийдвэр, хариуцлага тооцсон юмгүй сууж байна. Сүх далайтал үхэр амар гэдэг шиг яасан тайван, ичиж эмээхээ байчихсан юм. Бүхэл бүтэн гурван сар шүү дээ. Та бүхний ах дүү, ар гэрийнхэнд чинь хамаатай асуудал. Асуудал хариуцсан юм бол бичиг цаасыг нь гаргаад ир. Зөрчлийн хэрэг нь хуулийн дагуу шалгаад явна. Хариуцсан байгууллага нь лабораторид хийсэн шинжилгээг үндэслээд шийдлээ гаргаад, хэрэгжүүлсэн байх ёстой. Ингэж хүний толгой эргүүлж, ингэж хариулахаар болдог гэсэн бүтэлгүй, явуургүй зангаа боль. Та нар төрийн албан хаагч. Гадаа гутал, хувцас зардаг хүмүүс биш. Надтай та нар ингэж харьцаж байгаа юм чинь бусадтай яаж харьцаж ажиллах вэ. Би энэ асуудлыг чинь мэддэг, хариуцсан сайд нь шүү.

Мэргэжлийн хяналтын байгууллага мэргэжлийн байж, төрийн байгууллагын үлгэр жишээ байх ёстой. Ил тод нээлттэй, зохион байгуулалттай байх ёстой. Дунд шатны дарга нараа хаацайлсан, ажил хийдэггүй замхруулдаг байж болохгүй. Зургадугаар сард эхэлсэн шалгалтын ажил өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байж болохгүй” гэсэн юм.

Хуралд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хүнсний аюулгүй байдал хариуцсан албан тушаалтнууд оролцож байгаа бөгөөд шалгалтын ажил үргэлжилж буйг тодотгоод шалгалтын дүнд үндэслэн зөрчлийн хэрэг нээсэн болохыг хэлсэн юм. Харин Шадар сайд тухайн шалгалтын дүгнэлтийг харахыг хүссэн ч зөрчлийн хэрэгт хавсаргасан, одоо байхгүй байгааг хэллээ.

Шадар сайд НМХГ-ын дарга болон Хүнсний аюулгүй байдал хариуцсан дарга нарыг өнөөдөр ажлаас нь чөлөөлөхийг Мэргэжлийн хяналтын газрын даргад сануулав.

 

 

 

 

Leave a Reply

%d bloggers like this: