УБ-Дархан чиглэлийн авто замын ажлыг 10-р сарын 30-нд дуусгаж, хөдөлгөөнийг нээхээр төлөвлөж байна

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын нэгдүгээр багцын замд долдугаар сарын 26-нд хүчтэй борооны улмаас эвдрэл үүссэн.

Тухайн асфальтбетон хучилтын хууларсан хэсгийг засварласан эсэх талаар Зам, Тээврийн Хөгжлийн Яам (ЗТХЯ)-ны холбогдох мэргэжилтнээс тодруулахад “Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын багц нэгдүгээр хэсэг болох баруун аймаг салах тойрог уулзвараас Хар модот давааны ар хүртэлх авто замын трассын ПК10+000-ПК15+000 хэсэгт хүчтэй аадар борооны улмаас үерийн ус замын даланг 100 орчим метр өргөнтэй хөндлөн давсан байдаг.

Хөндлөн давж урсахдаа замын голын тусгаарлах бетон хашлагыг урсгаж, тухайн 3-4 тонн жинтэй бетон хашлага нь унахдаа замын асфальтбетон хучилтын гадаргууг эвдсэн. Үерийн улмаас эвдэрсэн хэсгийн замыг засварлах ажлын хөрөнгийг гүйцэтгэгч аж ахуйн нэгж дээрх даатгалын компаниас гаргаж, тухайн засварын ажлыг хийж дуусгасан байгаа.

Эвдэрсэн хэсгийн замын асфальтбетон хучилтын хуулж авсан бөгөөд тухайн хэсэгт шинээр асфальтбетон хучилт дэвссэн” гэдгийг хэлэв.

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажлын явцын талаар ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Б.Ууганбаяраас тодрууллаа. 



-Дарханы замын бүтээн байгуулалтын хүрээнд таван багц ажил хийгдэж байгаа. Эдгээр багцын гүйцэтгэл хэдэн хувьтай байна вэ? 

-Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөх бүтээн байгуулалтын хоёр эгнээ авто зам /өмнө ашиглагдаж байсан/-ыг Азийн хөгжлийн банкны “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-өөр, нэмэлт хоёр эгнээ авто зам /шинээр нэмж барих/-ыг Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар тус тус хэрэгжүүлж байна. Төслийн зам барилгын ажлыг дараах таван багц хэсэгт хуваан хэрэгжилтийг зохион байгуулж байна.

  • Багц 1: Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар модот давааны ар хүртэлх 37.26 км авто зам
  • Багц 2: Хар модот давааны араас Урьхан хүртэлх 45.5 км авто зам
  • Багц 3: Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км авто зам
  • Багц 4: Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км авто зам
  • Багц 5: Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км авто зам

-Багц тус бүрийн ажил хэдэн хувьтай үргэлжилж байгааг танилцуулахгүй юу?

-Азийн Хөгжлийн Банк (АХБ) санхүүжилтээр хэрэгжиж буй Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг 2019 оны зургаадугаар сарын 26-ны өдөр эхлүүлсэн байдаг. Энэ ажлын хүрээнд багц 1, 3, 5 дугаар хэсгийн хучилт дуусаж, нийт 113.53 км авто замын хөдөлгөөнийг 2021 оны долдугаар сарын 16-ны өдөр нээсэн.

Багц 2 болон 4 дүгээр хэсгийн гүйцэтгэгч компани коронавируст цар тахлын улмаас зам барилгын ажлыг хийж гүйцэтгэх боломжгүй болж, барилгын ажил гүйцэтгэх гэрээг 2020 онд цуцалсан.

Дараагийн гүйцэтгэгч компанийг өнгөрсөн оны долдугаар сард сонгон шалгаруулж, багц 2 дугаар хэсгийн гүйцэтгэгчээр шалгарсан “Арж капитал” ХХК-тай 2021 оны есдүгээр сарын 3-ны өдөр, багц 4 дүгээр хэсгийн гүйцэтгэгчээр шалгарсан “Чайна Гео Инженеринг Корпораци” ХХК-тай тус оны есдүгээр сарын 27-ны өдөр гэрээ байгуулж, зам барилгын ажлыг эхлүүлсэн. Ажлын хэрэгжилтийг багц тус бүрээр авч үзвэл дараах байдалтай байна. Үүнд:

  • Багц 1 хэсэг: санхүүжилтийн өртгөөр – 94.13%, ажлын тоо хэмжээгээр – 96.16%,
  • Багц 2 хэсэг: санхүүжилтийн өртгөөр – 58.40% ажлын тоо хэмжээгээр – 65.75%
  • Багц 3 хэсэг: санхүүжилтийн өртгөөр – 96.03%, ажлын тоо хэмжээгээр – 98.05%,
  • Багц 4 хэсэг: санхүүжилтийн өртгөөр – 30.78%, ажлын тоо хэмжээгээр – 37.42%
  • Багц 5 хэсэг: санхүүжилтийн өртгөөр – 95.54%, ажлын тоо хэмжээгээр – 99.09%
АХБ-ны төслийн хүрээнд барилгын ажлын талбай дээр 577 гаруй инженер техникийн ажилчид, 250 орчим техник, тоног төхөөрөмж ажиллаж байгаа бөгөөд нийт 5 багц хэсгийн барилгын ажлын гүйцэтгэл санхүүжилтийн өртгөөр 64.5%, ажлын тоо хэмжээгээр 75.6%-тай хэрэгжиж байна.
Түүнчлэн Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (ЕСБХБ)-ны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй Улаанбаатар-Дархан чиглэлийн 202.42 км нэмэлт хоёр эгнээ авто замын барилгын ажлыг мөн 5 багц хэсэгт хуваан 2021 оны гуравдугаар дугаар сарын 18-ны өдөр эхлүүлсэн. Ажлын хэрэгжилтийг багц тус бүрээр авч үзвэл дараах байдалтай байна. Үүнд:
  • Багц 1 хэсэг: санхүүжилтийн өртгөөр – 64.23%, ажлын тоо хэмжээгээр – 78.35%
  • Багц 2 хэсэг: санхүүжилтийн өртгөөр – 29.91%, ажлын тоо хэмжээгээр – 43.78%
  • Багц 3 хэсэг: санхүүжилтийн өртгөөр – 24.77%, ажлын тоо хэмжээгээр – 40.89%
  • Багц 4 хэсэг: санхүүжилтийн өртгөөр – 27.49%, ажлын тоо хэмжээгээр – 45.06%
  • Багц 5 хэсэг: санхүүжилтийн өртгөөр – 44.14%, ажлын тоо хэмжээгээр – 57.95%
ЕСБХБ-ны төслийн хүрээнд барилгын ажлын талбай дээр 680 гаруй инженер техникийн ажилчид, 310 орчим техник, тоног төхөөрөмж ажиллаж байна.  Нийт 5 багц хэсгийн барилгын ажлын гүйцэтгэл санхүүжилтийн өртгөөр 33.5%, хийсэн ажлын тоо хэмжээгээр 51.75%-ийн хэрэгжилттэй байгаа юм.

-2022 оны аравдугаар сард Дарханы замын ажил дуусна хэмээн Зам тээврийн хөгжлийн сайд хэлж байсан. Тэгвэл энэ жилдээ багтаж ашиглалтад орж чадах уу. Ажлын явц ямар түвшинд байна вэ?

-Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын төслийн үндсэн ажлууд болох гүүр, хоолой хиймэл байгууламж, далан, суурь, суурь хучилтын ажлыг энэ оны аравдугаар сарын 30-ны өдөр дуусгаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээхээр төлөвлөн ажиллаж байна.

Тухайн төслийн гүйцэтгэгч байгууллагуудтай байгуулсан гэрээний хүрээнд авто замыг 2023 оны аравдугаар сарын 30-ны өдөр бүрэн ашиглалтад оруулна. Зам барилгын ажлын үндсэн үе шатны ажлуудыг дуусгаж, зорчих хэсгийн хөдөлгөөнийг энэ онд багтаан нээхийн тулд Монгол Улсын Засгийн газар, Зам, тээврийн хөгжлийн яам, бусад холбогдох төрийн байгууллагууд өөрсдийн эрхлэх асуудлын хүрээнд онцгой анхаарал хандуулан төслийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байна.

Одоогоор Улаанбаатар-Дархан чиглэлийн багц 1, 2, 3, 5 дугаар хэсгийн шинээр асфальтбетон хучилт хийгдсэн 130 км авто зам, багц 2 болон 4 хэсгийн нийт 74 орчим км түр замаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хэвийн нэвтрүүлж байна.

-Улаанбаатар-Дархан чиглэлийн замаар зорчиж байгаа иргэд замын ажил зогсонги байна хэмээн шүүмжлэлтэй хандаж буй. Сүүлийн үед зам засварын ажлыг үргэлжлүүлэхэд ямар асуудалтай тулгарч байна вэ?

-Энэ жил ойрын 1-2 сарын хугацаанд тухайн төсөл хэрэгжиж буй нутаг дэвсгэрт үргэлжилсэн устай бороо ихээр орж зам барилгын ажил хийж гүйцэтгэхэд саад учруулж байна.

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан бороо орох болон бороо орсны дараа авто замын дээд үеийг сэврээж, хатаах зорилгоор тодорхой хугацаанд зам барилгын технологийн үйл ажиллагаа түр саатдаг бөгөөд бусад тохиолдолд энэхүү бүтээн байгуулалтын ажил хэвийн үргэлжилж байгаа.

Тус яамнаас томилогдсон ажлын хэсэг зам барилгын ажлын талбай дээр ажиллаж, төслийн ажлыг эрчимжүүлэх болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлж буй түр замын засвар, арчлалтыг техникийн шаардлагын дагуу түргэн шуурхай хийж гүйцэтгэх талаар үүрэг даалгавар, чиглэлийг гүйцэтгэгч болон зөвлөх компанийн удирдлага, инженер техникийн ажилчдад өгч, тухайн ажлын хэрэгжилтэд байнгын хяналт тавин ажиллаж байгаа юм.

 

 

 

Leave a Reply

%d bloggers like this: