Таван аймгийн Байгаль хамгаалах газруудад нийт 19-н Ландкрузер 300, 76, 79 автомашинууд өглөө
Герман улсын буцалтгүй тусламжаар баруун таван аймгийн байгаль хамгаалах, тусгай хамгаалалтын газруудад 19 ширхэг “Land Cruiser” автомашин өглөө.
ХБНГУ болон МУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Германы Сэргээн Босголтын Зээлийн банк нь Байгаль орчин аялал жуулчлалын яамтай хамтран ажиллаж байна. Хоёр байгууллага “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд 2, 3-р үе нь 2020 оны гуравдугаар сард эхэлсэн.
Уг төсөл нь Монголын Тусгай хамгаалалттай Газар Нутаг болон орчны бүс, экологийн холбоос нутгуудын тогтвортой, үр дүнтэй менежментийг бэхжүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих зорилготой.
Энэ талаар БОАЖ-ын саяд Б.Бат-Эрдэнэ “Байгаль орчин хамгаалах ажлуудад санхүүжилт хүрдэггүй тул олон улсын байгууллагатай хамтарч байна. Саяхан 574 компьютер хүлээлгэж өгсөн бол өнөөдөр машин өглөө. Ажил урагштай байгаад баяртай байна” гэв.
Харин ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга, хатагтай Карен Хойфер: төсөл дэх Германы талд хүртэх ач холбогдлын талаар “Уур амьсгалын өөрчлөлт хил хязгааргүйгээр дэлхий нийтийг хамарч байна.
Энэ өөрчлөлийн эсрэг тэмцэж байгаль орчноо хамгаалах нь хүн бүхний үүрэг. Хүмүүс хоорондын харилцаа хамтын ажиллагаа илүү итгэлцэлтэй болж байгаа ач холбогдолтой” хэмээв.
Нийт 666 мянган еврогийн үнэ бүхий LC300, LC76, LC79 маркийн 19 ширхэг автомашиныг Баянхонгор, Говь-Алтай, Баян-Өлгий, Увс, Ховд аймгуудын Байгаль орчин, аялал жуулчлалын газрууд болон Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаад хүлээлгэн өгсөн юм.
Шинэ машинтай болсон газруудын төлөөллөөс Хомын талын Байгалийн цогцолборт газрын ажилтан Н.Энхсайхан “Байгаль орчин, ан амьтдаа хамгаалах үйлсэд тун нэмэртэй зүйл боллоо. Хомын талын элс дээр энэ машин гарцаагүй хэрэгтэй” хэмээв.
Увс аймгийн БОАЖ-ын газрын дарга Б.Энхтуяа “Бид өмнө УАЗ фургон, Pickup L200 автомашинтай байсан. Харин одоо туулах чадвар сайтай шинэ машинтай болсонд баяртай байна. Байгаль зэрлэг онгоноороо байж хүний амьдрал амгалан байна. Иймд иргэд ухамсартай байж байгалиа хамгаалах ёстой” гэв.