Эрчим хүчний салбарт нэн тулгамдсан ТАВАН асуудал
Эрчим хүчний салбарын нөхцөл байдал хүнд, ирэх өвөл Улаанбаатар хот хөлдөх эрсдэл хаяанд тулжээ. Тус салбарт тулгамдаж буй асуудал болон гарц гаргалгааг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд танилцуулсан юм.
Ганц л гэмтэл, саатал гарвал цахилгаан, дулаан хязгаарлана
Одоогийн байдлаар станцууд бэлтгэл тоноглолгүйгээр, 100 хувийн ачааллаараа ажиллаж байна. Тиймээс нэг л саатал гарсан тохиолдолд гэмтэл гарсан тоноглолын хүчин чадлын хэмжээнд хязгаарлахаас өөр аргагүй болжээ. Энэ нь үйлдвэрлэдэг цахилгаанаасаа илүү их хэрэглээтэй байгаагаас шалтгаалдаг байна. Дулааны хэрэглээ Улаанбаатар хотод 40 хувь хэтэрсэн. Дээр нь энэ жил нэмэгдэх хэрэглэгч нарыг нэмвэл ачаалал 50 хувиар нэмэгдэх аж.
Эрчим хүчний нүүрсний уурхайнууд зогсох эрсдэлтэй байна
Эрчим хүчний нүүрсийг Багануур, Шивээ-Овоо, Шарын гол гэсэн гурван уурхайгаас олборлодог. Тэгвэл тус уурхайнуудын үндсэн үйл ажиллагаанд ашиглагддаг түүхий эд болох дизель түлш, тэсэлгээний материалын үнэ нэмэгдэж, уурхайнууд төсөв дутагдаж эхэлжээ. Улмаар уурхайн уулын ажил зогсох нөхцөл бүрдсэн байна.
“Багануур ХК”
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж, дулааны цахилгаан станцуудад 2.5 сая тонн нүүрс нийлүүлэхэд 33.2 тэрбум төгрөг дутахаар байгаа аж.
“Шивээ-Овоо” ХК
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахын тулд дизель түлшинд 12 тэрбум, тэсрэх хэрэгсэлд 1.6 тэрбум, тос тослох материалд 0.28 тэрбум, цалинд 4.0 тэрбум, сэлбэг материалд 7.0 тэрбум төгрөг нийт 25.2 тэрбум төгрөг шаардлагатай байна. Үүнээс дизель түлш, тэсрэх материал, тос тослох материалын зардал болох 14.2 тэрбум төгрөг нэн тэргүүнд шаардлагатай байгаа юм.
“Шарын гол” ХК
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахын тулд 1.7 сая.м3 хөрс хуулж, 800 мянган тонн нүүрс олборлох байсан ч дизель түлшний үнийн өсөлтөөс шалтгаалан хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил зогсоход хүрчээ.
Эрчим хүчний салбарын алдагдал 168.2 тэрбум төгрөгт хүрнэ
2022 оны эцэст эрчим хүчний салбарын алдагдал 168.2 тэрбум төгрөгт хүрэхээр байна. Өмнөх жилүүдэд үүнээс арай бага буюу 2019 онд 59 тэрбум төгрөг, 2020 онд 92 тэрбум төгрөг, 2021 онд 78 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Харин энэ онд импортоор авдаг цахилгааны үнийг бууруулж, эрчим хүчний компаниудын хөрөнгө оруулалт, шинэчлэлийн ажлуудыг хойшлуулан 62 тэрбум гаруй төгрөг хэмнэсэн ч алдагдал 168.2 тэрбум төгрөг хүрчээ.
Түүнчлэн, долларын ханш оны эхнээс наймдугаар сар хүртэл 10.5 хувиар өссөн нь алдагдал өсөхөд нөлөөлсөн байна. Тухайлбал, зөвхөн Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд 2022 оны эцэст 29.1 тэрбум төгрөг, Баруун бүсийн эрчим хүчний системд 6.3 тэрбум төгрөг буюу нийт 35.2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээхээр байгаа аж.
Эрчим хүчний салбар ийм өндөр алдагдалтай ажиллах болсон шалтгаан нь гурван жилийн хугацаанд цахилгааны үнэ тарифт өөрчлөлт оруулаагүйтэй холбоотой. Түүнчлэн төрөөс тог цахилгааны үнийг төлж байсантай холбогдуулан иргэдийн хэрэглээ нэмэгджээ.
Станцуудад гэмтэл, саатал ихээр гарах болов
Алдагдал өндөр байгаатай холбогдуулан хөрөнгийн эх үүсвэр дутагдаж дулааны цахилгаан станцуудын болон цахилгаан шугам, сүлжээний гэмтэл, саатал нэмэгдсээр байна. Тухайлбал, Дулааны IV цахилгаан станцын зуух 2021 онд 66 удаа зогсчээ. Энэхүү саатал нь зуухны экран хоолойг сүүлийн 30-аад жил шинэчлээгүй, хэрэглээ нь 14.2 хувиар хэтэрснээс болж үүссэн байна.
Мөн “ДЦС III болон ДЦС IV” ТӨХК-уудын үндсэн тоноглолын их засвар, “Чойбалсангийн дулаан цахилгаан станц”-ын 50 МВт-ын өргөтгөлийн төсөл, Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн үндсэн магистраль шугамын өргөтгөл, шинэчлэл гацжээ. Энэ нь эдгээр засварыг хийхэд шаардагдах тоног төхөөрөмж хил дээр гацсан байна.
Монгол Улс эрчим хүчний нөөцгүй
Эрчим хүчний салбар 20 хувийн нөөц чадалтай байх ёстой аж. Гэвч манай эрчим хүчний салбар нөөцгүй, харин ч дутагдалтай явдаг аж. Өвөл дулааны цахилгаан станцууд зогсох юм бол Улаанбаатар хот 5-6 цаг л тэснэ хэмээн Монгол Улсын зөвлөх инженер Р.Ганжуур ярьсан юм. Үүнээс цааш хөлдөж эхэлдэг байна.
Эдгээр асуудалтай холбогдуулан Эрчим хүчний яамнаас дараах саналуудыг гаргасан байна.
-Цахилгааны дундаж үнэ болох 175.0 төгрөг/кВт.ц-ийг 28.0-30.0 хувиар нэмэгдүүлж бодит өртөгт нь нийцүүлэх,
-Валютын ханшийн зөрүүнээс үүссэн 35.2 тэрбум төгрөгийн алдагдлыг 2023 оны улсын төсвийн төсөлд тусган шийдвэрлэх,
-Нүүрсний уурхайнуудын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд шаардлагатай санхүүжилтийг “Эрдэнэс монгол” ХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК-иудаас гаргах,
-Тоног төхөөрөмж, бараа материал болон тээвэр, шатахууны үнийн өсөлтөөс шалтгаалан цаг үеийн шинжтэй, давагдашгүй хүчин зүйл үүсэхээс урьдчилан сэргийлж, нэн шаардлагатай сэлбэг материалын нөөц бүрдүүлэхэд шаардлагатай 8.7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас нэн яаралтай шийдвэрлүүлэх,
-Тоног төхөөрөмж, бараа материал болон тээвэр, шатахууны үнийн өсөлтөөс шалтгаалан цаг үеийн шинжтэй, давагдашгүй хүчин зүйл үүсэхээс урьдчилан сэргийлж, нэн шаардлагатай сэлбэг материалын нөөц бүрдүүлэхэд шаардлагатай 8.7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас нэн яаралтай шийдвэрлүүлэх
-Эрчим хүчний тасралтгүй, найдвартай байдлыг хангахад шаардлагатай бараа материал, тоног төхөөрөмжүүдийг Улсын стратегийн нөөцийн жагсаалтад оруулж, бүрдүүлэх
Үүнээс гадна цахилгаан, дулааны шугамын гэмтэл, саатал, хязгаарлалтаас сэргийлэх ганц арга нь хэмнэлт гэдгийг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх онцолж байсан юм.