Залуу 16 багш хөдөө ажиллахаар боллоо
Англи хэлний багш Э.Отгончимэг:
-Би БНСУ-д сургуулиа өнгөрсөн жил төгссөн. Хэнтий аймгийн Дадал суманд англи хэлний багшаар ажиллахаар хуваарилагдсан.
Гэр бүлийнхэн маань миний шийдвэрийг сонсоод жаахан гайхсан ч хүсэл мөрөөдлийг маань дэмжсэн. Боловсролын салбарт, тэр дундаа хөдөө, багш их дутагдаж байгаа учраас бусдадаа үлгэр дуурайл болж, улс орныхоо хөгжилд бага ч гэсэн хувь нэмэр оруулахын тулд энэ шийдвэрийг гаргасан.
Бүх зүйл цахимд шилжиж байгаа энэ үед хичээлийн материал бэлтгэхэд нэн хэрэгтэй тоног төхөөрөмжийн туслалцаа үзүүлсэн Хотын даргад талархлаа илэрхийлье.
Нийгмийн ухааны багш Э.Золзаяа:
-Би Дорнод аймгийн Халх гол суманд ажиллана. Хөтөлбөрийн зүгээс багшийг чадавхжуулах зуны сургалтад биднийг хамруулсан.
Мөн хөтөлбөр үргэлжлэх хугацаанд боловсролын салбарт гарч буй мэдээ мэдээлэл, зөвлөмж, арга зүйн зөвлөгөөгөөр бүрэн хангана.
Хөдөө ихийг сурах хүсэл эрмэлзэлтэй олон хүүхэд бий ч тухайн мэргэжлийнх нь багш байдаггүй.
Хүүхдэд хүрч, тэнд очиж ажиллах багш нар хэрэгтэй. Хөтөлбөрт хамрагдсанаар бид хувь хүн талаасаа хөгжих боломжтой. Хөгжсөний үр дүн хүүхдүүдэд эергээр нөлөөлнө гэх мэт хүчин зүйлсийг тооцож, энэ хөтөлбөрт хамрагдан хөдөө ажиллахаар шийдсэн.
Математикийн багш Б.Мөнхзаяа:
-Би математикийн багшаар сургуулиа өнгөрсөн нэгдүгээр сард төгссөн.
Сургалтын төвд багшилж байлаа. Цар тахлаас шалтгаалан хүүхдүүдийн хичээлийн хоцрогдол ихэссэн тул тэдэнд бататгах хичээл зааж байсан юм.
Хөдөө мэргэжлийн багш дутагдалтай байдаг. Гэтэл бид нийслэлд ЕБС-д бус сургалтын төвд багшилж байсан тул энэ хөтөлбөрт хамрагдсан.
Хүүхдүүдэд математик хэцүү биш, сонирхолтой гэдгийг ойлгуулахыг хүсдэг. Хөтөлбөрт хамрагдсанаар хүүхэд, эцэг эхчүүдтэй хэрхэн харилцах талаар мэдлэгтэй болсон. Багшид нөүтбүүк хамгийн чухал тоног төхөөрөмж байдаг.
Нийгмийн ухааны багш О.Анхбаяр:
-Хэнтий аймгийн Дадал суманд нийгмийн ухааны багшаар ажиллахаар боллоо.
Хөдөө ч олон боломж байдгийг харуулж, орон нутгийг сурталчлан, хүүхдүүдэд багшилж багын мөрөөдлөө биелүүлэхээр явж байна.
Хөтөлбөрт хүсэж байсан бүх зүйл маань байсан, ямар нэг хүндрэл гараагүй нь их таатай байлаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар: Эх орныхоо хөгжлийн төлөө чин сэтгэл гаргаж, хөдөө ажиллахаар зориг шулуудсан эрхэм багш нар та бүхэнд талархаж байна. Орон нутагт боловсролын чанар, хүртээмжийг сайжруулж, багачуудыг мэдлэг боловсролтой, үнэлэмжтэй монгол хүн болгон төлөвшүүлэхэд гар бие оролцож байгаа та бүхнийг Хотын даргын зүгээс бүрнээ дэмжихээ илэрхийлье.
Энэ санаачилгыг улам өргөжүүлж, цаашлаад олон улсын түвшнээс чадварлаг боловсон хүчнийг татан оролцуулах боломж бий. Зөөлөн дэд бүтэц буюу боловсролын салбарт дэмжлэг үзүүлэхэд бэлэн байдаг БНСУ, Япон болоод олон улсын бусад байгууллагуудтай хамтран ажиллахад анхаарна.
Үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй хот хөдөөгийн тэнцвэрийг хангах, Улаанбаатарын түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулах зорилтыг хэрэгжүүлэхэд та бүхний шийдвэр бодитой хувь нэмэр болно Та бүхний ажилд амжилт хүсье. Цаашид олон залуус орон нутгаа хөгжүүлэх үйлст оролцоосой гэж хүсэж байна гэв.