НӨАТ-ын сугалааирэх сард и-баримт аппликэйшнээр шууд дамжуулна
Сангийн яамнаас и-баримт сугалаа, НӨАТ холбоотой мэдээлэл өглөө. Тус яамны газрын дара Б.Тэлмүүн дараах мэдээллийг өгөв:
-Сугалааг дөрвөн сарын турш түр зогсоон, дүгнэлт хийлээ. Хэн яаж энэ сугалааг хожсон нь ил тод биш байсан. Иймд иргэдэд итгэл үнэмшил төрүүлэхгүй байна гэж дүгнэсэн.
Манай улсын 2.1 сая иргэн гар утаснаасаа и-баримтаа бүртгүүлдэг. Цаашид зөвхөн системд бүртгүүлсэн баримтаас л азтан шалгаруулна. Ингэснээр таны сугалаанд хожих магадлал өсөх юм.
Өнөөдрийг хүртэл орон нутгийн зах, худалдааны төвүүдэд и-баримт олголт хангалтгүй хэвээр байна. Байцаагчид баримт өгөөгүй иргэн, ААН-ийг торгох нь хангалтгүй байна гэж Сангийн яам шийджээ.
Боловсрол суваг телевизээр сугалааны тохирлыг шууд дамжуулж байв. Цаашид Номин, И-март зэрэг томоохон худалдааны төвүүдэд олон нийтийн хяналт дор явуулах аж. Хэдий чинээ олон баримт уншуулна, тэр хэрээр сугалаанд хожих магадлал өснө.
Орхон, Дархан, Дорнод аймгийн иргэд өнгөрсөн хугацаанд хамгийн их баримт бүртгүүлжээ. И-баримт аппликнйшнийг шинэчлэн, тохирол хэзээ болохыг мэдээлдэг болно. Тохирлыг шууд үзэх, таны баримтуудаас хэдэн тоо тохиролд таарсан зэргийг мэдэх боломжийг хэрэглэгчдэд олгохоор ажиллаж эхэлсэн.
166 улс НӨАТ-ын татвартай. Манай улс 10 хувийн татвар аваад 2 хувийг нь иргэдэд буцаан олгодог. Манайхаас бага татвар авдаг, Оман гэх мэт найман улс бий. НӨАТ-ын буцаалт олгодог ганц л улс байдаг нь Бразил. Гэхдээ Бразилын нэг л мужид буцаан олгодог.
Энэ цаг үед дэлхий нийтээр өндөр инфляцтай байна. Ковидын дараах татварын бодлого гэх нэр томьёо бий болов. Тансаг, өндөр зэрэглэлтэй бараанд өндөр татвар ногдуулах нь ихсэв. Бид татварын орлогын шаталсан хувилбарыг нухацтай судалж байна.
Манай улс малын тоо толгойн албан татвараа өнгөрсөн онд сэргээсэн. Тухайн сумын ИТХ ямар хэмжээний татвар ногдуулах, цугларсан татварыг юунд зарцуулахаа шийддэг болсон. Зарим хүн малчид огт татвар төлдөггүй гэдэг. Малчид татвар төлж эхэлсэн. Мөн малчдад зориулсан, татварын ямар нэг хөнгөлөлт чөлөөлөлт байхгүй.
Татварын ерөнхий газрын дарга Г.Заяабал дараах мэдээллийг өглөө:
-НӨАТ-ын баримтыг бид сар бүр бүртгэн дүгнэлт гаргадаг. Иргэд худалдан авсан барааны баримтаа бүртгүүлэхээс гадна бизнес эрхлэгчдийн хоорондоо хийдэг худалдааг ч судалдаг. Сүүлийн дөрвөн сард юу болсон бэ гэхээр и-баримтаа баталгаажуулах нь 50 хувиар буурсан. Ингэснээр НӨАТ-ын татвар буурч, иргэдийн баримтаа худалдагчаас нэхдэг хандлага ч суларсан. Иймд бид 50 хувь нь л баримтаа уншуулж буй дадал хэвшлийг өсгөх шаардлагатай. НӨАТ-ын сугалаа ихээхэн ач холбогдолтой байжээ.
Долдугаар сард НӨАТ-ын орлогын төлөвлөлт 95 хувиар буурсан. 2015 оны татварын хамрагдалтыг үзвэл НӨАТ 45 хувьтай байв. 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс НӨАТ-ын урамшуулал эхэлсэн.
Үүнээс хойш 45 хувь өссөөр 70 хувьд хүрсэн байв. Хүн бүр хуулиа биелүүлдэг болгохын тулд сугалааг үргэлжлүүлэх нь зөв.
Манай улсын ДНБ 43 их наяд төгрөг. Бусад улстай харьцуулахад манай улсын НӨАТ-ын дарамт бага.
Манай улсад 15 мянган иргэн ногоо тарьдаг. Тэд ногоо худалдсан орлогоо и-баримтад бүртгүүлснээр урамшууллаа авна. 1 тонн тутамд 100 мянган төгрөгийн урамшуулал авна. Ноос, сүүний урамшууллыг мөн энэ аргаар авч болно.
НӨАТ бол ААН-үүдийн борлуулалтын орлогыг иргэдээр дамжуулан хянах зорилготой систем. Иймд та бүхэн баримтаа идэвхтэй бүртгүүлээрэй. Манай байцаагчид баримтаа өгөөгүй ААН-үүдэд очиж сануулга өгдөг, торгодог. Гурван удаа сануулга өгсний дараа торгодог. Эхний удаа торгодоггүй, анхааруулаад орхидог.
Торгуулсан ААН-үүдийн 30 хувь нь бид торгуулах ёсгүй байсан хэмээн шүүхэд хандсан. Иргэд худалдагчдаас баримтаа нэхэж авах нь их чухал. Ингэж шаардлага тавьснаар баримт олголт нэмэгдэнэ.
Сангийн яамны харьяа, Гааль, татвар албаны дарга Батбилэг:
-Бид НӨАТ-аас гадна 30 орчим системийг хянан, өдөр тутмын үйл ажиллагааг нь хариуцан ажилладаг. Сүүлийн зургаан жилийн турш АТГ, цагдаа, тагнуулын албатай хамтран шалгалт хийж, хэн сугалаа хожиж байгааг хянасан юм.
НӨАТ-ын системийн инженерүүд өөрсдөө сугалаанд хожоод байна уу гэсэн олон нийтийн хардлагад хариулт өгөхийг зорьсон юм.
Ирэх сараас тохирлыг телевизээр биш аппликэйшнээр дамжуулна. Ингэснээр иргэд тохирлыг шууд үзнэ. Азтан болбол хүсэлтээ баталгаажуулна. Зарим хүн азтан болсноо 90 хоногийн дараа мэддэг гэв.