Долоо хоногийн турш тэгш-сондгойгоор автомашинууд хөдөлгөөнд оролцоно

Хичээл сургуулийн бэлтгэл ажил хангахтай холбогдуулан найм хоногийн хугацаанд автомашины тэгш, сондгой улсын дугаараар явуулах Нийслэлийн Засаг даргын захирамж гарчээ.

Тодруулбал, захирамжид энэ сарын 27-оос есдүгээр сарын 3-нийг хүртэл найм хоногийн турш 08.00-20.00 цагт автомашины тэгш, сондгой улсын дугаараар хязгаарлалт хийхээр болсон байна. Энэ сарын 27, 29, 31 болон есдүгээр сарын 2-ны өдрүүдэд сондгой буюу 1, 3, 5, 7, 9 дугаараар төгссөн улсын дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно. Харин энэ сарын 28, 30 болон есдүгээр сарын 1, 3-ны өдрүүдэд тэгш буюу 0, 2, 4, 6, 8 дугаараар төгссөн улсын дугаартай автомашиныг хөдөлгөөнд оролцоно.

32-ын тойрог, Тэмээтэй хөшөөний уулзвар, Саппорогийн тойрог, Чулуун-Овооны постоос дотогш замуудад дугаарын хязгаарлалт үйлчилнэ.

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал нэмэгдэж буй талаар Тээврийн Цагдаагийн Албанаас мэдээлэл өглөө.

Тээврийн Цагдаагийн Албаны Замын цагдаагийн газрын дэд дарга, хурандаа Б.Батболд “Хичээл эхлэх үед замын хөдөлгөөний ачааллын хүндрэлийн асуудал бидэнд тохиолддог. Өөрөөр хэлбэл жил бүрийн наймдугаар сарын 15-наас хойш замын хөдөлгөөний ачаалал нэмэгддэг.

2019 онд буюу Ковидын өмнөх жилд хөдөө орон нутгаас нийслэлд нэвтэрсэн тээврийн хэрэгсэл 91,000 орчим байв. Энэ жилийн хувьд 100,000 гаруй тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотын хөдөлгөөнд нэмэгдэх нь.

Тээврийн хэрэгслийн ачаалал нэмэгдэхийн хэрээр зам тээврийн осол, зөрчил нэмэгддэг. Тиймээс гудамж талбайд замын цагдаагийн алба хаагчдыг нэмэгдүүлсэн байдлаар ажиллуулна. Улаанбаатар хотод энгийн өдрүүдэд 430,000 орчим тээврийн хэрэгсэл байдаг. Үүн дээр орон нутгаас 100,000 орчим тээврийн хэрэгсэл нэмэгдэхээр хичээлийн хэрэгслийн худалдаа, Нарантуул, Хархорин, Бөмбөгөр, 3,4 дүгээр хорооллыг чиглэсэн хөдөлгөөний ачаалал огцом нэмэгдэж, хүндрэл үүсдэг.

Өмнөх жилүүдэд амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулдаг байсан бол энэ жил найман өдрийн хугацаатай тэгш сондгойгоор хязгаарлах зохицуулалт хийж байна.

2020 онд нийслэлийн Засаг даргын захирамжаар тогтоосон хязгаарлалтын хүрээнд дугаарын хязгаарлалт үйлчилнэ. Тодруулбал

  1. 32-ын тойрог
  2. Тэмээтэй хөшөөний уулзвар
  3. Саппорогийн тойрог
  4. Чулуун-Овооны постоос дотогш замуудад дугаарын хязгаарлалт үйлчилнэ.

Яаралтай тохиолдолд Улаанбаатар хотыг тойрон явах хөдөлгөөнийг хориглохгүй. 

Дугаарын хязгаарлалтын үед телекамерын тусламжтайгаар зөрчлийг илрүүлж, арга хэмжээ тооцдог. Жолооч нар дугаарын хязгаарлалтын үйл ажиллагааг ойлгож, дэмжээд дугаарын хязгаарлалтай өдөр хөдөлгөөнд оролцохгүй байх гэж найдаж байна” хэмээн ярилаа.

Хөдөлгөөний оргил ачааллын үед машины хурд 8 км/цагаас доошлохоор байсан тул тэгш, сондгойгоор хязгаарлахаар болсон

Нийслэлийн автозамаар зорчиж буй тээврийн хэрэгслийн тоо 400 мянгаас давахад хөдөлгөөний оргил ачааллын үед зорчих хурд 8.7 километр цаг болдог байна.

Өнгөрсөн жилийн энэ үед хотын хөдөлгөөнд 418 мянган машин оролцож байсан бол энэ жил 443 мянга давах тооцоолол байгаа аж. Иймд тэг зогсолт болохоос сэргийлж, улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгойгоор нь хязгаарлах саналыг гаргасан хэмээн Замын хөдөлгөөний удирдлагын төв НӨҮГ-ын дарга С.Адъяасүрэн хэлэв.

Тэрбээр “Хотын хөдөлгөөнд оролцож буй автомашины тоо ба замын даацын харьцаа хүнд нөхцөл байдал руу явж байна. Жил бүр ашиглалтаас гарч буй тээврийн хэрэгслийн тоо бага, импортоор орж ирж байгаа машины тоо их байна. Одоогоор Улаанбаатар хотын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн тоо 400 мянгаас даваад байгаа. Энэ тохиолдолд зам дээрх зорчилтын хурд хөдөлгөөний эрчмийн оргил үедээ цагт 8.7 километр болж, ачаалал ихсэж байна. Иймд найм хоногийн хугацаанд тэгш, сондгойгоор нь хязгаарлах санал гаргасан.

Энэ хугацааг товлосон шалтгаан нь хичээл сургуулийн бэлтгэл хангахаар орон нутгаас нийслэлийг зорих хөдөлгөөн нэмэгдсэн, мөн нийслэлд зорчих хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотой.

Өнгөрсөн жилийн мөн үед Элсэлтийн Ерөнхий Шалгалт авахаар таарсан тул зөвхөн амралтын өдрөөр тэгш, сондгойгоор хязгаарлаж байв. Тухайн үед оргил ачааллын үед 418,825 автомашин нийслэлийн хөдөлгөөнд оролцож байсан бол энэ жил 443 мянга давах тооцоолол гарсан. Улмаар оргил үедээ зорчих хурд 8 километр цагаас доошилж, тэг зогсолт болохоор байсан тул хөдөлгөөнийг хязгаарлахаар шийдвэрлэсэн” гэв.

Оны эхний найман сарын байдлаар шинээр 58 мянган тээврийн хэрэгслийг бүртгэж, улсын дугаар олгосон байна. Сүүлийн жилүүдэд дунджаар 70-80 мянган тээврийн хэрэгсэл бүртгэж байгааг ТЦА-ны Замын цагдаагийн газрын дэд дарга, хурандаа Б.Батболд хэлэв. 

Мөн тэрбээр “Одоогоор улсын хэмжээнд 1.3 сая тээврийн хэрэгсэл байгаагаас 640 орчим мянга нь Улаанбаатарт бүртгэлтэй. Үүнээс ашиглалтаас гарсан 100 орчим мянга, орон нутагт зорчсон машин зэргийг хасан тооцвол нийслэлийн хөдөлгөөнд өдөр тутамд 400 мянга гаруй тээврийн хэрэгсэл оролцдог” гэлээ.

 

 

Leave a Reply

%d bloggers like this: