Өндөр инфляцын талыг импортын бараа бүрдүүлжээ

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Наранцогт инфляцын нөхцөл байдал, эрсдэлийн талаар танилцуулав:

Жилийн инфляц 2021 онд 13.4 хувьд хүрсэн бол өнгөрсөн сарын байдлаар 15.7 хувьд хүрч өслөө. Цар тахлын өмнө нийт инфляцын 30 орчим хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс бүрддэг байсан.

Өнөөдөр нийт инфляцын 54 хувь буюу 8.5 нэгж хувийг импортын инфляц бүрдүүлж байна. Үндэсний статистикийн хорооны тооцсоноор дотоодын гол нэрийн бараа, үйлчилгээний үнийн өсөлтийг импортын орцоор авч үзвэл:

  • Сав, баглаа, боодлын үнийн өсөлтийн 79 хувь,
  • Тавилга, хэрэгслийн 55 хувь,
  • Гурил, гоймонгийн 72 хувь,
  • Хувцас гутлын 45 хувь нь импортоос шалтгаалжээ.

Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн сард улсын хэмжээнд 15.7 хувь гарсны 6.3 нэгж хувь буюу 40.1 хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан.

Хүнс, бензин, шатахуун, түлшний бүлгийг хасаж тооцсон, суурь инфляцын түвшин өмнөх оны мөн үеэс 11.8 хувь, өмнөх сараас 0.5 хувиар өссөн.

Энэ нь Монголбанкны зорилтот түвшнээс давсан. Цар тахлын улмаас бий болсон үйлдвэрлэл, нийлүүлэлт, тээвэр ложистикийн хүндрэлийг гадаад талаас шалтгаалсан нөхцөл улам дордуулж буйг тэмдэглэв.

Үнийн өсөлтийг зогсоохын тулд гол нэрийн барааны үнийн өсөлтийн шалтгааныг судалж, арга хэмжээ авах чиглэл бүхий ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулжээ.

Тухайлбал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас гол ханган нийлүүлэгч ОХУ-ын Роснефть компанитай хэлцэл хийж, энэ оны арванхоёрдугаар дугаар сарыг дуустал Аи-92 бензиний үнийг тонн тутамд 830 ам.доллараар худалдан авах тохиролцоонд хүрсэн. Ингэснээр он дуустал үнийг тогтвортой барих нөхцөл бүрдсэн гэв.

 

 

 

 

Leave a Reply

%d bloggers like this: