Т.Ням-Очир: Хаягийн зөрчил, тодорхой шалтгааны улмаас хоцорсон хүмүүст боломж нээлттэй
Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна.
Боловсролын Ерөнхий Газрын дарга Т.Ням-Очир: “Энэ жил цэцэрлэгийн бүртгэлийг цахимаар 3 үе шаттай явуулж байна. 1-р шат өндөрлөсөн бөгөөд хүүхэд нь гэрээсээ хол цэцэрлэгт хуваарилагдсан, нэг айлын хүүхдүүдийг өөр өөр цэцэрлэгт хуваарилсан байна зэрэг санал гомдол эцэг эх, асран хамгаалагчдаас нь ирсээр байгаа юм. Үүнийг бид засахаар ажиллаж байна.
Эцэг эхчүүд оршин суух хаягаа өөрчилж байгаа нь маш их хүндрэл учрууллаа. Тухайлбал, Нарны хороолол, Алтай хотхон зэрэг байршилд цэцэрлэгийн насны 3,000 хүүхэд, төрийн өмчийн хоёр, хувийн хэвшлийн зургаан цэцэрлэг бий бөгөөд нэмээд 2-3 түрээсийн байр шийдчихсэн. Нэг бүлэг дүүргэлтийн тоог 40-өөр тооцсон ч ачаалал үүсэж байгаа. Иймд нэмэлтээр түрээсийн байр хайж байгаа. Мөн Офицеруудын ордон, СХД-ийн 27, 36 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 3, 15, 18, 21 дүгээр хороо буюу Яармагийн гүүрний цаад хэсэг, Хүннү, Рапид хороолол зэрэг байршил болон Хангай хотхон орчимд хэт өндөр ачаалал үүсэж, салбар бүлэг байгуулсан ч асуудал үүсэж байгааг зохицуулахаар нэмэлт тохируулга хийнэ.
Мөн энэ ачаалал үүсгэж байгаа хорооны айл гэрт нь очоод шалгахаар хаалгаа тайлдаггүй. Нэг хаягт 3-4 айл бүртгүүлсэн нь сургуулийн ажилтнуудад, бусад эцэг эхчүүдэд ихээхэн төвөг учруулж байна. Хуурамч бүртгэл их байгаа тул хянахаас өөр аргагүй. Ээж, аав, хүүхэд гурван өөр хаягтай тохиолдол ч байна. Ийм иргэдийг цагдаагийн байгууллагаар шалгуулна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах бодлого баримталж байна. Тухайн хүүхдийн бэрхшээлээс хамаарч тусгай цэцэрлэгт хуваарилах боломж бий.
Нэг ангид 40-өөс олон хүүхэд сурахгүй. Хариу мессеж ирээгүй бол та 11-11 дугаарын утсаар болон Боловсролын мэдээллийн төвийн утсаар лавлаарай. Ямар шалтгаанаар хариу ирээгүйг хэлнэ. Мөн parent.edu.mn цахим хуудаснаас шалгаж болно. Эцэг эхчүүд хүүхдээ биеэр буюу цэцэрлэгт өөрөө очиж бүртгүүлсэн бол мессеж ирэхгүй. Мөн хүсэлтээ олон удаа илээсэн, регистрийн дугаар зөрсөн бол мессеж очоогүй.
2-5 насны 150 мянган хүүхэд бий. Аль болох бүгдийг нь сургуулийн өмнөх боловсролд хамруулах бодлого баримтална. Өмнө нь цэцэрлэгийн хүртээмждээ тааруулан, сугалаа явуулдаг байсан бол цаашид түрээсийн цэцэрлэгүүд бий болно.
Төвийн дүүргийн зарим хороонд хүүхдийн суудлын тоо хэтэрсэн. Хан-Уул дүүргийн 130-р бага сургуулийг цэцэрлэг болгон тохижуулж байна. Өмнө нь нэг талд нь бага сургууль, нөгөө талд нь цэцэрлэг ажиллаж байв. 218-р цэцэрлэгийн дэргэд гурван салбар ажиллахаар төлөвлөсөн ч нэг цэцэрлэг байраа түрээслүүлэхгүй гэсэн. Иймд нэмэлт тохируулга хийж байна.
Зарим цэцэрлэгийн засвар ирэх сард дуусна. Хамгийн цаад тал нь 11-р сарын 1 гэхэд засвар дуусна. Иймд тухай бүрд нь ээж аавуудад хэзээ цэцэрлэгтээ явж эхлэхийг мэдээлнэ. Иргэд хүлээцтэй хандахыг хүсэж байна.
Бүртгэл нэг удаа хийгдээд хаагдахгүй, дараагийн шатныхыг нь удахгүй нээнэ. Хаягийн зөрчил, тодорхой шалтгааны улмаас хоцорсон хүмүүст боломж нээлттэй байгааг хэлмээр байна.
Нэг айлын хүүхдүүдийг өөр цэцэрлэгүүдэд бүртгэснийг элсэлтийн комисс засна. Бид бүх дүүргийн хувийн цэцэрлэгээс судалгаа авч, цэцэрлэг бүр хэдэн хүүхэд авах вэ гэсний дагуу хүүхдүүдийг хуваарилсан. Хувийн цэцэрлэгүүдэд хоолны мөнгө, хувьсах зардал олгоно. Инфляцын улмаас зарим хувийн цэцэрлэг төлбөрөө нэмсэн. Энэ асуудлыг тухайн цэцэрлэг эцэг эхчүүдтэй тохиролцоно. Зөрүү төлбөрийг эцэг эх төлж чадахгүй гэвэл бид тухайн газарт түрээсийн цэцэрлэг нэмж байгуулах ажлыг үргэлжлүүлнэ” гэлээ.