​Эцэг, эхчүүд гадаа хоносонгүй, оочерлосонгүй, хүүхдүүд гэртээ үлдсэнгүй

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнгөрсөн хавар цэцэрлэг, сургууль амрахтай зэрэгцэн цэцэрлэгийн хүртээмж, хамран сургах тойргийг шинэчлэх бодлогоо танилцуулж байв. Тэрээр тухайн үед ирэх намар цэцэрлэгийн сугалааг халж, цэцэрлэгийн насны бүх хүүхдийг улсын болон хувийн цэцэрлэгт хамруулж, нэг ч хүүхдийг цоожтой хаалганы цаана үлдээхгүй байх бодлого барина гэж мэдэгдсэн. Тэгвэл сайд  хэлснээ хийдэг хүн гэдгээ харуулж, цэцэрлэгийн сугалааг халж чадлаа.

Өнгөрсөн долоо хоногт 115 мянган хүүхдийн эцэг эх и-монголиа аппликейшнаар дамжин цахимаар цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлж, бүгд ямар нэгэн байдлаар “цэцэрлэгт хамрагдсан” гэх баярт мэдээ хүлээн авчээ. Нэг ч эцэг эхэд хоосон хариу илгээгүй нь том дэвшил. Заримынх нь хамран сургах тойргоос өөр газар, хувийн цэцэрлэгт бүртгэгдсэн ч БШУЯ болон И-монголиагаас бүртгэлийг дахин нягталж, аав ээжийнх нь ажлын ойролцоох цэцэрлэгүүдэд хуваарилахаа мэдэгдсэн. Мөн эцэг эхчүүд “хүүхдийг нь хувийн цэцэрлэгт бүртгүүлчихлээ” гэж бухимдахад эрт байна.

Учир нь, өнгөрсөн хавар УИХ-ын баталсан тогтоолоор хувийн цэцэрлэгт хүүхдээ өгвөл төрийн цэцэрлэгт хүүхдээ өгч байгаа хувьсах зардлыг хоёр дахин нугалж өгөөд хоолны зардлыг өгөхөөр болсон. Энэ хүрээнд хувийн цэцэрлэгийг хамран сургах тойрогт багтаасныг эцэг эхчүүддээ сануулъя.

Энэ жилийн цэцэрлэгийн бүртгэлийн онцлог: 

Нэгд, эцэг эхчүүд олон хоног цэцэрлэгийн гадаа хонож оочерлож, зарим нь хүүхдээ ч хамруулж чаддаггүй, гомдолтой үлддэг байсан тогтолцоог бүрэн халж, цэцэрлэгийн бүртгэл бүрэн цахимжав. Цэцэрлэгийн бүртгэл шиг олон асуудлыг цахимаар хүнд сурталгүй, шударга, шуурхай шийдэг болбол манай улс цахим үндэстэн болоход ойрхон байна. Ийм боломжтойг Л.Энх-Амгалан сайд цэцэрлэгийн бүртгэлээр харуулав.

Хоёрт, хамран сургах тойргийг тэлж, улсын болон хувийн цэцэрлэгүүдийг хамруулав. Хувийн цэцэрлэгүүдэд улсаас хувьсах зардал олгоно.

Гуравт, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг бүх дүүрэгт зохион байгууллаа. Дүүрэг бүрт тодорхой ААН-үүд дэргэдээ байгаа нөөц боломжоо ашиглан цэцэрлэг байгуулан ажиллахаар болов. Ингэснээр цэцэрлэгийн бүртгэл, сугалааны гадна үлддэг байсан 38 мянган хүүхдийн 35 мянгыг нь цэцэрлэгт хамруулах боломжийг бүрдүүлжээ.  Үлдсэн 3000 мянган хүүхдийг аравдугаар сарын 15-наас өмнө цэцэрлэгт хамруулах боломжтой болох аж.

Ямартай ч жил бүр асуудал дагуулж, түмний хүүхдүүдийг азтай, азгүйгээр нь ялгаварлан сугалаагаар цэцэрлэгт бүртгэдэг байсан муу тогтолцоог халж чадсан Л.Энх-Амгалан сайд браво. Эцэг эхчүүд ч амласнаа биелүүлж, ажил хийдэг сайдад ам сайтай байна.

 

 

 

Leave a Reply

%d bloggers like this: