​Н.Учрал: НҮБ-аас Монгол Улс цахим шилжилтийн загвар орон болсныг зарлана

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Төрийн хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлэх үйл явцад мэдээллийн технологийн салбарын хурдыг ашиглах, цаашлаад авлигын индексийг бууруулахад Цахим үндэстэн хөтөлбөрийг чиглүүлэх талаар үүрэг даалгаврыг Ерөнхий сайд Цахим хөгжил, харилцаа холбооны сайдад өгчээ.

Энэ талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал “Нийтийн мэдээллийн тухай хуулиар зарим мэдээллийг нээлттэй болгох талаар тусгасан. Энэхүү мэдээллүүдийг бусад салбартай хамтран олон нийтэд нээлттэй болгох ажлыг эрхэмлэнэ. Тухайлбал, ашигт малтмалын лиценз, дархан цаазтай газарт хэн газар эзэмшиж байгаа зэргийг нээлттэй болгох юм.

Мөн Хувь хүний мэдээллийн тухай хуулиар 3.6 сая мэдэгдлийг төрийн цахим шуудангаар дамжуулан илгээсэн. Энэ нь төр өөрт байгаа мэдээллийг иргэдээс шаардахгүй ч гэсэн иргэний мэдээллийг ямар зорилгоор яаж ашигласан бэ гэдгийг мэдээлдэг юм. Цаашдаа энэхүү мэдэгдэх хуудсыг эрчимжүүлнэ.

Улаанбаатар хотын төвлөрөл, түгжрэл, төрийн албаны хүнд сурталтай холбогдуулан тоон гарын үсгийг хэрэглээнд гаргасан. Одоо 266 мянган хүн тоон гарын үсгээ аваад байна. Үүнийг эрчимжүүлэх шаардлагатай. Улсын хэмжээнд таван алслагдсан сум, таван боомтыг дагуулан шилэн кабель тавих ажил үргэлжилж байна. Энэ ондоо багтаад дуусгана. Интернэт сүлжээгээр бүрэн холбогдсон байгаа учир тоон гарын үсгээ олгоод явна. Тоон гарын үсэгтэй болсноор банк санхүүгийн байгууллагаар гэрээсээ үйлчлүүлэх боломжтой болох юм.

Ингэснээр төрийн хүнд суртал буурч, авлигын индекс буурна гэж харж байна. Есдүгээр сарын 5, 6-нд НҮБ, Засгийн газар, ЦХХХЯ хамтран хурал зохион байгуулна. Энэ үеэр НҮБ манай улсыг цахим шилжилтийг үлгэр загвар орон болсон гэдгийг албан ёсоор зарлах юм” гэлээ.

 

 

 

Leave a Reply

%d bloggers like this: