Төрийн хэмнэлтийн хуулийн хэрэгжилтийг Д.Амарбаясгалан шалгана
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. Тэрээр Төрийн Хэмнэлтийн хуулийн хэрэгжилтийг хянах үүргийг Ерөнхий сайдаас авчээ.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын зүгээс зорилт болгож тавьж байгаа төрийн хүртээмжийг дээшлүүлэх чиглэл дээр онцгойлон анхаарч хэлэлцлээ. Мөн 2022 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр батлагдсан Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийн явцтай танилцлаа. Энэхүү хууль хэрэгжиж эхэлснээр 2022 оны төсвийн жилд 5.8 тэрбум төгрөгийн хэмнэлтийг гаргах болсон байна. Өнөөдрийн байдлаар энэ оны төсвөөс гарах байсан урсгал зардлаас 268.4 сая төгрөгийг хэмнэсэн үзүүлэлттэй байна.
Төрийн хэмнэлтийн хууль нь зөвхөн төрийн удирдах түвшний орон тоог цөөлж, хэрэглээнд байдаг автомашиныг хязгаарлахаас гадна төрийн албаны ёс зүйг эрхэмлэх, төр татвар төлөгчдийн мөнгийг хэмнэх, ямар зүйл захиран зарцуулж болохгүй вэ зэрэг хуулийн бусад заалтуудын хэрэгжилт төдийлөн хангалтгүй байна гэж Засгийн газрын зүгээс үзэж байна. Тийм учраас өнөөдрийн Засгийн газрын хурлаас ЗГХЭГ-ын даргаар ахлуулсан Ажлын хэсэг байгуулж, энэхүү хуулийн хэрэгжилтэд богино хугацаанд үнэлэлт дүгнэлт өгч ажиллахаар боллоо. Хэрвээ тулгарч байгаа асуудал гарвал ирэх оны төсвийг хэлэлцэхээс өмнө тодорхой асуудлууд дээр бодлогоо өөрчлөх, шаардлагатай тохиолдолд хуульд нэмэлт өөрчлөлт оруулах буюу илүү амьдралд нийцүүлэх алхмуудыг хийх зорилтыг Засгийн газрын зүгээс тавьж байна.
Цахим хөгжлийн салбар бол Монгол Улсын төрийн үйл ажиллагааг иргэдэд ойлгомжтой, хүндрэл бэрхшээлгүй, авлигал хүнд сурталгүй байх нөхцөлийг бүрдүүлэх учир энэ салбарын үйл ажиллагааг Засгийн газар бодлогынхоо нэн тэргүүнд тавьж салбарын хөгжлийг хурдацтай дэмжинэ. Дан ганц яам, төрийн байгууллагуудын үйл ажиллагааг биш хувийн хэвшил, гарааны бизнесүүдийн үйл ажиллагааг бодлогоор дэмжиж ажиллана.
Засгийн газрын зүгээс илүү иргэнтэйгээ ойрхон, өдөр тутамд тулгамдаж байгаа саад бэрхшээлийг арилгадаг болохын төлөө бодлогоо хэрэгжүүлнэ. Бидний тооцоогоор ойрын хоёр сарын дотор Ерөнхий сайд, Засгийн газар улс орныхоо өнцөг булан бүрд амьдарч байгаа ард иргэдийнхээ санал бодлыг өдөр тутамдаа шууд хүлээж авдаг, түүнийг шийдвэрлэх үүрэг шийдвэрийг шат шатны албан тушаалтанд өгдөг болох өөрчлөлтийн төлөө үйл ажиллагаагаа зориулна гэлээ.