Ч.Хүрэлбаатар: Төгрөгийн ханшийн сулрал үнийн өсөлтөд нөлөөлөх гол эрсдэл болж байна

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар танилцууллаа. Засгийн газар өнөөдөр шинэ бүрэлдэхүүнтэйгээр анх удаа хуралдсан бөгөөд хамгийн түрүүнд инфляцын асуудлыг хэлэлцэж, үнийн өсөлтийг бууруулах талаар холбогдох сайд нарт үүрэг өгсөн байна.

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар: Монгол Улсын хэмжээнд 2022 оны долдугаар сарын байдлаар инфляц 15.7 хувьтай гарсан. Наймдугаар сарын дунджаар аваад үзэхэд инфляц 14.1 хувь болж, буурсан байна.

Инфляц ийнхүү буурахад улирлын шинж чанартайгаар мах, хүнсний ногооны үнэ буурсан нь гол нөлөө үзүүлсэн. Үнийн өсөлт явагдаж байгаа цаад суурь шалтгаан, эрсдэл нь төлбөрийн тэнцлийн алдагдал 1.3 тэрбум ам.долларын алдагдалтай байна. Төлбөрийн тэнцэл өнгөрсөн жилтэй харьцуулахад нэг тэрбум ам.доллараар нэмэгдчихсэн байгаа. Цаашид төгрөгийн ханшийн сулрал үнийн өсөлтөд нөлөөлөх голлох хүчин зүйл болох эрсдэлтэй байна.

Хэдий дэлхий нийтээр үнийн өсөлт явагдаж байгаа ч монголчууд бид өөрсдөөсөө хамаарах бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлэх замаар үнийн өсөлтийг бууруулахад хувь нэмрээ оруулах ёстой. Ялангуяа, тээврийн асуудал дээр онцгой анхаарал хандуулж, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт дээр дэлхий даяар явагдаж байгаа үнийн өсөлтөөс илүү хувь хэмжээ оруулахгүй байх. Мөнгөний бодлоготой бодлогоо уялдуулах тал дээр холбогдох арга хэмжээ авахыг холбогдох сайдуудад үүрэг болголоо.

БНХАУ-ын нийслэл Бээжин орчмын хэд хэдэн хотод ковидын хөл хорио тогтоосон байгаа. Манай урд хөршийн ковидын эсрэг бодлого, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь Монгол Улсын тээвэр, импортын бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд нөлөөлөх эрсдэл өндөр хэвээр байна гэлээ.

 

 

 

Leave a Reply

%d bloggers like this: