ЕБС-ийн багш нарын цалин цалингийн дунджаас 25 хувиар бага байна

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ерөнхий боловсролын 848 сургуульд 746.6 мянган сурагч хичээлдээ орж байна. Харин их дээд сургуульд 141 мянган оюутан, цэцэрлэгт 113 мянган хүүхэд хамрагдаж байгаа аж.

Энэ оны дөрөвдүгээр сард багш нарын цалин нэмэгдэж, 25-аас доош жил ажилласан багш нар нэг сая таван мянган төгрөгийн цалинтай байхаар тогтсон юм. Харин 25-аас олон жил ажилласан багш нар нэг сая 55 мянган төгрөгийн цалинтай. Хэдий тийм боловч энэ нь улсын дундаж цалингаас 25 хувиас доогуур үзүүлэлт болж байна.

Сүүлийн жилүүдэд боловсролын салбарын зардал нэмэгдсэн ч багш нарын цалин нэмэгдээгүй байсан юм. Багш нарт орох сургалт ч бас хангалттай биш гэж ерөнхий боловсролын 24 дүгээр сургуулийн багш онцолж байв.

Монгол Улсын ерөнхий боловсролын зардал 2015-2021 онд жилд дунджаар 7.6 хувиар өссөн. Улсын төсвөөс боловсролын салбарт зарцуулах зардал 2020 онд 1.7 их наяд төгрөг байсан бол 2035 онд 5.6 их наяд төгрөг хүрэх төлөвтэй байна гэж Боловсрол, Шинжлэх ухааны яам тооцоолжээ. Эндээс харахад боловсролын салбарын зардал ирэх 13 жилийн хугацаанд 229 хувиар өсөхөөр байна.

Үүнээс гадна 2021-2022 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 35 мянга 110 багш ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байгаагийн 4.1 хувь нь л сүүлийн нэг жилд мэргэжил дээшлүүлжээ.

Харин олон улсын жишгээр харвал БНСУ-д багш нарын сарын цалин 1350-4400 ам.долларын хооронд байдаг аж. Энэ нь тус улсын сарын дундаж цалин болох 819 ам.доллароос 61-81 хувиар өндөр байгаа юм. Казахстан улсын хувьд багш нарын сарын дундаж цалин 869 ам.доллар байна. Энэ нь мөн тус улсын дундаж цалин 668 ам.доллароос өндөр үзүүлэлт болж байгаа юм.

БНСУ сурлагын чанараараа дэлхийн 78 улсаас 19 дүгээрт бичигдэж байгаа талаар “World Population Review” агентлаг мэдээллээ. Казахстан улс гэхэд энэ жагсаалтад 71 дүгээрт бичигджээ. Харин Монгол Улс энэ жагсаалтад багтаагүй аж. Үүнээс боловсролын чанар сайнгүй байна гэж харахаар байна.

 

Б.Есүйхулан

Bloomberg TV Mongolia

Leave a Reply

%d bloggers like this: