​Б.Батцэцэг: Ерөнхий сайд ОХУ-д ажиллахдаа Эгийн голын, төмөр зам, шатахууны асуудлыг ярилцана

Засгийн газрын ээлжит хураалдаан 2022 оны есдүгээр сарын 5-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Б.Батцэцэг: Зориудаар тарааж буй худал мэдээллийг нэгтгэж, хууль хяналтын байгууллагад хандана.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: Япон улс манай улсад үзүүлэх дэмжлэг, зээлээ зогсоосон гэдэг ор үндэслэлгүй худал мэдээлэл. Гадаад улсын Засгийн газрын нэрийн өмнөөс худал мэдээлэл гаргаж байгаа нь хоёр улсын харилцаа, ард иргэдийн хооронд үл ойлголцол, үл итгэлцлийг үүсгэх хорлон сүйтгэх үйл ажиллагаа гэж үзэж болно.
-Мөн БНСУ руу зорчих транзит нислэгт заавал виз авах шаардлагатай болжээ гэх мэдээлэл гарсан нь худал болохыг албан ёсоор мэдэгдье. Гуравдагч хөрштэй хэрэгжүүлж буй бодлогод сөргөөр нөлөөлүүлэхгүй байх, Монгол Улсын нэр хүндийг олон улсын тавцанд хадгалах, өндөрт өргөхөд туслалцаа үзүүлэхийг олон нийтээс хүсч байна.
Зориудаар тарааж буй худал мэдээллийг нэгтгэж, хууль хяналтын байгууллагад хандана.

Д.Амарбаясгалан: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын чиг үүргийг өөрчлөн, зохион байгуулна.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараах үүрэг чиглэлийг өгсөн байна. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийхдээ танилцууллаа.

-“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлах ажлыг зохион байгуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад даалгалаа.

-Төрийн хүнд суртлыг бий болгож байгаа давхардсан чиг үүрэг, бүтцийг цэгцтэй болгох хүрээнд 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын чиг үүргийг өөрчлөн зохион байгуулахыг үүрэг болголоо. Ирэх оны улсын төсвийг УИХ-д өргөн барихдаа энэ өөрчлөлтийг тусгана.

-Улаанбаатар хотын түгжрэл болон Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, Спортыг дэмжих үндэсний хороо зэрэг Үндэсний зарим хороодын бүтэц, бүрэлдэхүүнийг өөрчлөн байгуулахаар боллоо.

-2023 оны Улсын төсвийг хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан олон нийт, сэтгүүлчдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлэн, тэдний саналыг тусгаж УИХ-д өргөн барихыг үүрэг болголоо.

 

Г.Сайханбаяр: Монголын цэргийн алба хаагчид бүс нутгийн маргаантай байдаг Курилын арлууд орчимд цэргийн сургуулилалтад оролцоогүй болно.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр: Монгол Улс дипломат харилцаатай 10 орчим улстай цэргийн сургуулилалтыг зохион байгуулдаг.
Тухайлбал, 2022 онд Монгол, АНУ-ын хамтарсан 7 сургуулилалтыг явуулсан бол ОХУ-тай хоёр, ХБНГУ, Турк, Катар, Япон зэрэг улстай хоёр талын хамтарсан цэргийн сургуулилалтыг явуулж байна.
Эдгээр сургуулилалт оролцдог нь Монгол Улсын батлан хамгаалах гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, нөгөө талаар манай улс улс төр, дипломат шугамаараа аюулгүй байдлаа хангадагтай холбоотой.
Харин Монголын цэргийн алба хаагчид бүс нутгийн маргаантай байдаг Курилын арлууд орчимд цэргийн сургуулилалтад оролцоогүй болно.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77 дугаар чуулганд оролцох бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Владивосток хотноо болох “Дорнын эдийн засгийн чуулга”-д оролцоно.
Энэхүү чуулга уулзалтаар Ерөнхий сайд эдийн засгийн хамтын ажиллагааны тодорхой төслүүдийг ярилцахаар төлөвлөсөн.
“Эгийн голын УЦС”, төмөр замын төслүүд, эрчим хүчний нийлүүлэлт, шатахууны хангамж, үнийн асуудлаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин болон Засгийн газрын гишүүд, томоохон компанийн удирдлагуудтай уулзана.
Манай улс гадаад бодлогоор хоёр хөршийн харилцаанд тэргүүлэх ач холбогдол өгдөг гэдгийг гуравдагч хөршүүд маш сайн ойлгодог. Мөн манай хоёр хөрш манай улсыг гуравдагч хөршүүдтэй харилцаагаа улам өргөжүүлэх эрмэлзлийг ойлгодог.
Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлоготой улс. Бүх бүс нутгийн санаачилга, эргэн тойронд болж буй үйл явдалд тасралтгүй оролцох нь Монгол Улс стратегийн бие даасан бодлолготой гэдгийг дэлхий нийтэд харуулах гол хүчин зүйл юм.
Д.Амарбаясгалан: “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлыг гадаадын болон дотоодын боловсон хүчний дунд нээлттэй сонгон шалгаруулалт зарлан томилно.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: 2023 оны улсын төсвийн төслийг УИХ-д өргөн барихаасаа өмнө олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүлж иргэдийн саналыг тусгана. Ард иргэдэд төсвийн хөрөнгө оруулалттай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлэх боломжийг олгох нь зүйтэй гэж үзсэн.
-“Эрдэнэс Монгол” ХХК-ийн үйл ажиллагааг жигдрүүлэх, Монгол Улсын баялгийн сан болгох ажлын хүрээнд тус компанийг олон улсын туршлагатай хүнээр удирдуулна. Гүйцэтгэх захирлыг гадаадын болон дотоодын боловсон хүчний дунд нээлттэй сонгон шалгаруулалт зарлан томилно.

                       Газрын тосны бүтээгдэхүүн хуваах зарим гэрээг цуцлахаар боллоо

Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй газрын тосны хайгуулын Хар ус II талбайн гэрээлэгч “Ренова илч”, Номгон IX талбайн гэрээлэгч “Өмнөд  Монголын газар нутгийн тос”, Дарьганга XXIV талбайн гэрээлэгч “Монголиа шин ий энержи”, XXVIII талбайн гэрээлэгч “ХонКонг Вэлпэк Индастриал” ХХК-тай Газрын тосны газрын (хуучин нэрээр) 2015-2016 онд тус тус байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээг цуцалж, холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авч ажиллахыг Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Баярмандалд даалгав.

2016 оны тооллогын дүнтэй харьцуулахад аж ахуйн нэгж, байгууллагын тоо 61 мянгаар нэмэгджээ

“Аж ахуйн нэгжийн тооллого явуулах тухай” Засгийн газрын тогтоолын дагуу Аж ахуйн нэгжийн долоо дахь удаагийн ээлжит тооллогыг 2021 оны 11-12 дугаар сард анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулсан. Тооллогын дүн, цаашид авах арга хэмжээний талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ.
Энэ удаагийн ээлжит тооллогоор Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн аж ахуйн нэгж, байгууллага, хувиараа бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагааны чиглэл, байршил, эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулж байгаа хувь нэмэр, бизнесийн төлөв байдал, хандлагыг судлахаас гадна тогтвортой хөгжлийн зорилгын шалгуур үзүүлэлтийг дүгнэхэд шаардлагатай үзүүлэлтүүдийг бий болгосноороо онцлогтой байлаа.
Тооллогод 180 мянган аж ахуйн нэгж, байгууллага, 53.9 мянган хувиараа хөдөлмөр эрхлэгчид хамрагдсан нь өмнөх 2016 оны тооллогын дүнгээс аж ахуйн нэгж, байгууллагын тоо 61.3 мянга (51.7%)-аар нэмэгдсэн байна. Тооллогод хамрагдсан, сүүлийн хоёр жил үйл ажиллагаа явуулаагүй аж ахуйн нэгж (105.5 мянга)-ийн 14.1% (14.9 мянга) нь татан буугдах хүсэлтэй байна.
Танилцуулгатай холбогдуулан Аж ахуйн нэгжийн 2021 оны тооллогын үр дүнг олон нийтэд мэдээлэх, тооллогын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, зөвлөмжийг боловсруулж, холбогдох газарт хүргүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагаас төрийн байгууллагуудад тайлагнадаг статистик, бүртгэл, татвар, санхүүгийн тайлангийн үзүүлэлтийг нэгтгэх, уялдуулах талаар холбогдох арга хэмжээ авах, аж ахуйн нэгж, байгууллагын нэгдсэн мэдээллийн сан үүсгэн судалгаа, шинжилгээнд суурилсан бодлого боловсруулалтыг хөгжүүлэхэд ашиглах боломжийг бүрдүүлэхийг хуралдаанаас даалгалаа.
Статистикийн тухай хуулийн дагуу таван жил тутамд аж ахуйн нэгжийн тооллогыг зохион байгуулдаг байна.

Leave a Reply

%d bloggers like this: