Замын түгжрэлийг хэрхэн шийдэх талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараас сэтгүүлчид тодруулж, байр сууриа илэрхийллээ.

Тэрээр “Түгжрэл гэдэг бол зөвхөн импортын машиныг хориглох эсвэл дугаараар хязгаарлалт зэргээр шийдэгдэхгүй. 1970-аад онд Улаанбаатар хотын тавдугаар ерөнхий төлөвлөгөөг хийхэд Улаанбаатар хотод 80 гаруй мянган автомашинтай байна хэмээн тооцож автозамын зураг зурагдсан юм билээ. Өнөөдөр Улаанбаатар хотод 600-615 мянган автомашин хөдөлгөөнд орж байна. Тэгэхээр түгжрэлийг бууруулахад олон ажлыг цогцоор нь хийх ёстой.

Нэгд, Улаанбаатараас орон нутаг руу шилжин суурьших асуудлыг төр засгийн бодлогоор дэмжих. Тухайлбал, бүсийн нэмэгдэл олгох, ААН болон хүн амын орлогын албан татвараас хөнгөлж чөлөөлөх зэрэг хөшүүргийг хийж, хүн ам зүйн бодлогын хувьд Улаанбаатараас гадагшлах, орон нутаг руу явах хандлагыг бий болгох хэрэгтэй.

НИТХ дээр өнөөдөр нэр бүхий төлөөлөгч нар тогтоолын төсөл боловсруулж байгаа гэж сонссон. Тодруулбал, буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг он зааж, цаашид хөдөлгөөнд оролцуулахгүй байх талаар иргэдийн дунд санал асуулга явуулах тогтоол юм билээ. Метро, LRT, тойрог хурдны зам, Улаанбаатар хотоос гадагшлах зэрэг нийгэм эдийн засгийн цогц арга хэмжээг авах хүртэл буруу талдаа жолооны хүрдтэй автомашины импортыг хориглох эсэх талаар иргэдээс асууна” гэлээ.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулав:  

-Бид өнөөдөр нийт 14 асуудал хэлэлцэв. Үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулах шинэ хороодыг эмхлэн байгуулах үүргийг ЗГХЭГ-т өглөө. Нийслэлийн түгжрэлийн асуудлыг эрхэлсэн сайд томилогдсон тул Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг бууруулах, спортыг дэмжих зэрэг 20 орчим үндэсний хороо байгуулна.

2023 оны улсын төсвийг сэтгүүлчид, олон нийтээр ирэх сард ил тод хэлэлцүүлсний дараа УИХ-д өргөн барина. Иргэдэд төсөвтэй холбоотой байр сууриа илэрхийлэх боломжийг олгоно.

Нийслэлийн түгжрэлийг зөвхөн машинтай холбон ойлгож болохгүй. Дугаарын хязгаарлалт эхлүүлснээр нийслэлийн машины тоо 30 хувиар өссөн. Дутуу шийдвэрийг олон нийтэд танилцуулж болохгүй. Тооцоо судалгаатай, эрдэмтдийн саналд үндэслэн шийдвэр гаргана.