Б.Барсболд: Хэвлэлийн хурал хийнэ гэснээс хойш бага багаар өөрчлөлт орж, зөв шийдвэр гаргасанд талархаж байна

“Фантастик” продакшны уран бүтээлчид өнөөдөр /2022.09.07/ Өргөө кино театраас уран бүтээлчдэд хүчээр тулгадаг гэрээний талаар мэдээлэл хийлээ.

Найруулагч, Жүжигчин Б.Тамир: Манай продакшны 15 дахь уран бүтээл “Зура-2 Цурам ажиллагаа” уран сайхны кино хоёр хоногийн дараа бүх кино театруудаар нээлтээ хийх гэж байна. “Өргөө” кино театраас уран бүтээлчдэд хүчээр тулгадаг гэрээний нөхцөлтэй бид санал нийлээгүй. Үндсэндээ давуу эрх эдлэх гэсэн хандлага гаргадаг байсан. Энэ тал дээр бид өөрсдийн саналаа хэлж, тохиролцоод байна. Мэдээж бизнесийн байгууллагууд хоорондоо учраа олох ёстой. Хувь байгууллага учраас өөрсдийн сонголтоор хамтран ажилладаг болохоос хүчээр тулгадаг асуудал байхгүй гэж бодож байна. Хоёр талаасаа тохиролцож, биднийг дэмжиж ажиллахаар болсонд баяртай байна. Уран бүтээлчид сайн уран бүтээл хийхийн тулд маш их зардал гаргаж, эрсдэл үүрдэг. Үүнийг маань кино театрууд дэмжин ажиллаж байгаад баяртай байна.
Хуульд кино уран бүтээлээс олсон орлогын 50 хувийг уран бүтээлчид, 50 хувийг кино театрт олгоно гэж заасан. Гэтэл Өргөө кино театр 56.8 хувийг авдаг байсан.

Гэтэл бодит байдал дээр 56.8 хувь болон “Сод монгол” компанийн бензиний 10 хувийн хөнгөлөлт өгдөг. Уран бүтээлчид кино хөгжлийн сангийн хоёр хувь гээд нийтдээ 68 бараг 70 хувь нэмээд улсын татвар төлнө. Ингэхээр уран бүтээлчдэд маш хүндрэлтэй байсан. Харин өнөөдрөөс бүх кино урлагийн уран бүтээлчид энэ шинэчилсэн гэрээний нөхцөлөөр хамтран ажиллахаар боллоо.

Бид тус кино театрыг бусад кино театртай адил байгаач гэдэг саналыг тавьсан юм. Бусад кино театруудын хувьд 50, 50 хувиар хамтран ажилладаг. Мөн ганцхан “Фантастик” продакшн биш, бүх уран бүтээлчидтэй энэ жишгээр гэрээ хийхээр болсонд баяртай байна” гэлээ.

Нийслэлд нийт 14 кино театр үйл ажиллагаа явуулдаг үүний долоо нь “Өргөө” кино театрын салбарууд байна. Энэ давуу талаараа монополь байх гэрээг хийдэг байсныг бид харилцан зөвшилцөж, тохиролцсон. Өнөөдөр л энэ хурлын өмнөхөн бид тохиролцсон.

“Фантастик” продакшны жүжигчин Б.Ганчулуун: Өргөө кино театрын хувьд “IMAX дэлгэцийг Монголд оруулж ирсэн. Канадаас лицензээр түрээсэлдэг учраас 56 хувь гэж нэмж байсан. Үүнийг нь уран бүтээлчид ойлгож, дэмжсэн. Тус кино театрын үйл ажиллагааны зардал нь өндөр. Ийм байдлаар уран бүтээлийн орлогын 56 хувийн авах гэрээ хийгээд байсан. Иймээс бид гэрээндээ өөрчлөлт оруулах саналыг тавьсан” гэдгийг хэллээ.

“ЗУРА: ЦУРАМ АЖИЛЛАГАА-2″ УРАН САЙХНЫ КИНОГ ТЭРБУМ ГАРУЙ ТӨГРӨГИЙН ЗАРДЛААР БҮТЭЭСЭН”

Уг кинонд Малайз, Сингапур, Хонконгийн жүжигчид оролцон тоглосноороо онцлог аж. Холливүүдийн түвшинд хүргэхийг зорьж тус киног бүтээсэн гэдгийг уран бүтээлчид онцлог болсон байна.

Жүжигчин Б.Барсболд: Бид олон улсын стандартад нийцэхийг хичээж ажилласан. Тиймээс гадаадын уран бүтээлчидтэй хамтран ажилласан гэдгээрээ онцлог. Мөн “Action crew” гээд Монголынхоо чадварлаг орлон тоглогчидтой хамтран ажилласан. Киноны зураг авалтад ашигласан камерны хувьд “ARRI” техникийг ашигласан. Пост продакшны ажлыг хүртэл хийхдээ гадаадын уран бүтээлчдээс туршлага солилцож, анхны олон улсын түвшинд хийхийг хичээсэн кино болж байна. Цаашдаа гадаад улсын уран бүтээлчидтэй хамтран ажиллахаар эхний яриа хэлэлцээгээ хийж байна. Жишээлбэл, HBO, NEPLEX компаниудтай хамтран ажиллахаар хариугаа хүлээж байна. Цаг хугацаа их шаарддаг юм байна.
Хэвлэлийн хурал хийнэ гэснээс хойш бага багаар өөрчлөлт орж, зөв шийдвэр гаргаж байгаад талархаж байна. Хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг их байлаа. Шинэ уран бүтээл маань багагүй хэмжээний мөнгөөр бүтсэн бөгөөд нийтдээ 52 хоног Тайланд, Солонгос, Монголд зураг авалтыг хийсэн. Ерөнхийдөө тэрбум гаруй төгрөгийн зардлаар бүтсэн.
Жүжигчин Э.Алдар: Бидний шинэ уран бүтээлийн нээлт есдүгээр сарын 9-нд болох гэж байна. Нээлтэнд урлагийн төлөөлөл болон ивээн тэтгэгч байгууллагуудын маань төлөөлөл оролцох болно. Казахстаны кино багийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ техниктэйгээ ирж, хамтран ажилласан. Бид тун удахгүй маш том түүхэн төсөл дээр ажиллах гэж байна. Цар тахалтай холбоотойгоор хойшилсон. Нэг эхэлбэл зогсч болохгүй учраас судалгаа, олон улсын гэрээ, жүжигчдийн бэлтгэл бэлэн. Одоо хил гаалийн асуудал л тулгараад байна.

Найруулагч, Жүжигчин Б.Тамир: Нийгэмд тулгамдсан чухал, хүнд асуудлыг хөндсөн уг кино үзэгчдэдээ хүргэхэд бэлэн боллоо. Асуудлыг гаргаж ирдэг кино төсөл үргэлжилнэ. Бид нийт таван том төсөл бэлдсэн. Үүнийгээ олон нийтэд хүргээд явж байна. Зарим нэг хүнээс дарамтын шинжтэй шахалт утасны дугаарт хэд хэдэн удаа мессэжээр ирсэн. Үүнийгээ зогсооно гэж найдаж байна. Асуудал хүндэрвэл бид нийтэд дэлгэх, дараа дараагийн арга хэмжээ авах болно гэдгийг энэ үеэр хэллээ.

Leave a Reply

%d bloggers like this: