Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонг ажлаас нь чөлөөлөв
Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонг ажлаас нь чөлөөлөх болсон талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээллээ.
Тэрбээр, БШУ-ы сайд Л.Энх-Амгалан Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонг ажлаас нь чөлөөлөх тушаал гарсан байна. Түүнийг Үндсэн хуулийг зөрчсөн, ялгаварлан гадуурхсан гэдэг үндэслэлээр чөлөөлөхөөр болжээ. Уг тушаалыг НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд өглөө. Ж.Батбаясгалан нь Монгол-Оросын хамтарсан III сургуулийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн дарга юм байна.
Тиймээс Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Ж.Соронзон захирлыг чөлөөлөх тушаал гаргасан.
Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзон “Би С.Будрагчаа шиг сэтгүүлчийн үгээр ажлаа өгөхгүй, миний ажлыг авах эсэхийг сургуулийн Удирдах зөвлөл шийднэ. Мөн ОХУ-тай зөвлөлдөх ёстой” хэмээх байр суурийг өчигдөр илэрхийлсэн юм.
Энэ нь өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр Монгол Улсын Засгийн газрын барьж байгаа бодлогын эсрэг мэдээлэл хийсэн. Монгол Улсын Үндсэн хуулиар хэнийг ч гарал үүсэл, яс үндэс зэргээр ялгаварлан гадуурхахыг хориглосон байдаг. Төрийн албан хаагч нар өндөр ёс зүйтэй ажиллах учиртай юм. Ялангуяа гарал үүсэл, яс үндсээрээ ялгаварлан гадуурхагдах ёсгүй. Гэтэл Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонгийн гаргаж байгаа авир Үндсэн хуулийн үзэл санаатай харшилдаж байна.
Өөрөөр хэлбэл, Ж.Соронзон захирал гарал үүсэл, яс үндсээр нь ялгаварлан гадуурхах үйлдэл гаргасан учраас түүнийг чөлөөлж байна” гэлээ.