Б.Чойжилсүрэн: Цахилгаан дутагдалтай үед ОХУ импортын эрчим хүчээр найдвартай хангахаар тохиролцлоо
ОХУ-ын Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн VII чуулганд Ерөнхий сайдын хамт Засгийн газрын гишүүд оролцож байна. Энэ үеэр Эрчим хүчний салбарт хамтран ажиллах талаар яригдсан асуудлын талаар салбарын сайд мэдээлэл өглөө.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Эрчим хүчний салбарын тухайд ОХУ-тай хэд хэдэн төслийг эхлүүлэх талаар ярилцлаа.
Нэгдүгээрт ДЦС-3-ын хүчин чадлыг 300МВт-аар нэмэгдүүлэн өргөтгөх ажилд ОХУ-ын Интер РАО компани оролцох хүсэлтээ илэрхийлсэн. ТЭЗҮ-ийг хийж дуусгасан. Энэ талаар ОХУ-ын эрчим хүчний сайдтай уулзаж, урьдчилсан хэлэлцүүлгүүдийг хийлээ. Үүний дараа хоёр улсын Сангийн яам хооронд санхүүжилтийн хэлэлцээрүүд хийгдэнэ.
Хоёрдугаарт Эгийн голын усан цахилгаан станцыг ОХУ-ын талын зарим эх сурвалж сонирхож эхэлсэн. Өмнө нь эсэргүүцээд хөдөлгөдөггүй байсан бол энэ удаа төслийг хэрэгжүүлэхээр болж байна.
Гуравдугаарт ОХУ-аас өндөр хүчдэлийн шугамаар энэ жил 340 орчим МВт цахилгаан эрчим хүч авах шаардлага үүсэж буй. Цахилгаан эрчим хүч дутагдалтай үед импортын цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахаар ярьж тохиролцлоо” гэв.
Шатахууны импортын тухайд ОХУ-аас АИ-92 авто бензинийг 2027 он хүртэл тогтвортой үнээр буюу 830 ам.доллароор, дизель түлшийг 10 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авахаар болжээ.