Ж.Ганбаатар: УУХҮЯ дөрвөн бодлогыг нэн тэргүүнд тавьж ажиллана
Нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын “Coal Mongolia-2022” чуулга уулзалт, үзэсгэлэн “Сэргэлтийг хамтдаа” уриан дор Шангри-Ла зочид буудалд болж байна.
Энэхүү арга хэмжээг нээж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар үг хэллээ. Засгийн газраас геологи уул уурхайн салбарт тулгуурлаж эдийн засгаа сэргээх, тэлэх бодлогыг хэрэгжүүлсэний үр дүнд өнөөдөр нүүрсний салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний 20 гаруй хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 70 хувь, экспортын орлогын 94 хувь, улсын төсвийн орлогын 30 орчим хувийг тус тус бүрдүүлэгч эдийн засгийн гол тулгуур, суурь салбар нь болсон байна. Орчин цагийн Монгол улсын уул уурхайн салбарын түүх нуурсний салбараас эхлэлтэй. 1922 оны Налайхын нүүрсний уурхайгаас уул уурхайн салбарын хөгжлийн эх суурь тавигдсаан. Түүхт 100 жилийн хугацаанд Налайхын уурхай, Шарын голын уурхай, Тавантолгойн уурхай, Адуунчулууны уурхай, Багануурын уурхай, Шивээ-Овоогийн уурхай тэргүүтэй нүүрсний 50 гаруй уурхай нээгдэж, улс орны эрчим хүч, дулааны хангамжийг тасралтгүй найдвартай хангасаар ирсэний зэрэгцээ уурхай дагасан нийгэм, эдийн томоохон бүтээн байгуулалт бий цохон тэмдэглэх нь зүйтэй.
Засгийн газраас нүүрсний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор тээврийн өртөг зардлыг бууруулах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслүүдийг дурдаж болно.
Мөн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилтын хүрээнд Тавантолгойн нүүрс баяжуулах үйлдвэрийг барих ажлыг эхлүүлээд байна. Засгийн газраас Эрдэнэс Монгол ХК-ийн талаар холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хүрээнд тус компанийн бүтцэд Зэс, металлын групп, Нүүрс, эрчим хүчний группийг байгуулахаар болсон. Нүүрс, эрчим хүчний группийн бүрэлдэхүүнд “Эрдэнэс Тавантолгой”, “Багануур”, “Шивээ Овоо” зэрэг төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоот компаниуд багтаж байна.
Цаашид нүүрс, эрчим хүчний группийн хэмжээнд бизнес төлөвлөгөөг боловсруулан стратегийн ач холбогдол бүхий орд, томоохон орд газруудын үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам баримтлан ажиллах болно.

Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас хайгуул-олборлолт- боловсруулалт- борлуулалт-хуваарилалтын хэрэгжүүлэх зорилт тавин ажлуудыг гүйцэтгэж байна. Энэ зорилтын хүрээнд Ашигт малтмалын тухай хууль, Хүнд үйлдвэрийн тухай хууль, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. Эдгээр хуулийн төслүүд батлагдсанаар улс, орон нутгийн төсвийн орлого нэмэгдэж, үндэсний баялгийн санг байгуулж, эдийн засгийн үр ашигтай бусад салбарын төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлж, эрдэс баялгийн салбараас ард иргэдэд тэгш хуваарилах боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Би сүүлийн дөрвөн жил Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж, аж ахуйн чиглэлийн гол яамдыг бодлогоор хангаж ажилласны хувьд нүүрсний салбарын зовлон, жаргал бүхнийг маш сайн мэднэ. УИХ-ын сайдын хувиар салбарын асуудлыг хууль тогтоох байгууллагад танилцуулж, ойлгуулж, шийдвэрлүүлэх, шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэхэд илүү далайцтай, хурдтай ажиллана гэдэг хүлээлт салбарынханд маань байгаа гэдгийг би ойлгож, түүний төлөө зорьж ажиллах болно.
УУХҮЯ-аас дөрвөн бодлогыг нэн тэргүүнд тавьж ажиллах болно. Тухайлбал, хариуцлагатай уул уурхайг тууштай дэмжинэ. Зөвшөөрөл өгсөн бол энэ миний асуудал биш гэж буруу харахгүй. Дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаална. Салбарын үйл ажиллагааг хааж, боож доголдуулсан асуудлыг гаргахгүйн төлөө салбарын сайдын хувьд бүхий л бололцоогоо дайчлан ажиллана. Мөн хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжих, өрсөлдөөний чадварыг дээшлүүлэх асуудал бидний өмнө тулгарч байгаа. Мэдээлэлд ойр байдлаараа давуу байж болохгүй. Төр бодлого гаргаж, бусдаар ажил хийлгэх чадварыг дээшлүүлэх ёстой гэж үзэж байна. Түүнээс төр хувийн хэвшил рүүгээ хутгалдаж, өрсөлддөг байж болохгүй. Салбар хоорондын уялдааг нэмэгдүүлж, хариуцлагатай уул уурхайг шинэ түвшинд гаргахын төлөө ажиллана” гэлээ.
Нүүрс манай улсын экспортын орлогын гуравны нэгээс илүү хувь, эрчим хүчний анхдагч эх үүсвэрийн 90 гаруй хувийг бүрдүүлж байна.
“2017 онд 36.6 сая тонн нүүрс олборлосон бол 2019 онд 57.1 сая тонн нүүрс олборлосон нь түүхэн дээд амжилт” гэж зохион байгуулагчид хэллээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-д ажлын айлчлал хийж байгаа учраас чуулганд оролцогчдод мэндчилгээ дэвшүүлсэн илтгээлтэд “Нүүрсний эрэлт эрчимтэй нэмэгдэж байгаа энэ үед зөв удирдлагатай хамтран ажиллах шаардлагатай байна. Хил, гаальтай холбоотой олон сөрөг хүчин зүйл байгаа ч уул уурхайн салбарт чамгүй ажил амжуулсныг дурджээ. Тодруулбал, Гашуунсухайтын боомтыг богино хугацаанд ашиглалтад оруулах гэж байна. Удахгүй Шивээхүрэнгийн боомтын ажил дуусна. Мөн Бичигтийн боомтыг ашиглалтад оруулснаар жилд 25 сая тонн ашигт малтмал экспортлох боломж бий болно. Ингэснээр одоо байгаа гурван боомт тав болж, экспорт хоёр дахин нэмэгдэх юм. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд энэ салбарт нүүрс гүн боловсруулах үйлдвэр ашиглалтад оруулна” хэмээжээ.
ЭКСПЕРТИЙН ҮГ
Монголын Уул уурхайн ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа: 1994 онд баталсан хуулийг 44 удаа өөрчилсөн нь таатай үзүүлэлт биш
-“Ашигт малтмалын тухай хууль” нь манай салбарын малгай хууль. Гэвч энэ хуулинд ойр ойрхон өөрчлөлт ордог. 1994 онд баталсан хуулийг 44 удаа өөрчилсөн нь таатай үзүүлэлт биш. Эрдэс баялгийн нийт 92 хууль бий. Аж ахуйн нэгжид хамааралтай нь 22 байна. Эрүүл мэнд, хөдөлмөрийн харилцааг зохицуулсан, санхүүгийн гэх мэт олон хуулийн дор бид үйл ажиллагаа явуулдаг. Мөн 6555 стандартын 1200 нь манай салбарынх юм. Монгол Улс нийт 28 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт татжээ. Сүүлийн жилүүдэд хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо буурч ашигт малтмалынх өссөн. 2020 оны байдлаар 1696 ашиглалтын тусгай зөвшөөрөл байна. Татварын орчны тухайд ААНОАТ, НӨАТ, АМНАТ, газрын төлбөр, агаарын бохирдлын төлбөрийг төлдөг. Зөвшөөрөл авсан байгууллага бүр шууд олборлолт эхлүүлдэггүй. Хөрөнгө оруулалт татах, судалгаа хийх шатанд олон байгууллага байна.
Монгол нүүрс ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргал: Сул зогсохоор санхүүгийн зардлаа дийлдэггүй онцлогтой салбар юм.
-Нүүрс бол Монголын эдийн засаг, аж үйлдвэр, эрчим хүч мөн. Бид нүүрс “идэж” амьдардаг. Хар алт болох нүүрсийг олборлон баялаг болгодог мэргэжилтнүүд энд цуглажээ. Бид хаана хүрсэн, цаашид яах вэ гэдгээ нээлттэй ярилцдаг талбар нь “Coal Mongolia” чуулган юм. Цар тахлын үед нийтээрээ нүүрс хэрэгтэй юм байна гэдгийг хүлээн зөвшөөрдөг болсон нь сайн хэрэг. Нүүрсийг гарган авахын тулд олон сая метр куб уулын ажил хийдэг. Үүнийг дагаад томоохон дэд бүтэц шаарддаг. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалт хийсэн бол гараад явж болдоггүй. Сул зогсохоор санхүүгийн зардлаа дийлдэггүй онцлогтой салбар юм. Компаниуд богино хугацаанд өндөр ашиг олохоос илүүтэйгээр олон нийттэй зөвшилцөн урт хугацаанд хамтран ажиллах хүсэлтэй байдаг. Бид нүүрсээ экспортлоод ердөө 20 жил болж байна. 2008 оны санхүүгийн хямралын дараа Монгол Улс коксжих нүүрсний томоохон тоглогч болсон. Үүний дараа буюу 2012 оноос энэ чуулганыг зохион байгуулах болсон юм.
Төсвийн тодотголоор энэ онд 18 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөө гарснаас одоогийн байдлаар 73 хувийн гүйцэтгэлтэй буюу 13.2 сая тонныг өнгөрсөн сарын 22-ны байдлаар экспортлосон. Сүүлийн гурван сард “Боомтын сэргэлт” бодлогын хэрэгжилтээр нүүрсний экспорт сэргэж буйг мэргэжилтнүүд хэлдэг. Энэ хэвээрээ үргэлжилбэл дээрх төлөвлөгөөг биелүүлэх бүрэн боломжтой юм.