​Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-Зайсан-Дугуй цагаан чиглэлд дүүжин тээвэр барих санал хүргүүлжээ

Францын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлээр Улаанбаатар хотын хоёр чиглэлд дүүжин тээвэр барихаар болсон. Харин чиглэлийн асуудал дээр талууд бүрэн тохиролцож чадаагүй, бүтээн байгуулалтын ажил хүлээгдэж байна.

2020 оны наймдугаар сард Франц, Монголын талаас гэрээ зурахдаа дүүжин тээврийн эхний чиглэлийг тодорхой зааж, хоёр дахь чиглэлийг нээлттэй орхисон юм билээ. Баянхошуу-Ханын материал-Гэмтлийн эмнэлэг чиглэлд баригдахаар тохирсон чиглэлийн хувьд ТЭЗҮ хийх явцад хүндрэлтэй зүйлс гарч ирсэн. Уг чиглэлд маш олон гэр хорооллын дээгүүр явахын дээр барилга угсралт, газар чөлөөлөлтөд төвөгшил их гарч, иргэдийн зорчилт тааруу байхаар судалгаа гарсан. Тиймээс Улаанбаатар хотын зүгээс нэгдүгээр чиглэлийг хотын зүүн чиглэлд барья гэсэн санал гаргажээ. Үндсэн хоёр хувилбар санал болгоод байна.

Нэгдүгээрт Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-Зайсан-Дугуй цагаан чиглэлд 6.9 км, хоёрдугаарт Сэлбэ гол дагаж Долоон буудлаас  төв рүү орж ирсэн чиглэлд дүүжин тээвэр нэвтрүүлэх саналыг Францын талд өгсөн. Одоогоор Францын талаас хараахан хариу өгөөгүй, санал нэгдээгүй байгааг Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн захирал Ч.Батзориг мэдээлсэн.

Нээлттэй орхисон 22.5 сая еврогийн өртөг бүхий хоёр дахь чиглэлийн хувьд ТЭЗҮ-г боловсруулаад дуусаж байгаа бөгөөд  2023 оны хавраас барилга угсралт хийгээд 2024 онд ашиглалтад оруулах юм байна.

Дүүжин тээвэр барих Францын “Пома” компанийн хувьд дэлхийн 16 оронд 88 төсөл хэрэгжүүлсэн туршлагатай компани. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарттай, тухайн орны далайн түвшний даралт, салхины хүч, зорчигчдын тооноос хамааран ТЭЗҮ боловсруулдаг аж. Манай орны хувьд 2.8 минут тутамд нэг кабин байршуулж, цагт 1500-2000 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай дүүжин тээвэр барьж байгуулахаар ТЭЗҮ-д тусгажээ.

Чиглэлийг өөрчлөх тал дээр Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Себастиан Сүрүн өнгөрсөн хоёрдугаар сард байр сууриа илэрхийлж байсан юм. Тэрээр “Дүүжин тээвэр бол хотын төвөөс алслагдсан, гэр хорооллын иргэд замын түгжрэлд цаг алдахгүй байх цоо шинэ шийдэл юм. Уг төслийг УИХ, Засгийн газар, Улаанбаатар хотын удирдлагын түвшинд баталчихсан боловч одоо чиглэлийг нь дахин ярилцах хэрэгтэй гэж бидэнд мэдэгдсэн. Талууд бүгдээрээ аль хэдийн хүч хөдөлмөр зарцуулаад хийчихсэн ажлыг дахиад ярилцана гэхээр цаг үрнэ. 2024 он гэхэд эхний шугамынх нь нээлтэд Элчин сайдын хувиар оролцоно гэж итгэж байна” гэж байлаа.

 

 

 

Leave a Reply

%d bloggers like this: